| |
Саяако: Хакухо миний анхны хайр
Хөдөлмөрийн баатар болсон Их аварга Хакухо М.Даваажаргалын гэргий Саяаког Монгол түмэн шинжингүй харж байгаа нь лавтай. Тэгвэл Саяако бүсгүйд Монгол үндэсний дээл хувцас сайхан зохисон харагдана. Их аваргад хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн Саяако бүсгүйг товч танилцуулахад 1984 онд Японы Токушима аймагт төрж өсөөд Токиогийн эртнээс алдартай Гакүшюүин Их сургуулийг дүүргэсэн юм байна.
Тэрбээр Япон улсад ажиллаж амьдардаг монгол сэтгүүлчид ярилцлага өгсөн байдаг. Тэгэхдээ ирээдүйн нөхөр болох аваргатай оройн хүлээн авалтан дээр танилцсан тухайгаа, Хакухог анх харахад их эелдэгхэн, нилээн том биетэй, үргэлж л инээгээд байсан хэмээн ярьсан байдаг. Саяако тэр үед их сургуулийн оюутан, ирээдүйд нэвтрүүлэгч болно гэсэн мөрөөдөлтэй байсан болоод ч тэр үү гэрлэх тухай огтхон ч бодож байгаагүй гэнэ. Японд залуу охидууд гэхээс илүү ахмад хүмүүс Сумогийн шүтэн бишрэгчид байдаг. Суух юмсан гэж боддог бүсгүйчүүд байдаг байх л даа. Гэхдээ би сумо бөхтэй сууна гэж ерөөсөө бодож байгаагүй гэсэн байдаг.
Мөн тэрбээр аваргын ямар зан чанарт нь илүү татагдсан бэ? гэсэн асуултад "-Танилцсаны маргааш нь Ёкозуна над руу утасдаж, уулзалдаж байсан. Тэр үед дөнгөж Жүрёод дэвшсэн байсан үе. Хакухо "Ёкозуна болсны дараа Саяако нэвтрүүлэгч болчихоод намайг зурагтаар мэдээлээрэй” хэлж байснаас бид хоёрын үерхэл эхэлсэн юм. Урьд нь эрэгтэй хүнтэй найзалж, нөхөрлөж байгаагүй ч хэлэх үү, Хакухо маш цайлган цагаан сэтгэлтэй, сумод хандах цэх шулуун чанар, ариухан бодол санаанд нь татагдсан. Өвгөн эмгэн болтлоо хамтдаа амьдарья гэж надад хэлсэн.” гэжээ. Мөн тэрбээр "Сумогийн төлөө бүх сэтгэл, биеэ хайр найргүй зориулж буй түүнийг хараад өөрийн эрхгүй дэмжин, тэтгэж явья гэх сэтгэл тэр үед их гүнзгийрч байсан. Ширүүн өрсөлдөөн, тэмцэлдээн, хүнд дасгал сургуулилт байнга хийдэг бөх хүнийх нь хувьд ч хамгийн сайн нөхцөл байдал, орчныг нь бүрдүүлэхийн төлөө хичээж явья гэж боддог…” гээд "-Аваргыг гадаад хүнтэй суусан гэдэгт монголчууд жаахан дүргүйцэж байдаг л даа. Энэ тал дээр та юу гэж бодож байдаг вэ?” гэсэн асуултад:
-Олон зүйл бодогддог л доо. Гэхдээ бид хоёр монгол япон гэж бодолгүйгээр хоёр биендээ ариухан сэтгэлээр л дурлаж, хайрлалцсан. Би юу ч бодолгүйгээр түүнийг хайрласан. Нэг үгээр хэлбэл миний анхны хайр байсан. Аварга энд маш их хичээж, зүтгэж байхад элгэн нутаг болох Монголдоо элдвээр хэлүүлж байгаад нь би жаахан сэтгэл өвддөг хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.horom.mn