| |
Донойн хөндийн домог
Завхан аймгийн Алдархаан. Яруу сумын нутагт Донойн хөндий хэмээх уудам хөндий бий. Энд урьд цагт долоон түмэн адуутай Доной баян гэгч нутаглаж байсан тул ийн нэрлэжээ. Донойн хөндийг адуу нь дүүрч байвал долоон түмэн адуугаа бүрэн гэж, эс дүүргэвэл дутуу гэж мэддэг байсан гэнэ. Энд нэг том уул бий бөгөөд түүнийг Доной баяны уул гэдэг ажээ. Тэр уулын орой дээр нэг чулуун шон байдэг нь Доной баяны морины уяа юм гэнэ. Мөн тэнд нэг том гэгч дугуй шороон тойрог байдаг нь Донойн гэрийн буурь гэнэ.
Намар оройн цагт Доной баяных Завхан голын захад гүүгээ барьдаг байжээ. Угсраа хоёр зэлтэй байсан бөгөөд үүний гадас нь гэж нэрлэдэг гурван том босоо чулуу бий. Үүнийг нутгийнхан Доной баяны гүүний зэл гэж нэрлэдэг. Доной баяны адуу өвлийн цагт Борх баян булаг гэдэг шазрын хавиар өвөлждөг байв. Адуу нь нэгэн зудтай жил газрын үндэс малтан идсээр хэсэг газрыг цулгуй элс болгосон гэдэг. Борх баян булгийн хавьд буй хэсэг элс ингэж үүссэн бөгөөд иймд түүнийг Доной баяны адууны элс гэж нэрлэдэг ажээ.
Доной баяны хоньчин нэг өвгөн байжээ. Нэгэн өдөр тэр өвгөн Цахир булан хэмээх газар хонио хариулаад явж байтал нэгэн бүргэд хурга шүүрээд Цахир булан уулын орой дээр аваачаад идэж гэнэ. Тэгэхээр нь өвгөн нум сумаа аваад бүргэдийг харвасанд сум нь хад онож элс болгожээ. Иймд зурвас халзан элстэй болсон тул Халзан Цахир гэж тэр уулыг нэрлэжээ. Мөн нэг удаа нөгөө хоньчин өвгөн Борхын цагаан дэрс хэмээх газар хонио хужирлаад явж байтал бас нэгэн бүргэд хурга шүүрэн аваад нэг уулын орой дээр аваачаад идэж байхад нь өвгөн нум сумаа авч харваж гзнэ. Тэгсэн тэр уулын орой халзан болж, Халзан Бүргэтий хэмээн тэр уулыг нэрлах болсон гэдэг.
Алдархаан сумын нутагт Борх чулуу нэртэй өнчин цохио бий. Доной баян энэ чулууг хонио буцаах гэж цаагуур нь шидсэн юм гэлцэнэ. Доной баяны уулын өвөрт Их тоглоот, Бага тоглоот гэдэг хоёр жижиг толгод бий. Доной баян хоёр охинтой байсан бөгөөд Их тоглоотын орой дээр их охин нь, Бага тоглоотьш орой дээр бага охин нь тоглодог байсан учраас тэгж нэрлэжээ. Анх тэр толгодыг Донойн охид чулуу эрж тоглонгоо бий болгожээ. Хоёр охин нь өдрийн нэг нэг байдсан гүү иддэг байж гэнэ. Иймд нэгэн өдөр Доной баян охиндоо:
— Адуу олон уу, өдөр олон уу? Миний охид хэд наслах билээ? Идэхээ жаахан багасга гэсэнд охид нь эцэгтээ гомдон алга болж олдохоо больжээ. Охидоо сураглаж байтал их охины нь гарын бугуйвч олдсон газрыг Их зэс, бага охины нь бугуйвч олдсон газрыг Бага зэс гэж тус тус нэрлэжээ. Гэтэл хоёр охид нь Завхан голд ороод үхчихсэн боловч хүүр нь олдохгүй байв. Эцэг нь гашуудан тэднийхээ хүүрийг эрж Завхан голыг өгсөж уруудан яваад олсонгүй. Доной баян долоон түмэн адуугаа долоо хоног услалгүй сойж байгаад нэгэн өдөр Завхан голоос услахад Завхан голын урсгал тасарч охидын нь яс олджээ. Их охиныхоо яс олдсон газрыг Их жаргалант, бага охиныхоо яс олдсон газрыг Бага жаргалант гэж нэрлэжээ. Доошоо уруудаж яваад толийг нь олсон газрыг Хялман толимон гэж нэрлэжээ. Охидоо алдсан Доной баян харамсаж долоон түмэн адуугаа «хулжсан нь хулан бол, тарсан нь тахь бол» гээд тараачихсан юм гэдэг.