| |
Г.Ариунбаатар: Талийгаач Р.Мөнх-Эрдэнэ нүдэн дээр минь буудуулсан
Г.ЖАРГАЛ
Одоогоос долоон жилийн өмнөх долдугаар сарын нэгний өдрийн жагсаалын үеэр таван сайхан залуу амиа алдаж, олон зуун хүн эрүүл мэнд, эрх чөлөөгөөрөө хохирсон. Тэдний гомдол одоо ч тайлагдаагүй байна. Ялангуяа долоон жилийн турш эрүүл мэнд, ажил амьдралаараа хохирсон нэгэн залуутай ярилцлаа. Г.Ариунбаатар гэх залуу найзуудтайгаа ажлаа тараад харих замдаа бууны суманд өртөж шархадсан юм.
-Тэр өдрийн аймшигт явдлаас хойш олон жил өнгөрчээ. Жил бүрийн энэ өдөр тохиоход танд хэцүү байдаг байх?
-2008 оны долдугаар сарын 1 бол түүхэнд хар толбо болж үлдсэн өдөр. Жил бүр энэ өдрөөс болж хохирсон хүмүүстэй нэгдэж арга хэмжээнд оролцдог. Залуу хүний хувьд улс төр, нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг ард түмэнтэйгээ хамт тайван арга замаар үгээ хэлэх нь зөв гэж боддог. Гэхдээ тэр өдрөөс хойш ийм цуглаан байхаа больчхож. Залуус ч айдастай байна. Бусад оронд хөдөлгөөн, жагсаал, цуглаан байнга болдог. Нийгэмд амьдрал хэцүү байгаа үед залуу хүмүүсийн дуу хоолойг сонсч байх нь чухал. Ялангуяа, залуус дуу хоолойгоо хүргэх ёстой. Хөгшин хүмүүс мянга цуглаад яахав дээ.
-Тэр өдөр чухам юу болсон юм бэ?
-Ажлаа тараад гэртээ харихаар хоёр найзтайгаа явж таарсан юм. Тэр үед онцгой зарлачихсан, түгшүүртэй байсан. Галт сум дээгүүр доогуур нисээд эвгүй байсан. Гэнэт л өмнө явсан залуус буцаж гүйлдээд "Буцаад яв, буудаж байна” гэж орилцгоосон. Бид ч дунд нь ороод гүйсэн. Миний өмнөхөн талийгаач н.Мөнх-Эрдэнэ буудуулсан. Хүмүүс "Хүн буудчихлаа, түргэн дууд” гээд орилоод талийгаач дамжлаад гүйж байсан. Түүнээс цааш нэг их удаан яваагүй байх, "Халуун элгэн нутаг” дуутай чулуун хөшөөний хажууд би буудуулсан. Эхэндээ юу ч мэдэгдэхгүй, ухаан санаа балартаад эхэлсэн. Дараа нь буудуулснаа мэдсэн. Араасаа буудсан сум хүйсээр нэвт гарсан байсан. Тэгээд л эмнэлэгт хүргэгдсэн дээ. Зөөлөн эд байж таарч амьд гарсандаа баярлаж явдаг.
-Одоо таны биеийн байдал ямар байгаа вэ?
-Тухайн үед хэцүү байсан. Эмчилгээ, тариа сувилгааны хувьд гайгүй болсон. Гэхдээ одоо ч эмчийн хяналтад байдаг. Хамаг юмаа эмчилгээнд зарцуулагдчихсан.
-Улсаас ямар нэг тусламж үзүүлсэн үү?
-Улсаас нөхөн олговор авсан.
-Одоо ямар ажил хийж байгаа вэ?
-Хувиараа наймаа хийж байгаа. Гэхдээ хүнд, хүчир ажил хийхэд хэцүү байдаг.
-Тухайн үед маш олон хүн баривчлагдсан. Танаас байцаалт авч байв уу?
-Өдөр бүр байцаалт авч байсан.
-Тэр хар өдрөөс хойш хохирогчдын ар гэрийнхэн одоог хүртэл гомдол тайлагдаагүй байна?
-Би ч бас адил гомдолтой явдаг. Сайхан залуусыг буудаад алчихсан шүү дээ. Ард түмний сэтгэл санаанд хар толбо болон хоногшин үлдсэн үе. Ядаж биднээс уучлалт гуйвал бага ч болов сэтгэл санаа тайвширч, гомдол минь арай л зөөлрөх болов уу.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин