| |
Видео
Шинэ мэдээ
Улсын хэмжээнд хар тамхи хэрэглэдэг 1900 гаруй хүн байна
Дэлхий нийтээр зургадугаар сарын 26-ны өдрийг хар тамхи, мансуулах бодистой тэмцэх өдөр болгон зарласан. Гааль, Цагдаа, эрүүл мэндийн яам тэргүүтэй холбогдох байгууллагууд хамтран "Чингис хаан” нисэх онгоцны буудалд "Мансууралгүй ирээдүй” өдөрлөг зохион байгуулсан бол ТББ-ууд, эрдэмтэн, судлаачид хар тамхитай холбоотой мэдээлэл өгсөн юм.
Чингис хаан нисэх буудалд болсон өдөрлөгөөр хилээр нэвтрүүлж буй бараа таваарыг ямар шат дамжлагаар хэрхэн хянадаг талаар танилцуулав. Буянт Ухаа боомтод 48 газарт камер суурилуулан, 142 хүний бүрэлдэхүүнтэй хяналт тавьдаг аж. Мөн 16 хяналтын цэг ажилладаг байна.
Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэдэг иргэдийн хувьд залгих зэргээр биедээ шингээж нэвтрүүлэх арга хэрэглэдэг аж. Тиймээс гэдэс, хоол боловсруулах эрхтэн, биедээ нуусан мансууруулах бодисын төрлийн зүйлийг 100 хувь илрүүлэх төхөөрөмжийг суурилуулаад жил болжээ.
Энэ хугацаанд мансууруулах бодистой холбоотой зөрчил одоогоор илрээгүй гэв. Ийм төхөөрөмж Монгол Улсын хэмжээнд Буянт Ухаа, Алтанбулаг, Замын Үүдийн боомтуудад байдаг.
Ачаа тээшийг эцсийн шатны шалгалтад оруулахын өмнө эрэлч нохой ашигладаг бөгөөд Буянт-Ухаа боомтод дөрвөн эрэлч нохой ажиллаж байна. Харин улсын хэмжээнд 28 эрэлч нохой ажилладаг гэх мэдээлэл бий.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 1900 хүн бий гэх албан бус судалгааг гаргажээ. Гэхдээ нэг хэрэглэгчийн ард дор хаяж 10 хүн байдаг хэмээн СЭМҮТ-ийн эмч С.Мөнхтуяа хэлсэн. Тиймээс хар тамхи хэрэглэдэг иргэдийн нарийн судалгааг гаргах боломжгүй байгаа юм гэдгийг ч эрдэмтэн судлаачид хэлж байлаа.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг