|
Видео

Шинэ мэдээ

Сөрөг Тагнуулын Дарга асан Л.Санжаасүрэн И.Мөнхсаруулыг Мөнхтэнгэрийн оюуны сангаас хүссэн мэдээллээ авах чадвартай гэв

Сөрөг Тагнуулын Дарга асан Л.Санжаасүрэн И.Мөнхсаруулыг Мөнхтэнгэрийн оюуны сангаас хүссэн мэдээллээ авах чадвартай гэвХууль Зүйн дэд сайд, Сөрөг Тагнуулын Газрын дарга асан, манай улсын нэртэй хуульч, өмгөөлөгчдийн нэг Л.Санжаасүрэн Мөнх тэнгэрийн оньс гэгчийн тухай ийн бичжээ. 
 
 
И.МӨНХСАРУУЛ ГЭГЭЭНТНИЙ ТУХАЙ МИНИЙ БОДОЛ
 
 
Эрчим үелзэл хувирахаас устдаггүй тул мэдээлэл мөнх юм. Иймд үе үеийн дээдсүүдийн оюун санааны мэдээлэл хураагдсаар сансрын мэдээллийн сан буюу дээд ухамсар оюуны сан баяжин төгөлдөржиж байдаг нь магад. Гэгээрсэн хутагт, мэргэдийн сүнс бүх ертөнцийг эзэгнэн оршдог гэлцдэг. Нөгөө талаар үйлийн үр боловсорч гүйцэхэд үр жимс нь дэлбээлэн гардаг. Тэдэнд дээд оюун ухааны сан өөрөө үүдээ нээдэг. Тэд номын санд сууж, судалгаа хийлгүйгээр дотогшоо бясалгаж, ертөнцийн мэдээллийн сангаас уудлан гаргах нь энгийн зүйл.
 
Түүн лугаа адилаар И.Мөнхсаруул гэгээнтэн урд насандаа тавьсан ерөөл, сайн үйлийн үрээр Мөнхтэнгэрийн дээд оюун ухааны сангаас хүссэн мэдээллээ хүлээн авах чадварыг эзэмшжээ. Өөрөөр хэлбэл, өөрийн биеийн эрчилсэн хүчит, маш өндөр хэлбэлзлэлт долгионоор хөглөгдсөн тэрээр өөрийн оюун санаа хэмээх хүлээн авагчаар Мөнх тэнгэрээс түгээж байгаа долгионыг хүлээн авч байгаа физикийн үзэгдэл гэж маш энгийнээр ойлгож байна.
 
Би нэгэн үед соронзон орон, гүйдэл, хүчдэл, эсэргүүцэл, чадал, долгионыг шинжлэх ухааных нь үүднээс судалж, сурч байсан юм л даа.
 
Бид 20 гаруйхан жилийн өмнө л сүнс, хий үзэгдэл, далд ертөнцийн тухай ямар ч ойлголтгүй, тэр тухай бүхнийг "мухар сүсэг" гэж сурталддаг нийгэмд амьдарч байсан. Тэгвэл өнөөдөр шинжлэх ухаан сүнсний жинг хүртэл гаргаж, айл бүрт эрт "тэнгэр болсон" өвөг дээдэс нь морилж, тэдэнтэйгээ шууд харилцдаг болж, үр хүүхдүүдийнхээ зам мөрийг нь засаж, буян хишгээ хайрлаж байгаа нь ердийн үзэгдэл болчихжээ.
 
И.Мөнхсаруул гэгээнтний хэлж, хийж буй зүйлийг хөндлөнгийн ямар ч мэдээлэлгүй бөө, улаач нарын онгодууд нь баталж хэлээд энэ үйлэнд дэм тусаа хэрхэн өгөх тухай даалгаж захиад байгааг хачирхан ярьж байгаатай олон таарлаа.
 
Түүхийн шинэ үе эхэлжээ. Шинэ гэдэг нь хуучин үнэнг сэргээх утгатай гэдэг хэллэг ч бий. Их Эзэн Чингис хааны гал голомтыг сахисан Монголчууд бид Мөнхтэнгэрээ шүтсээр ирсэн ч төрийн хууль тогтоомжид /хар, цагаан сүлд, хас хээ, соёмбо, төрийн тахилга-зэргээс бусдаар/ бараг тусгалаа олоогүй, гадаадын хууль тогтоомжийг хуулбарласан нь их байгаа нь харамсалтай. Мөнх тэнгэрийн хууль бол тэнгэр, газарт хүмүүний үйл \гаргасан эрчимт хэлбэлзэл\-ийг уялдуулж зохицуулдаг зүй тогтол билээ. Зүй тогтол нь хүмүүсийн амьдралдаа мөрдөх зан үйл, ёс заншил, соёл урлаг, хууль цаазаар илэрч байх ёстой. Энэд л жинхэнэ хуулийн амин сүнс орших учиртай.
 
Чингис хаан 13 дугаар зуунд дэлхийн газар нутгийн тэн хагаст орших олон үндэстэнг элбэн тохинуулж төр засагт улс байгуулсан нь "Мөнх тэнгэр" хэмээх төр, иргэний үйл тэнцүүлэх тэнгэрийн хэмжээст зүй тогтлыг амьдралд шууд хэрэгжүүлсэн түүхэн бодит үйл. Хамаг Монгол улсын мөн чанарыг нь хүн төрөлхтөний олон эрдэмт мэргэд, шинжээчид, улс төрчид олон жилийн турш судалж байна. "Мөнх Тэнгэр" итгэл үнэмшлийг хууль эрх зүйд хамааруулж, иргэн бүрийн соёл боловсрол, ёс суртахуун, зан заншил, өдөр тутмын үйлийн хэмжээс болговол нийгмийн хөгжил дэвшилд онцгой эерэг нөлөөтэй гэж үзэж болохоор.
 
Даяарчлал хэмээх дэлхийг бүрхсэн үзэгдэлд өртсөн, бүх улс орны харилцаанд эмзэг олон асуудал үүсэж, үүнийг орчин үеийн ойлголт, зарчим, аргаар шийдэх гэсэн гарцаа олохгүй мухардсаар, хуучин ул мөрөө тодотгох, зохиох, шинэ гарц зам хайх нь аливаа улс орны төрийн бодлогын төв цэг болоод байна.
 
Өнөөгийн шинжлэх ухааны өндөр хөгжил, нэн ялангуяа, хими физик, шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлт болох долгионы хэт их өндөр хэлбэлзэл, давтамж бүхий үелзэлт мэдээллийг, мөн бодисын олон талт хувиралийг нээсэн энэ эринд ч, хүн төрөлхтөний өмнө олон асуулт хариултаа хүлээж байна. Тухайлбал энэ асуудлыг шашны физик л хариулна гэсэн ойлголт ч дэлхий нийтэд түгэх боллоо.
 
Ертөнцийн мэдээллийн сан буюу дээд оюун ухаан буюу тэрхүү мөнхийн зүй тогтол, хувьсгагч хүчинтэй холбоо тогтоож, мэдээлэл дамжуулж буй нь хамгийн зөв харилцаа бөгөөд дэлхийн өнөөгийн экологийн болон бүхий л мухардлыг эерэгээр шийдэх нэг гарц байхыг үгүйсгэх аргагүй.
 
Иймд хөх толботнууд бид, Мөнхтэнгэрийн үзэл онолоо бодитоор харж "Мөнх тэнгэр, Эх дэлхий, Хүмүүний үйлийн шүтэлцээг хангах тухай" хууль, ёсыг ч тогтоож болохгүй гэх зүйлгүй санагдана. Ирээдүй биднээс "амьд" хуулийг шаардаж буй бус уу.
 
Л.Санжаасүрэн /хуульч/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler