|
Видео

Шинэ мэдээ

Хаалттай хаалганы цаана үйлдэгдэх харгислал

Ихэнх тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн золиос нь эмэгтэйчүүд, хүүхдүүд. Байнга хүчирхийлэлд өртдөг хүн нэг л өдөр хүчирхийлэл үйлдэгчийн аминд хүрч, гэмт хэрэгтэн болох тохиолдол амьдралд цөөнгүй гардаг. Үүнээс болж хүүхдүүд өнчрөх, ялтны хүүхэд хэмээн чичлүүлэх тохиолдол гарна. Эхнэр нь нөхрийнхөө аминд хүрчээ гэхэд үхсэнийх нь хойноос гашуудахаас биш, энэ хүн яагаад ийм хэрэг хийчив гэж боддог хүн хэд билээ. Ингээд л хүүхдүүдийг нь "алуурчны” хүүхдүүд хэмээн оршин суугаа газрынхан нь нүд үзүүрлэнэ.

Хүчирхийллийн улмаас үүсч буй хор хохирлыг нь тоочоод барамгүй. Үгүйдээ хүүхдүүдийн сэтгэл зүйд том цохилт болно гэдгийг томчууд ойлгох ёстой. 2015 оны эхний таван сард улсын хэмжээнд 12 мянга 730 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний 487 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа юм. Дээрх хэргийн 76 хувийг хөнгөн, 14,6 хувийг хүндэвтэр, 7,3 хувийг хүнд, 2,1 хувийг онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлжээ.

Судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн ихэнхийг буюу 214 нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн 85,4 хувь нь гэр, орон сууцанд үйлдэгдсэн бөгөөд гудамж талбай, аж ахуй нэгж, олон нийтийн газарт үйлдэгдэх нь ховор. Нэг үгээр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана хүний нүднээс далд үйлдэгддэг учраас аюултай. Тиймээс л хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсэн хэн ч цагдаагийн байгууллага руу утас цохиод юу болж байгаа тухай мэдээлэл өгдөг ухамсартай болох нь чухал.

Яагаад гэр бүлийн хүчирхийлэл улам бүр ихсэх болов гэдэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын  Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сарын хугацаанд судалгаа явуулсан юм. Санал асуулгыг Hunnu.mn вэб сайтаар дамжуулан олон нийтээс авсан юмдаг. Ингэхэд судалгаанд оролцогчдын ихэнх нь  хүндэтгэх, хайрлах ёс алдагдсан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж байна гэж хариулжээ. Мөн архи, согтууруулах ундааны зүй бус хэрэглээ ч гэр бүлийн хүчирхийллийн нэг шалтгаан гэсэн хариултыг өгсөн байна. .

Ортой л хариулт өнөөдрийн нийгэмд бие бие хайрлах, хүндэтгэх ёс алдагдсан. Түүнчлэн өөрийгөө хэт тоох үзэл давамгайлсанаас болж бусдыг үл тоох, үл хүндэтгэх болсон байна гээд хэлчихэд дэгэсдүүлсэн болохгүй байх.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо өссөөр байхад Цагдаагийн албаны шинэчлэл нэрээр Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тусгайлсан албыг үгүй болгосон байдаг. Харин жилийн өмнөөс ЦЕГ-аас бодлогын шинэчлэл явуулж, Улаанбаатар хотын цагдаагийн газарт Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тусгай чиг үүрэг бүхий хэлтсийг бий болгоод байгаа бөгөөд дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хүүхэд хариуцсан мэргэшсэн байцаагчийг томилжээ. Энэ бүх дэвшилтийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Ямартай ч цагдаагийн байгууллагын шинэ удирдлагууд нийгмээ мэдэрч, амьдралд нийцэхүйц бодлогыг явуулж буй нь сайшаалтай.

Уг хэлтэс байгуулагдсанаас хойш алба хаагчдыг мэргэшүүлэх ажилд нэлээд цаг хугацааг зарцуулсан нь тэдний тайлангаас харагдаж буй юм.

Судалгаанаас харахад 2015 оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 479 иргэн хохирсоны 88,4 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэл дийлэнх хувийг эзэлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хугацааг нь авч үзвэл

0-7 жил 247

1-3 жил 51

3-5 жил 11

5-8 жил 6

8-аас дээш жил 12

Харин давтамжийг нь авч үзвэл

Жилд 1-2 удаа-251

Улиралд 1-2 удаа-23

Сард нэг удаа-17

14 хоног тутамд нэг удаа-2

7 хоног тутамд нэг удаа-2

3 хоног тутамд нэг удаа-1

Байнга-11 /гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байх аж. Уг хэргийн улмаас 10 хүн нас барж, 425 хүн гэмтсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл ажилгүй иргэд, төрийн алба хаагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин их өртдөг бол хүчирхийлэлд үйлдэгчдийн нэгт ажилгүй иргэд бичигдэж байна. Мөн Төрийг алба хаагч, хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид хүчирхийлэл их үйлддэг гэсэн судалгаа байгаа юм.

Нийгэмд боловсролгүй хүн л хүчирхийлэл үйлддэг гэх түгээмэл ойлголт бий. Тэгвэл энэ нь эндүү ойлголт аж. Цагдаагийн байгууллагын гаргасан статистикаас харахад хүчирхийлэл үйлдэж буй иргэдийн боловсролын ангилалд 1.9 хувийг боловсролгүй иргэд ззэлж буй. Хамгийн их буюу 45.2 хувийг нь бүрэн дунд, 22.6 хувийг нь дээд, 17.4 хувийг нь суурь боловсролтой хүн эзэлжээ. Тэгэхээр хүчирхийлэлд үйлдэж буй хүнийг боловсролтой, боловсролгүйгээр нь мэдэх ямар ч боломгүй гэсэн үг.

Хүчирхийлэлд өртөгсөд нь өөрсдөө хүчирхийлэлд дарамтанд байгаагаа мэддэггүй, байх ёстой үйл явдал мэт хүлээн авдаг  байна. Мөн, хуулийн байгууллагад тэр бүр мэдээлдэггүй, хаалттай хаалганы цаана үйлдэгдэж, удаа дараа давтагдасаны дараа хэн нэг нь бэртэж, гэмтэж, амь насаа алдсан тохиолдолд л хуулийн байгууллагад мэдээлэл хүрдэг аж. Үүнийг албаны хүмүүс иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, ажилгүйдэл, ядуурал, архидалттай шууд холбон тайлбарлаж байна.

Нийгмийн анхдагч нэгж бол гэр бүл. Томруулж хэлэх юм бол гэр бүлийн асуудал Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой. Тиймээс анхдагч нэгжид тулгамдаж буй асуудалд хаана хаанаа анхаарал хандуулж, гэр бүлийн хүчирхийллийг үгүй болгохын төлөө салбарын яам, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, цагдаагийн байгууллага эрчимтэй ажиллана гэж найдъя.

Н.Чинзориг

horom.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler