| |
"Хариулт мөнгө байхгүй"
Нийслэл хотынхон нийтийн тээврийн хөгжилдөө шинэчлэл хийх гээд үзээд л байна даа. Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригаас эхэлж смарт картаар зорчиж эхэлсэн билээ. Энэ сарын 29-ыг хүртэл шинэ систем нэвтэрч байгаатай холбогдуулан кондуктор тасалбар таслан мөнгөө хурааж, смарт карт буюу ухаалаг карттай нь уншуулж зорчиж байсан юм. Тэгвэл өчигдөр өглөөнөөс эхэлж кондуктар мөнгө хураагүй зөвхөн ажиглалт хийж яваа.
Иргэд автобусанд зөвхөн ухаалаг карт болон бэлэн мөнгөний хайрцгаар төлбөрөө төлөн зорчиж буй ч асуудал гарч байгааг кондукторууд хэлж байлаа. Тодруулбал, "зарим иргэд 500 төгрөгөө тааруулж орж ирэхгүй бүхэл мөнгөтэй орж ирээд хариултаа авмаар байна гээд урд хаалга нь дээр зогсоод хойно байгаа хүмүүсээ суулгахгүй. Мөнгө задгай биш юм чинь одоо яаж буцаж буудаг юм гээд мөнгөө төлөхгүй зорчиж байгаа" зэрэг асуудлууд гарч байна хэмээн учирлаж байв. Тэгэхээр иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ яг таарсан мөнгө буюу 500 төгрөг, сурагч бол 200 төгрөгөө бэлдэж суухгүй бол энэ мэтчлэн асуудлууд таныг угтах болно гэдгийг анхаарах хэрэгтэй болж байна.
Кондукторуудыг зөвхөн "хяналт тавь. Мөнгө хурааж, хариулт өгөхгүй" байхыг хатуу сануулсан учраас бидэнд мөнгө байхгүй хариулах боломжгүй гэв. Тэднийг зөвхөн зорчигчдыг урд хаалгаараа суугаад хойд хаалгаараа буух. Мөн ухаалаг картаа уншуулж байна уу, мөнгөө мөнгө хураах саванд хийж байгаа зэрэгт л анхаарлаа хандуулж яв гэж үүрэг болгожээ.
Жолооч, кондуктор, зорчигч нарыг хянах камерыг автобус болгонд суурилуулсан аж. Тиймээс иргэн та мөнгө хураагч саванд мөнгө хийж эсвэл ухаалаг картаа заавал уншуулаарай.
Смарт картынхан 200 цэгтэй гэрээ хийн энэ картыг борлуулж байгаа. Эдгээр цэгүүд нь үүрэн холбооны операторуудын нэгж борлуулах цэгтэй адилхан смарт картын "U money” гэсэн онцлох хаягтай юм. Мөн нийслэлийн дүүрэг, хороогоор дамжуулан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн смарт карт тараагдаж эхэлжээ. Картаа цэнэглэхдээ та хэрэглээндээ тохируулан хэдэн ч төгрөгөөр цэнэглэх боломжтой. Нийтийн тээвэрт бууж, суухдаа картаа заавал уншуулж хэвшүүлээрэй. Ингэснээрээ дамжин суухдаа хөнгөлөлт эдлэх болно. Энэхүү хөнгөлөлтийг тун удахгүй нэвтрүүлнэ гэж албаныхан дуулгасан.
Смарт карт төслийн нийт хөрөнгө оруулалт 14 сая ам.доллар бөгөөд ойролцоогоор үүнийг 4.8 жилийн хугацаанд төлөх гэнэ. Гэхдээ энэ төсөлд улсын болон нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг гараагүй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил гэдгийг албаныхан онцолсон. Төслийн үндсэн хөрөнгө оруулалтыг БНСУ-ын "Кореа Смарт карт корпораци” хийжээ. Энэ корпораци БНСУ-д 2004 оноос энэхүү системийг нэвтрүүлээд өнөөдрийг хүртэл хариуцан ажилладаг бөгөөд дэлхийн олон оронд уг системийг нэвтрүүлсэн туршлагатай аж.
Ийнхүү олон улсад нэвтэрсэн үйлчилгээг манай улс анх удаагаа ийн хэрэгжүүлж эхлээд байна. Энэ сарын 24-нд нийтийн тээврээр 6 мянга гаруй хүн ухаалаг картаа уншуулж зорчжээ.
Х.Даваа /Dorgio.mn/