| |
Видео
Шинэ мэдээ
Хотгойдын хонгор халзан морины домог
«Хотгойдын унага нь
Хонгор халзан зүстэй дээ
Хорин тавны наадамдаа
Хоохон цолыг дуудуулжээ…» гэсэн энэ дууг та бүхэн олон удаа сонсож байсан бизээ.
Хотгойд нутагт нэгэн ядуу эр их хурдан Хонгор халзан морьтой байжээ. Тэр морийг нь ноёд, хаад өөрийн болгон авч, нэр дээрээ уралдуулж, алдар хүндийг олох гэж хичнээн оролдовч хараахан чаддаггүй байж. Нэг удаа нутгийн ноён ядуу эрийн морийг булааж аваачаад, зориуд хүн томилон мануулжээ. Морь болон түүнийг манаж байгаа хүнийг үүрээр түр цурам хийх зуур ядуу эр ногт барин хөл нүцгэн гэтэж ирээд, мориныхоо чихэнд:
«…Ноёд ноёдын үүдэнд
Ногттойгоо дүүхэлзэнэ
Ногтлоод ирсэн хүүдээ
Нойрон дундаа үүрсэнэ…» гэж дуулаад дагуулаад харьдаг байжээ.
Тэгэхээр нь нутаг ойрхон болохоор буцаж гүйгээд байна гээд хаанд хурдан морь бэлэглэж нүүр тал олохыг горилон, ядуу эрээс Хонгор халзан морийг дахин булаан авч харь газар, хааны сүрэгт хүргүүлжээ. Ядуу эр тэр хол газар явж очиж чадахгүйн эрхээр мөн л адуу хүн хоёр нойр хичнээн даавч үл тэвчин дуг хийх үүрийн харанхуйгаар хазаар барин хотныхоо овоон дээр гарч:
«…Хаад хаадын үүдэнд
Хазаартайгаа дүүхэлзэнэ
Хазаарлаад ирсэн хүүгээ
Харан харан баясана аа…» гэж дуулахад Хонгор халзан морь нь хоногтоо гүйгээд ирдэг байжээ.
Үүнээс хойш тэр ядуу эр хурдан сайхан хүлгээрээ жил болгоны наадамд түрүү магнай авч, нутгийн олны дунд нэр хүндтэй нэгэн болжээ. Хонгор халзан морийг хорин таван насандаа хошуу наадамд түрүүлэхэд нь атаархсан нутгийн ноён энэ яавч эгэл амьтан биш, язгууртан хүнд л байваас зохих хүлэг хэмээн бодож, тэр морийг эзнээс нь хүчээр булаан авч, хааны газар дахин хүргүүлэхээр хэсэг эрчүүдэд хөтлүүлэн явуулах болжээ. Энэ үед эзэн нь одоо ч эрдэнэт сайхан хүлэг минь эргээд надад ирэхгүй байхаа даа хэмээн харамсаж, мориныхоо сүүлнээс нэгэн туг үс сугалан авч, чагтгандаа зүүгээд:
-Миний энэ буянт хүлэг надад л хурдална. Харь газар хүргэгдэж, хаан эзэнд очсон ч эс хурдална. Ингээд Өвгөн Хонгор буяныг минь элдвээр бүү хараагаасай, агдалж битгий зовоогоосой, аяар аяар гуядаасай, муулж бүү хэлээсэй, мөрөөр нь мөнх насжуулаасай хэмээн ханцуй дотроо залбирч:
«…Алтан алтан амгайгий нь
Амы нь дагуулж татаарай
Алтан сайхан зоогий нь
Аяар аяар гуядаарай
Мөнгөн мөнгөн зуузайгий нь
Мөрий тааруулж татаарай
Мөлгөр сайхан зоогий нь
Зөөлөн зөөлөн гуядаарай» гэж дуулсан гэдэг.
«Хотгойдын унага» дуу өндөрлөж байгаа энэ хоёр бадаг бол уг дууны тайлал бөлгөө. Нэг үгээр хэлэхэд, хаад ноёдын өмнө хүч мөхөсдсөний эрхээр эзэн хүн эрдэнэт сайхан хүлэг морио өөрийн гар дор байлгаж, олон олон наадамд удаа дараалан түрүүлж, магнайг нь тэнийлгэж явсан тэр их ач буяныг хариулж чадахгүй болсон бухимдал цухлаа тайлж, Хонгор халзан морио хол газар очоод хүний гарт их зоволгүй, насны эрхээр жаргаасай гэж ерөөсөн тайлал бадгууд юм. Эзний энэ ерөөл эрдэнэт хүлэгт нь шингэж, харь газрын хааны нэр дээр хурдалж, түүний цөсийг хөөргөлгүй, эх нутгийнхаа уулын тахилганд толгойгоо өргөсөн гэдэг.