| |
Видео
Шинэ мэдээ
Тэнгэр газрын хаан оюун ухаанд мөргөмүй
Орчин үед эрдэмтэд соёл иргэншлийг анчин-цуглуулагчийн, хөдөө аж ахуйн,
аж үйлдвэрлэлийн, мэдээлэл оюуны хөдөлмөрийн, мэргэн ухааны гэж ангилах
болсон бөгөөд мэдээлэл оюуны хөдөлмөрийн эрин эрчтэй хөгжиж мэргэн
ухааны гэгдэх эрин рүү шилжиж эхэлж байна.Аль ч үед хөдөлмөрийн
бүтээмжээс бүх зүйл хамаарч байсан бөгөөд одоо ч хамаарч байна. Аливаа
байгууллагын тэр тусмаа улс орны хөгжил, оршин тогтнохуйн үндэс нь
мэдээж хөдөлмөрийн бүтээмж.
Ер нь 19-р зууны эцэс, 20-р зууны эхээр мал аж ахуй, газар тариалан
төрөлжиж фермерийн аж ахуй үүсч хөгжсөнөөр хөдөлмөрийн бүтээмж эрс
нэмэгдсэн билээ. Харамсалтай нь энэ үйл явц зарим талаараа одоо л дөнгөж
манай оронд эхэлж байна гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх. Харин
хорьдугаар зуунд аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж фермерийн аж ахуйгаас
тавь дахин илүү хөдөлмөрийн бүтээмжтэй болсноор фермерийн аж ахуйн тоо
цөөрч үйлдвэржсэн фермерийн аж ахуй байгуулсан нь тэсч үлдэж байна.
Тиймээ, өнгөрсөн зууны хосгүй ололт бол аж үйлдвэрийн ажилтны
хөдөлмөрийн бүтээмж хөдөө аж ахуйнхнаас тавь дахин өссөн амжилт юм.
Тэмдэглүүштэй нь манай оронд нэлээд хожимдсон ч гэсэн сүүлийн үед аж
үйлдвэржилтийн тухай эрчимтэй ярьж Аж үйлдвэрийн яам байгуулсан нь бага ч
гэлээ ололт юм. Мэдээллийн болон оюуны ажилтны өнөөгийн эрин үеийн
хөдөлмөрийн бүтээмж аж үйлдвэрлэлийнхээс тавь, зуу, бүр хэдэн мянга
дахин өсч байгааг бизнесийн удирдагчид төдийгүй улс орны удирдагчид ч
анхаарах цаг аль хэдийнээ болоод байна.
Хорин нэгдүгээр зуунд улсын ч бай, байгууллагын ч бай удирдагчдын
хамгийн гол менежмент бол оюуны хөдөлмөрийн болон оюуны хөдөлмөрийн
ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх явдал юм. Өнгөрсөн XX зууны
компанийн үнэт актив бол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи байсан
билээ. Харин өнөө үеийн хамгийн үнэт актив нь бизнест ч бусад салбарт ч
оюуны ажилтнууд болон тэдний хөдөлмөрийн бүтээмж байх боллоо.
Аппле, Самсунг зэрэг компанийн үйлдвэрлэл, борлуулалт, ашгийн хэмжээ
гэхэд дэлхийн нэлээд томоохонд тооцогддог улсынхаас ч хавьгүй илүү
болоод байгаа нь үүнийг бэлхнээ нотолно.Аливаа ажилд хүн чухал гэдгийг
бид бүгдээрээ мэднэ. Харин хамгийн чухал нь гэдгийг тэр бүрий удирдагчид
ойлгохгүй байх шиг. Ялангуяа оюуны хөдөлмөрийн ажилтнууд бол улс орны ч компанийн ч хамгийн чухал эрдэнэ юм.
Чадварлаг, мэргэшсэн, бүтээлч, чанартай оюуны хөдөлмөр маш их үнэтэй
болохоор үүнийг хөгжүүлэх нь байгууллагуудад цоо шинэ бүтээгдэхүүн,
үйлчилгээ, шинэ үнэ цэн бүтээхэд ер бусын бололцоог олгодог билээ.
Бүтээлч оюуны хөдөлмөр байгууллагын бүх орлого, хөрөнгө оруулалтын
өгөөж, хөдөлмөрийн бүтээмжийг олон дахин нэмэгдүүлж байна. Оюуны
хөдөлмөрийн ажилтнууд байгууллагын бүх үйл ажиллагааг хооронд нь хамгийн
бүтээлчээр холбож өгдөг. Тэд байгууллагын зорилгыг илүү үр
бүтээлтэйгээр бүтээлчээр биелүүлэхэд тусалдаг юм.
Бид оюуны хөдөлмөрийн эриний үед амьдарч байгаа хэдий ч
байгууллагуудынхаа ажил төрлийг аж үйлдвэрлэлийн эриний хяналтын
хоцрогдсон загвараар явуулж байна.Өнөөдөр ажлын байран дээр давамгайлж
байгаа удирдлагын арга барил шинэ цаг үетэйгээ тохирохгүй байна.
"Бидэнд тохиолддог чухал асуудлуудыг тэдний үүсч байх үеийнх нь
сэтгэхүйн түвшинд шийдэж үл болно" гэж Эйнштейний, бас "Амгалан тайван
үеийн ягшмал номлолууд эрс хурдан өнөө үеийн шаардлагыг хангахгүй” гэж
Авраам Линкольны хэлснийг ч бид санаж явах ёстой юм. Ажилтнуудынхаа
биеийн ч, оюун бодлын ч, нийгэм сэтгэл хөдлөлийн ч, бэлгийн ч хэрэгцээг
бид ойлгож дэмжин далд байсан дур сонирхол, бүтээлч чадавхи, урам зориг,
авьяас билэг, идэвх санаачлагыг нь илрэн гарах, оргилоход туслах нь
чухал юм.
Бидний зорилго тийм болохоор оюуны хөдөлмөрийн гол зэвсэг болсон мэдлэг
боловсролыг ажилтнууддаа илүү олгох, бүтээлчээр сэтгэх дадал заншлыг
олгоход туслах юм. Саяхан манай байгууллагад ажилд орсон нэгэн "Би ажилд
орлоо гэсэн сургуульд орчих шиг боллоо" гэж хошигнон ярихыг сонсоход
таатай байж билээ. Тиймээ манай байгууллага ажилтнуудаа бүхий л талаар
хөгжүүлэх, тэднийхээ мэдлэг боловсрол чадварыг дээшлүүлэхэд онцгой
анхаарал хандуулдаг.
Сүүлийн жилүүдэд Орос, Хятад, Солонгос, Япон, Австрали зэрэг олон оронд
манай Моносын залуучууд суралцаж докторын болон магистрын зэрэг
хамгаалж ирээд компанидаа ажиллаж байна. Одоо ч олон залуус суралцаж
байна. Одоо манай компанид 3 академич, 30 гаруй эрдэмтэн, төрийн
шагналтан 2, Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын шилдэг зохион бүтээгч 1,
Монгол Улсын шилдэг зохион бүтээгч 5 ажиллаж байна. Бид суръя гэсэн
залуустаа хөрөнгө мөнгө хайрладаггүй, төгсч ирээд компанидаа үр
бүтээлтэй ажиллахыг л шаарддаг.
Манай байгууллага дээр байнга л ямар нэг сургалт зохион байгуулагдаж
байдаг. Монголдоо болон гадаадад болж буй сургалтанд хүмүүсээ аль болох
их хамруулахыг хичээдэг.Манай байгууллагын дэргэдэх "Маргаашийн
манлайлагчид”, "Эм зүйч” зэрэг залуучуудын сайн дурын байгууллагууд мөн л
гишүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж бид ч
боломжоороо туслахыг хичээсээр ирлээ.
Тийм ээ, 21-р зуун оюуны , оюун санааны, оюуны хөдөлмөрийн зуун. Энэ
бол монголчууд бидэнд маш том боломж. Бидэнд өрсөлдөх чадвар бий. Ричард
Лүнн, Тату Ванханен нарын олонд алдаршсан судалгаагаар монголчууд бид
оюуны чадавхаараа дэлхийн 200 шахам орноос 21-д орсон байдаг. Энэ бол
бидний давуу талыг илтгээд байна.
Зөвхөн энэ онд ойг нь тэмдэглэж буй хоёр агуу хүнээ санахад л
хангалттай. Микеланжело, Леонардо Да Винчигээс ил үү гэдэггүй юм аа
гэхэд дутахгүй агуу уран бүтээлч өндөр гэгээн Занабазар, орчин үеийн
даяаршлын суурийг тавьсан агуу их хаан Хубилай.
"Оюун ухаан бол хөгжлийг тэтгэх мөнхийн хөдөлгүүр юм” гэж манай улсын
анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай хэлсэн байдаг бол "Монгол орон оюун
ухааныг шүтэж сэргэн мандана” гэж манай улсын 17 дахь ерөнхий сайд
Д.Бямбасүрэн гуайн хэлснийг санацгаая.
Оюуны хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлж, оюуны өндөр чадавхтай
монголчуудаа бүх талаар хөгжүүлж, мэдлэг боловсролыг дээшлүүлж,
чадваржуулж, бүтээлч чадавхи авьяас билгийг нь оргилон гарах нөхцлийг
бүрдүүлж Монгол орноо хөгжүүлцгээе.
Агуу их сэтгэгч Сократын хэлсэнчлэн тэнгэр газрын хаан оюун ухаанд мөргөмүй.
Төрийн шагналт, доктор, профессор
Л.Хүрэлбаатар