| |
З.Энхболд Засгийн газрын дараагийн сайд нарын нэрийг танилцуулжээ
Хайр сэтгэлийн мөн чанарыг төдийлөн ойлгоогүй үерхэж буй өсвөр насны хүүхдүүдийн хэн нэг нь ‘Таалагдахгүй бол хаячихна аа” гэдэг бол нөгөө нэг нь "Хаягдахаасаа өмнө түрүүлээд хаячихна аа” гэж ярьдаг тухай хошин яриа бий. Яг үүнтэй адил зүйл Засгийн газарт хамтран ажиллаж буй хоёр нам (АН, МАН)-д үүсээд байна. Өөрөөр хэлбэл, намуудын нэр хүнд, Засгийн газрын үнэ цэнэ ийм л жижигхэн зүйлтэй зүйрлэгдтэлээ уначихаад байна. Зургаахан сарын өмнө Засгийн газартаа МАН-ыг урьж оруулсан АН-ныхан одоо хөож гаргах тухай ярьж эхэллээ.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ыг Засгийн газартаа урьж ажиллуулснаас хойш гарсан үр дүнг хэлалцэж танилцуулах үүргийг УИХ дахь намын бүлэгтээ өгсөн юм. Үүний дагуу УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр өдөржин хуралдаж энэ асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаа өглөө эхлүүлсэн ч санал зөрөлдсөн учраас түр завсарлаж үдээс хойш үргэлжлүүлсэн юм. Бүлгийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын байр суурь зөрж эхэлжээ. Тодруулбал, АН-ын дарга З.Энхболд МАН- ыг Засгийн газраас гаргах саналтай байгаагаа хэлжээ. Түүний энэ саналыг "Шонхор” МоАХ фракцийн гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тэргүүтэй "Алтангадас”-ынхан Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэжээ. Гишүүд нь энэ хоёр саналд хуваагдан хий хоосон мэтгэлцэж цаг алдахаар байсан учраас "УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ярилцаж тодорхой шийдэлд хүрэх нь зөв. Түүний дараа бүлгийн хуралдаанаа үргэлжлүүлье” гээд таржээ. Бүлгийн хуралдаан завсарласны дараа УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар уулзаж Засгийн газрьга цаашдын үйл ажиллагааны талаар тусгайлан санал солилцсон байна. Ингэхдээ хэн хэн нь өмнөх байр сууриасаа ухраагүйг эх сурвалж хэллээ. Харин ч бүр УИХ-ын дарга МАН-аас томилогдсон сайд нарыг Засгийн газраас гаргаж оронд нь томилох хүмүүсийн нэрсийг гаргасан тухайгаа хэлжээ. Улмаар АН- ын бүлэг өчигдөр үргэлжлүүлэн ажлын цаг дуустал хуралдлаа.
АН-ын гишүүд бүлгийн хуралд нэлээд ач холбогдол өгч идэвхтэй оролцжээ. Мөн АН- ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр бүлгийн хуралд оролцов. Түүнчлэн бүлгийн хурал нэдээд сунжирсан учраас Засгийн газрын ээлжит хуралдааныг хойшлуусан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар "МАН-ыг Засгийн газраас гаргахаар болсон ч хөөж гаргах нь буруу. Хэрэв ингэх юм бол анх урьж оруулчихаад одоо хөөлөө гээд нийгэмд буруу ойлголт төрүүлнэ. МАН-ынхан ч үүн дээр нь улс төрийн тоглолт хийнэ. Гаргахаар боллоо гэхэд өөрсдөөр нь шийдвэр гаргуулах нь хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаагаа бүлгийнхээ гишүүдэд хэлжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ыг Засгийн газраас гаргахаар боллоо гэхэд нийгэмд үүсэх дараагийн үр дагаварыг нь бодолцон хөөж гаргах бус гарахаас оор аргагүй болтол нь шахах ёстой гэж үзсэн бололтой. АН-ын бүлгийн гишүүд энэ асуудлыг тойрч удгал маргаддсаны эцэст МАН- тай хамтарсан гэрээний үр дүнг хангалтгүй гэж дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлтийг үндэслэн МАН-ыг Засгийн газраас гаргах эсэх эцсийн саналыг Гүйцэтгэх зөвлөлөөс гаргах нь зүйтэй гэж шийджээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл ойрын хугацаанд хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх юм байна.
С.ШИЙЛЭГТӨМӨР
Үндэсний шуудан