| |
Цэцэрлэгийн эрхлэгч нарын мөнгө хураалт газар авсаар...
Сүүлийн үед цэцэрлэгийн эрхлэгч нар мөнгө төгрөгний асуудлаар мөн ч эрээ цээргүй ааш гаргаж байгаа тухай удаа дараа мэдээлсээр байна. Гэтэл энэ бүгдээс сургамж авахгүй нэгнийгээ дуурайсан, өөрийгөө буруу үйлдэл хийж байгаагаа мэдсээр байж шунахайн зорилгоор хүүхдүүдийн эцэг эхээс нь мөнгө хураамж авсаар байгаа нь харамсалтай.
Саяхан л 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч их хэмжээний мөнгөний асуудалд ороод арга хэмжээ авахуулсан төдийхөн өнгөрсөн билээ. Харин энэ шийтгэл нь тийм ч доривтой шийтгэл биш гэдгийг харуулж 67 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг хүүхэд бүрээс тоглоом авах гэсэн нэрийдлээр 40 мянган төгрөг хурааж авсан байна.
Энэ тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ХУД-ийн 67 дугаар цэцэрлэгийн эрхлэгч хууль бусаар мөнгө хураан авч байна гэх мэдээлэл ирсэний дагуу НМХГ-аас шалгалт хийхэд тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг нь эцэг эхийн хурлаар "Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд бид тоглоомын явцад хүүхдийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Гэтэл үйл ажиллагаа явуулахад хүүхдийн тоглоом шаардлагатай байна. Бид Багануурын цэцэрлэгт тоглоомын аргаар хүүхдийг хөгжүүлэх сургалттай танилцаж, хамтран ажиллахаар болсон. Энэ ном, тоглоомыг аваад өгчихвөл болно” гэж хэлжээ. Эцэг эхийн зөвлөлийн гишүүд нэг эцэг эхээс 10.000-48.000 төгрөгийг хураан авч нийт 12.5460 мянган төгрөгийг эрхлэгч С.Мөнхцэцэгт өгсөн байна. Гэтэл өнөөдрийн байдлаар ангиудад тоглоом нь бүрэн ирээгүй, захиалсан номоо огт аваагүй, хураагдсан мөнгө нь цэцэрлэгт байхгүй хурааж авсан эцэг эхчүүдийн гарт байсаар байгаа аж.
Дашрамд хэлэхэд тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг нь 2010 онд мөн хууль бусаар хандив хураан авч, шийтгэврийн арга хэмжээ авагдаж байжээ.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ