|
Видео

Шинэ мэдээ

Сайд шантаажлахыг "БААСАНХҮҮДЭХ" гэх вий

Сайд шантаажлахыг "БААСАНХҮҮДЭХ" гэх вий

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тодотгож хэлснээр Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж Их хуралд орж ирсэн хүн бол О.Баасанхүү.

Цагтаа МАХН-ын даргын өмгөөлөгч явсан түүнийг УИХ-д намын жагсаалтаар орж ирсэн учраас ийн нэрлэсэн хэрэг. Гэхдээ бодит байдал дээр Ц.Нямдорж, О.Баасанхүү хоёр ялгаагүй л жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүд. Нэр дэвшсэн намууд нь өөр болохоос сонгогдсон арга нь ижилхэн гэсэн үг. Харин ялгагдах онцлог нь гэвэл Ц.Нямдорж нь УИХ-ын гишүүний ажлаа хийж яваа ясны хуульч, О.Баасанхүү нь одоо ч "оймсондоо хавчуулагдсаар” л яваад байгаа нэгэн юм.

 

Парламентад сонгогдоод гурван жил болчихсон улстөрчийн хувьд асуудалд хандах өнцөг нь, ажил явуулах арга барил нь цэгцэрсэн байх учиртай. Харин О.Баасанхүү гишүүний хувьд байдгаараа л, яг л "оймсонд хавчуулагдсан” үеийнхээрээ өнгөрсөн гурван жилийг тууллаа. Монголын төрд байгуулсан гавьяа нь гавихгүй ч гай болсон нь харин их ажээ. Одоо ч тиймээрээ л байна.

 

Засгийн газрын орон гарсан зургаан сайдын томилгоог УИХ хийх нь тодорхой болчихсон, намууд нэр дэвшигчээ бүлгээрээ дэмжчихсэний дараахан гишүүн О.Баасанхүү УИХ-ын даргатай уулзжээ. Энэ бол өнгөрсөн даваа гараг буюу есдүгээр сарын 7-ны өдөр болсон үйл явдал. Тэрбээр эдийн засгийн хямралын үед арай хийж элэг бүтэн болж буй Засгийн газрыг дахин задлах, хамгийн чухал сайд нарын нэгийг нь огцруулах саналыг УИХ-ын даргад тавьсан байлаа. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга гэдэг гүйцэтгэх засаглалын гал тогоог хариуцаж яваа хүн. Бүх яамдын холбоос, Засгийн газрын хуралдааны бэлтгэл, шийдвэрийн хэрэгжилтийг хангадаг энэ албан тушаалтныг О.Баасанхүү гишүүн огцруулах ёстой гэж үзжээ.

 

С.Баярцогт сайдыг огцруулах хуулийн бодитой үндэслэл гэж юм түүнд байсангүй. Шалтгаан гэхээсээ илүү шалтаг л хайж дээ гэсэн өнгө аяс өргөн барьсан огцруулах саналаас нь харагдах юм. Хамгийн их чухалчилсан огцруулах үндэслэл нь өнөөх л оффшор дансны хэрэгтэй нь холбоотой гэх ёс зүйн хариуцлагын тухай байх аж. Энэ хэргийнхээ төлөө уучлал гуйчихсан, улмаар УИХ-ын дэд даргын ажлаа өгчихсөн, үүнийх нь дараа УИХ-аас ЗГХЭГ-ын даргаар томилчихсон байхад л О.Баасанхүү гишүүн бараг нэг жилийн дараа шалтаг болгон барьж авчээ. Үнэхээр л энэ хэрэгтэй нь холбогдуулж огцруулъя гэсэн бол бүхэл бүтэн есөн сар юу хүлээсэн байж таарах вэ. Учир нь, С.Баярцогтыг ЗГХЭГ-ын даргаар томилох УИХ-ын шийдвэр 2014 оны арванхоёрдугаар сарын 9-нд гарсан. Яг маргаашаас нь л огцруулах асуудал тавих боломж О.Баасанхүүд хангалттай байлаа шүү дээ.

 

Цаг хугаццаны хувьд засгийн газрын гишүүдийг томилох гэж буй, бас өөрөө сайдад нэр дэвшээд бүлэг дээрээ уначихсан үедээ энэ алхмыг хийсэн байх юм. Өөрөөр хэлбэл, О.Баасанхүүд ЗГХЭГ-ын дарга Шадав нь байна уу, Готов нь байна уу хамаагүй байсан юм биш үү. Зүгээр л өөрөө сайдад дэвшиж чадаагүйдээ гомдож Засгийн газраар оролдож байгаа нь энэ бололтой. Ер нь л О.Баасанхүү гишүүн их гомдомхой хүн л дээ. Ямар ч шалтгаан байсан юм бүү мэд, түрүүчийн Засгийн газрын үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд учиргүй гомдсон байдаг юм. Түүнийг огцруулах асуудлыг санаачилж, УИХ-ын даргад тогтоолын төслөө хүртэл өргөн барьсан нь парламентын төвшинд бүтэн нэг сар хэлэлцэгдсэн. Үүний эцэст УИХ-аар санал хураалт явуулах болтол өнөөх О.Баасанхүү гишүүн тогтоолын төслөө эргүүлэн татсан нь 2014 оны дунд үеийн үйл явдал. Тэгж УИХ-ын бүтэн сарын ажлыг алдагдуулсан удаатай.

 

О.Баасанхүү шиг гомдохоороо сайд огцруулна гэдэг, сайндахаараа, эсвэл санасандаа хүрэхээрээ саналаа татаж авдаг энэ тогтолцоо бол У ИХ-ын тухай хуулийн алдаа, Үндсэн хуулийг гажуудуулсан үйлдэл ажээ. Үүнийг ч Цэц тогтоож, УИХ-ын дурын ганц гишүүн "шүд сугалах” маягаар буюу Засгийн газрын гишүүдийг нэг, нэгээр нь огцруулах төсөл санаачлах нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаад байна. Учир нь танхимын зарчмаар ажилладаг Засгийн газраас нэг сайдыг нь нэг гишүүн ажил бүтээсэнгүй гэж огцруулах санал гаргадаг, ажлаа бүтээлгэхээрээ саналаа татдаг жишиг Монголын парламентын түүхэнд өмнө ч байсан юм. 2004-2008 оны парламентын үед л гэхэд Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулах санал гаргасан Л.Гүндалай гишүүн яг зэрэгцэж суун утсаар ярьж байгаад л огцруулах саналаа татаж авч байсан удаатай. Цаана нь багагүй мөнгөний наймаа, улс төрийн муухай тохироо өрнөсөн гэдгийг одоо ч зарим улстөрч дурсдаг юм билээ. Тэр үед сайд шантаажлахыг "Гүндалайдах” гэдэг байсан шиг одоо "Баасанхүүдэх” гэдэг болох вий.

 

 

Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler