| |
Цэцэрлэгийн эрхлэгч нарын татаас авлига мөн болохыг тогтоолоо
Нийслэлийн Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэнд холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийн дагуу шалгалт явуулахад Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус зөрчсөн байна. Тэрээр төрсөн охин С-ийг ажилд томилсон тушаал гаргасан боловч түүнийг 2014 оны 10, 11, 12 дугаар сард ажиллаагүй байхад нягтлан бодогч Ц нь нийт олговол зохих 1 620 959 төгрөгийг улсын төсвөөс гаргажээ. Түүнчлэн 2014 онд ажил хөдөлмөрөөрөө хошуучлан ажилласан нэр бүхий 5 хүнд шагналт цалин олгосон боловч өөрсөдтэй нь тохирч 960 мянган төгрөгийг буцаан авч, цэцэрлэгийн тохижилтын ажилд зарцуулсан байна. Мөн цэцэрлэгийнхээ 10 бүлгийн 313 хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтан нараас 14 сая 629 мянга 725 төгрөгийг бэлнээр хураан авч хүүхдийн угаалтуур, суултуурыг солих засварын ажилд зарцуулсан нь хандивыг санд төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг төрийн сангийн дансанд байршуулах бөгөөд тусгай дэд данс нээх, сургууль цэцэрлэгийн аж ахуй болон жижиг мөнгөн санг хариуцдаг нярав давхар хариуцан ажиллахыг хориглох, нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн хураасан шинжгүй байх, хандивласан хөрөнгийг зориулалтын арга хэмжээнд зарцуулахаар тус тус журамласныг баримтлаагүй байна.
Авлигатай тэмцэх газраас дээрх албан
тушаалтнуудад Төсвийн тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай
хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,
ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох дүрэм
журмыг зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцож, дахин ийм асуудал
гаргуулахгүй байхад анхаарч ажиллах талаар Боловсрол, соёл, шинжлэх
ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэд албан бичиг
хүргүүллээ.