| |
“Матар” хар тамхийг хийхээр Монголоос эмийн бодис татдаг байжээ
Дэлхийн мансууралтай тэмцэх өдрийг угтаж Хууль зүйн яамнаас санаачлан "Мансууралгүй ирээдүй” сэдэвт өдөрлөгийг өчигдөр Буянт-Ухаа боомт дахь Чингис хаан нисэх онгоцны буудалд зохиов. Хамгийн сүүлд цагдаагийн байгууллага хар тамхины хэрэгт 10 хүрэхгүй хоногийн дотор 20 гаруй хүнийг цагдан хорьж шалгаж байгаа юм. Цагдаа нар өнгөрсөн онд гэхэд хар тамхитай холбоотой 65 хэрэгт 132 хүнийг шалгажээ. Жил ирэх бүр энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг өдөрлөгийн үеэр цагдаагийн байгууллагаас мэдээлж байлаа. Судалгаанаас харахад манай улсад хар тамхины төрлийн бодис хэрэглэдэг 1900 хүн байдаг гэнэ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтний ярьснаар нэг хэрэглэгчийн ард 8-15 хүн байдаг гэж үздэг аж. Харин дэлхий дахинд 289 сая хүн байдаг бол хэрэглээ өндөртэй нь ОХУ, БНХАУ, Тайланд зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд юм байна.
Манай улс хар тамхийг тээвэрлэгч, дамжуулагч оронд тооцогддог. Тиймээс хил, гаалийн хяналт шалгалт энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход гол үүрэг гүйцэтгэх юм. Өдөрлөгийн үеэр цагдаа, гааль, эмнэлгийн байгууллагууд хар тамхины бодисыг илрүүлэх, шалгах тоног төхөөрөмж, донтсон хүмүүсийг эмчлэх асуудлаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн юм. Буянт-Ухаа боомтын гаалийн хувьд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Мансууруулах бодисыг шинжилдэг цорын ганц лаборатори гааль дээр ажиллаж байна. Хэдийгээр тийм боловч хилээр хууль бус бараа орж ирсээр байгаа нь дэлхий дахинаа өндөр нарийвчилсан технологиор гаргаж авсан хар тамхины төрлийн бодисуудыг хэрэглээнд оруулсаар байгаа нь хүндрэл учруулж буйг гаалийнхан онцоллоо. ГЕГ-ын гаалийн зөрчил шуурхай хяналтын албаны гаалийн хяналтын улсын байцаагч Б.Сүхбаатарын ярьснаар хар тамхины төрлийн хууль бус бараатай тэмцэхэд хууль эрхзүйн орчин дутмаг байгааг хэлж байлаа. Тэрээр "Хар тамхитай тэмцэх чухал үүрэг хүлээдэг гаалийн байгууллагын эрх мэдлийг нэмэх шаардлагатай байна. Хойшлуулшгүй, мөрдөн шалгах, тодорхой хэмжээгээр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн 180 улс байдаг. Тэдний 81 хувь нь гааль дотроо мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг гаалийн цагдаа бувюу төрөлжсөн албатай. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагын харилцаа холбоо маш чухал” гэв.
Гаалийнхан он гарсаар хоёр удаагийн тохиолдлоор БНХАУ-аас мөс нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Дээр өгүүлсэнчлэн манай энэ төрлийн гэмт хэргийн дамжин өнгөрүүлэгч, гуравдагч зах зээлд гаргагч обьект нь болоод байгааг хил, гаалийн мэргэжилтнүүд онцолж байв.
Ялангуяа Зүүн өмнөд Азиас Монголоор дамжуулж гуравдагч орон руу гаргахыг оролдож байсан тохиолдлууд бий гэнэ. Мөн ОХУ-тай хиллэдэг суурин газруудад матар гэж нэрлэгддэг хар тамхийг гар аргаар боловсруулдаг юм байна. Энэ мансууруулах бодисын найрлагад оролцдог зарим эмийн бодисыг манай улсаас хууль бусаар гаргаж байсан тохиолдол байдаг ажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин