| |
Монголбанкны удирдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав
Мэдүүлгийн хяналт шалгалтаар албан тушаалтнуудын дийлэнх нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргах заавар, зөвлөмжтэй сайн танилцаагүй, мэдүүлгийг гаргахдаа нягталж шалгадаггүй, хайнга ханддаг, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийг мэдүүлдэггүй, хөрөнгө борлуулсны орлого мэдүүлдэггүй, бусдад худалдсан тээврийн хэрэгслийг худалдан авсан иргэний нэр дээр шилжүүлээгүй, цалингийн орлогыг гарт олгосон дүнгээр мэдүүлэх, худалдан борлуулсан хөрөнгийн орлого, эзэмших эрх бүхий газар, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцааг мэдүүлээгүй, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдлийг оны эцсийн үлдэгдлээр бус, мэдүүлэг гаргах үеийн байдлаар мэдүүлсэн зэрэг нийтлэг зөрчил гаргасан байна.
Хяналт шалгалтын хүрээнд Монголбанкны газар, хэлтсийн захирал 10 албан тушаалтанд илэрсэн зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж өөрсдөд нь анхааруулах, 7 албан тушаалтанд хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн үндэслэлээр хариуцлага тооцуулахаар Монголбанкны захиралд албан бичгийг хүргүүллээ.
Авлигатай тэмцэх газраас дээрх нийтлэг зөрчлүүдийг арилгах, аливаа алдаа, зөрчлийг дахин гаргуулахгүй байхад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна.