| |
Видео
Шинэ мэдээ
ИНЕГ-ын өндөр албан тушаалтан хуурамч дипломтой байжээ
Авлигатай тэмцэх газар иргэдийн мэдээллийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгийг шалгасан байна. Г.Батцэцэг нь уг албан тушаалд 2013 оны зургадугаар сард томилогдсоноос хойш хамаатан, танил талаа шууд удирдлагадаа авч ажиллуулсан, тэдэнд цалинг давхардуулж олгосон, мөн өөртөө болон дээрх хүмүүст жилийн эцсийн үр дүнгээр шагнал, цалинг илүү олгосон зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан нь илэрчээ. Мөн Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, түүнчлэн 1997 онд УБИС-ийг Урлал техникийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй бөгөөд хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж байсан нь шалгалтаар илэрчээ. Иймээс Г.Батцэцэгт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар АТГ-аас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлээд байна. Харин хуурамч диплом ашиглаж байсан асуудал нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.