|
Видео

Шинэ мэдээ

Асуудлын гол нь АН-даа бий

 Асуудлын гол нь АН-даа бий Ч.Сайханбилэгийн эзгүйд З.Энхболд
 
Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар долоохон сарын настай юу, үгүй юу гэдгийг наадмын өмнө, эсвэл дараа шийдэх нь тодорхой боллоо. Өнгөрсөн хэд хоногийн турш нэг, нэг рүүгээ мэдэгдэл шидэлцсэн АН, МАН-ын хооронд байгуулсан хамтын гэрээг цуцлах ёстой гэж Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл шийдсэн юм. Засгийн газрын хувь заяатай холбоотой энэ шийдвэрийг гаргахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Лондонд айлчлалтай эзгүй байв.
 
Түүнийг айлчлалаар яваад ирэх бүрт нэг асуудал үүсдэг нь Ардчилсан намын дотоод зөрчил байдгийг бүгд мэддэг болсон. Энэ удаад заавал МАН-тай хамтарна гэсээр байгуулсан Засгийн газрынх нь хувь заяаг шийдчих шиг болов. Өнгөн дээрээ МАН-ыг Засгийн газраас албадан гаргах тухай бичиг цаас хэдэн өдөр явсан ч цаанаа бол АН-ын удирдлагуудын тэмцэл гэж болно. 
 
Яагаад гэвэл Засгийн газрын тэргүүнийг байхад энэ тухай ярьж болох байсан ч түүнийг заавал эзгүйд иймэрхүү юм болдог нь цаанаа их учиртай. Энэ бол парламентад олон суудал авсан ч гэлээ намын дарга, Ерөнхий сайдынх нь алба тусдаа байгаатай холбоотой. Ийм байхад засаг тэргүүлж буй Ч.Сайханбилэгт ямар ч хүч, нөлөө алга. Тэгэхээр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод энэ удаагийн тоглолтын гол зангилаа бий гэж улс төрийн хүрээнд яригдаж байна.
 
АН, МАН хоёр өрх тусгаарлах нь нэгэнт тодорхой болсон учраас дараагийн сайд нар, цаашлаад шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай ч ярьж эхлэв. МАН-ыг засгаас гаргах улс төрийн шийдвэр АН-аас гарсан тул Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх саналаа УИХ-д оруулж, оронд нь өөрийн болон хамтарч буй бусад намаас сайдад нэр дэвшүүлнэ. 
 
Хэрэв ийм үйл явдал болвол шинээр томилох зургаан сайдын асуудлыг сөрөг хүчний байрандаа буцаж очих МАН хэрхэн хүлээн авах бол.  Юу, юугүй дэмжээд өгөхгүй л болов уу. Нөгөө талаар асуудал ийм амархан шийдэгдэхгүй ч байж магадгүй. Яагаад гэвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг бүхэлд нь унагаах санаа АН-ын дотоодод аль эрт бий болсон.
 
МАН-ыг засгаас гаргая, гэрээгээ хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн шийдвэр гаргасан ч гэлээ цаанаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаж албан тушаалдаа орохоор тэсэн ядаж буй хэсэг бүлэг Ардчилсан намд бий гэнэ. Шинэ Ерөнхий сайд, УИХ-ын даргын нэр ч дуулдана. Одоогийн УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд болж, Р.Амаржаргал гишүүнийг УИХ-ын даргаар томилох сураг ч байна. Эсвэл З.Энхболд байрандаа үлдэж, Р.Амаржаргал нь Ерөнхий сайд болох гэнэ. 
 
Эдийн засаг хүнд үед Засгийн газрын тэргүүний албыг авах хүн олдохгүй гэх яриа ч гарчээ. Яаж ч бодсон Ерөнхий сайд болж намтартаа сэтэр нэмэх дуртай аавын хүү Ардчилсан намд дүүрэн байгаа нь мэдээж. Сайд, дэд сайд, агентлагийн дарга нарын суудлаа бүлэг, фракцдаа хуваагаад өгчихсөн л гэнэ. АН руу урваад удаагүй Д.Арвин гишүүнээс эхлээд УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансүх хүртэл сайд болохоор зүтгэж яваа сурагтай. Ийн Ч.Сайханбилэгийн эзгүйд З.Энхболдын удирдсан  үйл явцыг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр тэргүүтэй хэсэг нөхөд сайн гүйцэтгэлээ.
 
МАН бол шалтаг 
 
Засгаас хөөгдөх нь тодорхой болсон МАН-д сандарч, тэвдсэн хүн алга. Тэд өнөөдөр намын Удирдах зөвлөлөө хуралдуулж АН-аас гаргасан шийдвэрийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Цаашлаад намын Бага хурлаа ч хуралдуулах биз. Учир нь АН-тай хамтрах шийдвэрийг Бага хурал нь гаргасан учраас буцаж гарахыг ч тэндээс шийдэх байх. Хэзээ нэгэн цагт засгаас гарах нь тодорхой байсан ч гэлээ тэдний хувьд өнөөдөр цаг хугацаа нь арай эрт байсан болов уу. Ядаж он дуустал хамтарчихаад, сонгуулийн өмнө соёлтой гарах боломжтой байв. 
 
АН-д ч ийм жишиг бий. 2012 онд Ардчилсан намын дарга Н.Аитанхуяг сайд нараа аваад засгаас гарч буйгаа мэдэгдэж байлаа. Энэ удаад МАН-ынханд ийм боломж олгосонгүй, шууд хөөв. Тэглээ гээд гомдож, туних, албан тушаалдаа зууралдах сонирхол байхгүй гэх. Харин ч АН-ынхан 2016 оны сонгуульд унах нүхээ малтчихлаа гэж баярлаж буй МАН-ынхан ч байна. Яагаад гэвэл хөөгдөж гарах Ардын намынханд маш таатай байгаа бололтой. Унасан хүүхдийг өрөвдөж, хайрладаг монголчуудын зан бий. Энэ бүгдийг МАН сайн тооцож, хөөгдөн хөөгдөн гарах ашигтай хувилбарыг сонгож авсан байх.
 
Хэрэв Засгийн газар унавал буруутныг хаанаас хайх вэ гэдгийг ч тооцсон байна. АН-ынхан МАН-ыг олигтой хань байж чадаагүй, Засгийн газраас санаачилсан хуулийн төслүүдийг дэмжиж өгөөгүй, Оюутолгой, Тавантолгойг гацаасан, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээгүй, эдийн засаг сайжраагүй гэх мэтээр гишүүд нь ярьж буй. 
 
Уг нь АН парламентад олон суудалтай, дээр нь засагт хамтарсан "Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхан бий. Засгаас оруулсан хуулийн төслүүдийг сайдаар ажиллаж буй МАН-ын гишүүд дэмжээд өгнө. Тэгэхээр хуулийн төслүүд гацах шалтгаан байхгүй. Дэмжье гэвэл олуулаа кнопдож болохоор байгаа юм. Оюутолгойн хувьд далд уурхайн санхүүжилтийг шийдсэн асуудлыг МАН-ынхан эхэлж хөндөөгүй, өөр гишүүд сөхсөн, Ерөнхий сайдыг ирэхэд өөрийнх нь намын гишүүд ч эсрэг саналтай байсан шүү дээ.
 
Тавантолгойн гэрээний хувьд ажлын хэсгийг АН-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалсан. Тэрээр хэд хэдэн удаа мэдэгдэл хийж, дүгнэлтээ эцэслэн, Засгийн газар буцааж авах ёстой гэж шахсан. МАН-ынхан энэ тухайд оролцоогүй. Тэгэхээр МАН-ыг засгаас гаргана гэдэг зүгээр шалтаг буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагахад ашиглах халхавч байв.
 
АН МАН-ыг ингэж дүгнэв 
 
Баасан гаригийн үдэш гаргасан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр бол Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлах үүргийг УИХ дахь АН-ын бүлэгг үүрэг өгсөн. Засгийн газраас МАН-ыг гаргах болсон шалтгааныг АН-ын Гүйцэтгэх зөвлөл таван үндэслэлээр тайлбарласныг бүрэн эхээр нь хүргэе.
 
1. Засгийн газарт МАН-ыг хамтарч ажил хийе гэж урьсан. Харамсалтай нь МАН нэг л ажил хийдэг юм байна. Тэд зургаан сайд, долоон дэд сайд авч 600 гаруй төрийн албан хаагчийг халлаа. МАН албан тушаал ширээ сандлаас өөр ажил хийж чаддаггүй юм байна. Хууль зөрчин төрийн албан хаагчийг хална гэж бид тохироогүй.
 
2. МАН-ыг бид УИХ-ын чуулганы нийт хугацааны 60 хувийг нь сайд огцруулах асуудал тавьж ажил хийлгэхгүй болохоор нь хамтран ажиллах гэж төрд урьсан. Тэд сайд огцруулах ажлаа төрийн албан хаагчийг халах ажлаар солилоо. Тэд зургаан сарын хугацаанд ийм л ажил хийлээ.
 
3. Эдийн засгийг сайжруулахад иргэдээ уриалж ард түмнээ ажил үйлсэд уриалж хамт явна гэж итгэж МАН-ыг урьсан. Өөрсдөө ч тэгж амласан. Харамсалтай нь тэд төрийн бодлого, хэрэгжүүлсэн ажлыг мушгиж гуйвуулж, ард түмний санаа сэтгэлийг мунхруулсан гүтгэлгээс өөр юм хийсэнгүй. Ардчилсан нам 2012-2014 онд их бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Монгол ардын намтай хамтарснаас хойш ажил урагшлахгүй байна.
 
4. МАН 2016 оны сонгууль эхэлснээ зарлаж, төрийн ажлыг цалгардуулах, түмэн олныг хувааж талцуулах боллоо. МАН 2000-2012 оны хооронд бүтэн нэг үед Монгол Улсыг удирдаж, олонхийг бүрдүүлж явсан ч нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт, цэгцтэй бодлого байсангүй.
 
5. Өөх ч биш булчирхай ч биш байснаас АН хариуцлагаа үүрсэн шиг үүрч, МАН сөрөг хүчин шиг байж 2016 онд ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зүйтэй гэж АН-ын Гүйцэтгэх зөвлөл үзэж байна гэжээ.
 
Цаашид үйл явц хоёр намын удирдах байгууллагуудын хурлаар шийдэгдэх болов уу. МАН Бага хурлаа, АН Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж таарна. Тэндээс эцсийн шийдвэр гарах ч гэлээ улс төрийн хүрээнд ил, далд хэдбэрээр өрнөж буй үйл явиыг ажихад хоёр том намын хамтын ажиллагаа удахгүй эцэслэх байх.
 
М.Цэцэг
Эх сурвалж: 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler