| |
Орхоны тохироо буюу УИХ-ын даргын захирамж
-Институти хоорондын зөрчил буюу УИХ-ын дарга Засгийн эрхэнд халдав уу-
Нүхтийн хуйвалдаан, Тэрэлжийн тунхаглал гээд л уул ус бараадаж улс төрийн тохироогоо хийдэг уламжлал Орхоны тохироо гэгчээр үргэлжилж байна. Өвөрхангайгаас зайтай ч гэлээ, ямар "Занабазарын тохироо” гэлтэй биш дээ. Өндөр гэгээн Занабазарын ойн даншиг наадмыг голлосон "ноёд”-ыг харахад олимп, наадам, даншиг тэргүүтэн эв нэгдлийн билэг тэмдэг гэдэг үнэхээр батлагдахын сацуу 2016 оны сонгуулийн өмнөх сүүлчийн "зөвшилцлийн суудал”-д мөр зэрэгцэн буй мэт санагдсан. Энэ үеэр л МАН-ын зургаан сайдыг яажшуухан эв түнжинтэй даллаж үдэх тухай тохироо хийгдсэн болов уу.
Үйлийн үртэй Ерөнхий сайд маань саяхан Уфад болсон "Эдийн засгийн коридор”-ын асуудлаар хоёр хөрштэй гар барьснаа "цайруулах” санаатай АНУ-д айлчлал хийж яваад юун зугаа цэнгэл, баяр наадам манатай. Ирмэгцээ "салахгүй” гэсэн МАН-ын сайд нартайгаа намын даалгавраар "салъя” гэж хэлэх даалгавраа биелүүлэхээр бас л ацан шалаанд орж явчихлаа.
Хувь хүн талаасаа эр хүн шиг байж зүтгэл нэгтэйгээр ажлаа дуусгах гэж хичээсэн ч улс төрийн нөхцөл байдал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс жудаггүй шийдвэр гаргахыг нэхэв. Энэ зовлонг нь МАН-ынхан АН-ынхнаас ч илүү ойлгож байгаа нь авууштай төдийгүй магадгүй гарах эвээ хайжбайсан хашаанаас нь "хөөчихсөн” нь таатай үр дүн авчирсан ч байж мэдэх юм. Учир нь МАН-ын зургаан сайд хүнд нөхцөл байдалд ажилласан ч өнгөрсөн хугацаанд АН-ын дангаар засгийн эрх барихдаа ажилласан шиг алдаа дутагдал, авлигын хэл ам дагуулаагүй тул нүүр бардам ажилласан. Үүргээ ажил хийж үзсэн хүмүүс шиг биелүүлж нөмөр түшиг болж , магадгүй зарим талаар заавар зөвлөгөө өгч туршлага хуваалцчихаад гарсан гэдгийг ч үгүйсгэх аргагүй юм.
Ерөнхий сайдыг Америкаас Монголд нисээд буумагц шахам УИХ-ын дарга З.Энхболд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу захирамжаа гаргаж ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болж, хэлэлцэх асуудлуудыг нь ч товлож өглөө. Харин хэлэлцэх асуудлын дарааллын эхнийхэд бичигдсэн Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал маргаан дагуулаад байна. Тухайлбал УИХ-ын дарга Засгийн газрын тэргүүнийг өөрөө асуудлаа өргөн бариагүй байхад нь зургаан сайдынх нь асуудлыг хэлэлцэхээр шийдэж "тавьтиргүйтэх” хандлага ажиглагдлаа. УИХ-ын даргад бүрэн эрх хангалттай бий. Гэхдээ хүлээж болох байсан. Үүнээс болж УИХ-ын дарга Засгийн газрын бүрэн эрхэд халдах шинэ бөгөөд буруу технологи харагдав.
Ерөнхий сайд нь намын дарга байхын сайн, муу талыг ханатал харсан бид УИХ-ын дарга нь эрх барьж буй намын дарга байхаар яадгийг харах цаг ирсэн бололтой. Учир нь намын дарга УИХ дахь бүлэг, Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг УИХ-ын даргын эрх мэдэлтэй яаж уялдуулах вэ, юуг нь тусгаарлаж, нийцүүлж авч явах вэ гэдгийг заагийг олно гэдэг урд хожид тааралдаж байгаагүй шинэ зүйл. Энэ нөхцөлд УИХ-ын дарга биш юмаа гэхэд хуулийн Тамгын газар, хууль зүйн үйлчилгээний хэлтэс одоогийн байдлаар ямар нэг тайлбар өгөөгүй байна. Олон нийт хууль хоорондын зөрчил үүсэх вий гэдэгт санаа зовниж байгаагаас биш зургаан сайдыг үлдээх тухай яриагүй, шинэ сайдуудын талаар л таамаглал дэвшүүлж буй. Мөн Ерөнхий сайд яг хэзээ "Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал”-ыг хэлэлцүүлэхээр өргөн барьсан огноо, баримтыг хайж байна. Эс тэгвээс УИХ-ын дарга өөрийн захирамжаар Засгийн газрын асуудалд гар дүрж зургаан сайдыг нь огцруулсан гэх нэгэн шинэ факт түүхэнд үлдэх бололтой.
С.Лантуу /Zaluu.com/