| |
"Монгол Улс дампуурлаа зарлахаас өөр аргагүй"
УИХ-ын хаврын чуулган 10-аадхан хоногийн дараа завсарлаж, ирэх намар хүртэл Монголын улстөр дугжирна. Эрхэм гишүүд алжааж ядарсан биеэ тэнхрүүлэхээр дэлхийгээр нэг тарж одно. Харин эргээд намар цуглахад нь Монгол Улсын эдийн засаг өндийх тэнхэлгүй болж, элгээрээ хэвтчихсэн байх дүр зураг улам л лавширч байгаа. Үндэсний цөөхөн үйлдвэрлэгчид ихэнх нь хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л. Байдал тун базаахгүй болж байгаа ч Монголчууд одоохондоо юун эдийн засаг, юун хямралтай манатай хүн бүрийн толгойд наадмын тухай бодол эргэлдэж, шинэ дээл хувцасаа бэлдээд түмэн завгүй байцгаана. УИХ-ын баасан гарагийн чуулган хуучин хэвээр гишүүд гарч орж, сонин гарчигласан шиг, ирц нь талдаа ч хүрэхгүй л сууцгааж харагдсан. УИХ-ын дарга хэзээнийхээрээ УИХ-ын үйл ажиллагааг сонирхохоор ирсэн зочдоо танилцуулж, гишүүд команд сонссон мэт эргэн харцгааж малилзтал инээн алга ташаад л.
Хуралдааны дундуур УИХ-ын гишүүн Я.Содбаатартай уулзаж дараах ярилцлагыг авснаа хүргэж байна.
-Тавантолгойн асуудлаар УИХ, Засгийн газар хоёр тийш харж суусаар байгаад хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй юм шиг байна. Сүүлдээ эрхэм гишүүдэд шар хантааж тарааж, нэгэн төрлийн лобби явуулаад ч амжилтад хүрэхгүй бололтой. Та энэ талаар ямар бодолтой явна?
-Тавантолгойн асуудал тодорхой. Хаврын чуулганаар яагаад ч амжихгүйгээс гадна хүчээр хэлэлцүүлэхгүй байх бодлого явж байна. Уг нь бол Тавантолгойн гэрээг хянах үүрэгтэй байгуулагдсан, Л.Эрдэнэчимэг гишүүн даргатай Ажлын хэсгийг Тавантолгойн гэрээний ажлыг урагшлуул гэж гаргасан болохоос гацаагаадах гэж гаргаагүй. Шар хантаазны хувьд бол гишүүдийг Тавантолгой дээр очиж ажиллан газар дээрээ байдал ямархуу байгаатай танилцаач ээ гэсэн үйлдэл болов уу. Удахгүй УИХ-аас тодорхой төлөөллүүд Тавантолгой дээр очих байх. Яадаг ч байсан учир зүйгээ ололцоод, тооцооллоо сайн хийгээд Тавантолгойн гэрээг урагш нь явуулахаас өөр замгүй л байгаа юм. Гэхдээ лав л хаврын чуулганаар амжихгүй болчихлоо.
-Сүүлийн үед Монгол Улсын гадаад өр нэмэгдээд л байна. Хамгийн сүүлд Сангийн сайд 60 гаруй сая ам. долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна лээ. Энэ талаар таны бодлыг сонирхож байна?
-Уг нь хуульд заасан 58.3 хувийн өрийн босгыг давахгүйгээр зээл авах жаахан орон зай байгаа л даа. Гэхдээ л Монгол Улсын гадаад өр сэтгэл зовоох хэмжээнд аль хэдийнэ хүрчихсэн. Бүр даваад гараад явчихсан. Хамгийн сүүлд өнгөрсөн пүрэв гарагт байна уу даа Сангийн сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн банкнаас авах 63 сая ам. долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна лээ. Тэр мөнгийг Боловсролын чанарын шинэчлэлийн төсөл, Цахим эрүүл мэнд болон Ухаалаг Засгийн газар гэсэн төслүүдэд зарцуулах юм гэсэн. Түүнээс гадна Засгийн газар нэг тэрбум ам. долларын бонд босгохоор болоод байгаа. Гэхдээ уг бондыг дотооддоо бус гадаад зах зээл дээр гаргахаар шийдвэрлэснийг манай бүлгийн зүгээс дэмжиж байгаа. Учир нь дотоодод бонд босговол аж ахуй нэгж компаниудад улам л хүнд ачаа ирнэ. Харин гадаадад босгож төсвийн ачааллыг жигдлэх, өрийн зохицуулалтын арга хэмжээг авах чиглэлээр урт хугацааны хүү багатайгаар зах зээлд эргэлтэд оруулна гэж харж байгаа учир дэмжиж байгаа юм. Нөгөөтэйгүүр энэхүү нэг тэрбум ам.долларын бонд мөн л Монгол Улсын өрийн босгыг нэмэгдүүлнэ. Гэхдээ хуульд заасан 58,3 хувийг арай ч давахгүй гэж харж байгаа.
-Хаврын чуулганаар зайлшгүй батлагдах ёстой нэг хууль нь Сонгуулийн тухай хууль гэж харж байгаа. Энэ хуулийн төсөл ер нь ямар шатандаа яваа бол. Хаврын чуулганаар хэлэлцэж амжих нь уу?
-Тийм ээ. Сонгуулийн тухай хууль бол хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэн батлах ёстой хуулийн нэг мөн. Гэтэл хаврын чуулган завсарлахад ажлын 10 хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоомжийн төсөл талдаа ч ороогүй байгааг З.Энхболд дарга дөнгөж сая сануулж, болохгүй бол наадмын дараа ээлжит бус хуралдаан зарлах талаар ч ярьж байна. Сонгуулийн хууль ажлын хэсэг дээр яригдаад одоогоор УИХ-ын гишүүдэд төслийн түвшинд явж байгаа. Харин албан ёсоор байнгын хороо болон бүлэг дээр орж ирээгүй байгаа юм. Гэхдээ ажлын хэсгийн гишүүд бүлгүүд дээр тодорхой мэдээллүүд хийсэн. Энэ хуульд УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс хэд хэдэн зарчмын байр суурь баримталж байгаа. Нэгдүгээрт УИХ-ын 76 гишүүнийг сонгохдоо сонгогч иргэд шууд нэрээр нь сонгодог тогтолцоонд оръё гэж байгаа. Өнөөдөр бол 48-ыг нь нэрээр нь буюу можаратороор, 28-ыг нь намын нэрээр буюу пропорцианалаар сонгож байгааг болъё, халъя гэдэг л санал гаргасан. Хоёрдугаарт хар машин буюу автомат тооллогоор сонгуулийн хуулийг явуулж байгаагаа болиоч ээ гэсэн. Харин АН-ын зүгээс автомат машиныг хэрэглэнэ гээд байгаа. Тэгвэл зайлшгүй хэрэглэх юм бол давхар гараар 100 хувь баталгаажуулан тоолъё л гэж байгаа. Одоо ажлын хэсгийн түвшинд хэрвээ өрсөлдөгч нь санал гаргавал гараар давхар тоолъё гэдэг санал дээр хоёр нам нэгдэж байгаа гэж ойлгож байна. Тойргийн тогтолцооны хувьд 48 тойрогтоо нэг нэр дэвшигч буюу нэг мандатаар явуулъя, цаана нь үлдсэн 28 гишүүнийг намын жагсаалтаар биш бүсийн жагсаалтаар сонгодог болъё гэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл намын жагсаалтаар биш бүсдээ санал авсан эрэмбээрээ хуваагдаад өрсөлдье л гэж байгаа. Жишээлбэл Улаанбаатар найман нэр дэвшигчтэй нэг бүс, хөдөөгийн дөрвөн бүс тав таван хүнтэй байхаар ярьж байгаа юм. Сонгогч саналаа өглөө гэхэд өөрийн тойрогт нэр дэвшиж байгаа тойргийнхоо гишүүнд, дараа нь бүс дээр дэвшиж байгаа нэр дэвшигчдээс нэгийг нь сонгох байдлаар явах нь зүйтэй гэж урьдчилсан байдлаар ярьж байна. Зүгээр орсон хойноо бүсээс сонгосон нэг мандатыг нэгээр нь зурах уу таваар зурах уу гэдэг дээр жаахан маргаан байгаа. МАН-ын Удирдах зөвлөл ерөнхийдөө зарчмын хувьд Сонгуулийн хуулийг хэлэлцсэн. Удирдах зөвлөл дээр тогтолцооны асуудал дээр намын жагсаалтыг больж байгаа учир дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Харин процедурын шинж чанартай нэлээн олон өөрчлөлтүүд дээр байр сууриа дахин тодруулж, нарийвчлах шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал хар машины дараа гараар тоолж дүнг нь авах, тойрог хэсгийн хороог байгуулахдаа өнөөдрийн Сонгуулийн ерөнхий хорооны шугамаар явуулъя, аливаа маргааныг шүүхээр бус болж өгвөл тойрог, хэсгийн хороон дээрээ шийдвэрлэж байя гэх мэтчилэн найм, есөн асуудлаар МАН-ын байр суурийг нэгтгэн ажлын хэсэгт өгсөн байгаа. Ажлын хэсгийн түвшинд эцсийн байдлаар зөвшилцөөд, ойлголцоод оруулж ирсэн зүйл одоогоор алга байна. Миний хувьд хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг заавал хэлэлцэж батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь Сонгуулийн хууль нь тодорхой болж байж бид улстөрийн нөхцөл байдлуудаа үнэлж, дүгнэх боломжтой болно шүү дээ. Нөгөө талаар парламентад шинэ уур амьсгал оруулж ирэх, шударга өрсөлдөөн бий болгохын тулд Сонгуулийн хуулийг яаралтай батлан гаргах шаардлагатай.
-Сүүлийн үед МАН байсхийгээд л завсарлага аваад байгаа нь УИХ-ын хэвийн үйл ажиллагаанд саад болж байна гэж бодогдохгүй юм уу. Хамгийн сүүлд л гэхэд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр завсарлага авснаас болоод УИХ-ын эмэгтэй гишүүд бойкот зарлаад байгаа. Аль алиндаа ингэж хүндрэл учруулах хэрэг байна уу?
-Хүүхэд харах үйлчилгээний тухайд өнөөдөр улс орны эдийн засаг, санхүүгийн байдал ямархуу байгаа билээ гэдгээ эмэгтэй гишүүд эргээд нэг сайн тооцоод үзэх хэрэгтэй. Ер нь ч тэгээд зарчмын асуудлууд дээр засагт хамтарсан гэдгээр амаа үдүүлчихээд дуугүй суугаад байж болохгүй л дээ. Ялангуяа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой болон тухайн салбарын цаашдын хөгжил, чиг хандлагаас зөрж, буруу тийш явчих гээд байгаа асуудлууд дээр МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа их тодорхой илэрхийлээд л явах ёстой. Өнөөдрийн тухайд хэд хэдэн асуудлаар завсарлага авч, байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон учраас тийм үйл явц өрнөсөн. Нөгөө талаар тодорхой асуудлуудаар улстөрийн намууд ойлголцолд хүрэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал Хяналтын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай гэх мэтчилэн нэлээн олон хуулиуд дээр улстөрийн намууд ойлголцлоо нэг болгох, үүсээд байгаа нөхцөл байдлыг нарийн тооцоо судалгааны үндсэн дээр эргэж авч үзэх шаардлагатай байгаа юм.
-Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багагүй шуугиан дагууллаа. МАН-ын бүлгийн гишүүд битүүхэндээ эсрэг саналтай байгаа юмаа даа?
-Одоогоор байнгын хороогоор орж байгаа болохоос биш УИХ дээр орж ирж анхны хэлэлцүүлэг хийгдээгүй учир байр сууриа илэрхийлэх боломжгүй. Ер нь бол шүүх, хүчний байгууллагын шинэлэлийн асуудлыг нэг Засгийн газар гарч ирээд л бужигнуулаад байдгийг бүрмөсөн зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хүний эрхийг дээдэлж, тогтвортой ажиллах ёстой байгууллагууд шүү дээ. Шүүх, хүчний байгууллагуудад өөрсдөд нь хуулиар олгогдсон хүний эрхэнд халддаг том эрх байдаг. Тийм учраас эдгээр байгууллагууд хамгийн эхлээд хүний эрхийг дээдэлж ажиллах ёстой. Тэгж ажиллахын тулд тогтолцоо нь маш их тогтвортой, хараат бус байх ёстой юм.
-Гацууртын ордын асуудал УИХ дээр хоёр удаа уначихлаа. Үүний сайн болон муу талыг та юу гэж харж байгаа вэ?
-Эрхзүйн талаасаа төрийн эзэмшилгүй болгочих гээд байна л даа. Тэгэхээр төрийн эзэмшил байхгүй болчихвол өнөөдрийн хууль эрхзүйн хүрээнд тухайн аж ахуйн нэгж шууд аваад явах болчихоод байгаа юм. Нэг ёсондоо тухайн аж ахуйн нэгж төрд хувь, эзэмшил өгөхгүйгээр үйл ажиллагаа нь цаашаа явах магадлалтай болчихоод байна л даа. Тийм учраас бид нар төрийн эзэмшил хувьтай болгоод, төр татвар хураамжаа аваад явах ёстой гэсэн төсөөлөлтэй байна. Төр авах ёстой татвар хураамж энэ тэрд нь ямар нэгэн хөнгөлөлт байхгүй. Монголын аж ахуйн нэгжүүдтэй адилхан л бүх татвар хураамжаа төлөөд явах учиртай. Нэмээд Гацууртын ордоос төр хувь эзэмшээд, роялти энэ тэрээ нэмэгдүүлээд явбал Монголчууд бидэнд үлдэх өгөөж нь дээр л гэж харж байгаа.
-Бас нэг том асуудал босоод байгаа нь Арбитрын шүүх дээр ялагдсан "Хан ресурс” компанид төлөх ёстой 100 сая ам. долларын хүү өдөр бүр 6485 ам. доллараар өсч өнөөдрийн байдлаар 700 мянган ам. доллар болчихоод явж байгаа юм билээ. Нэгэнт л Арбитрын шүүх Монгол Улсын эсрэг гарчихаад байхад ингэж хоосон хүү өсгөж байгааг та юу гэж дүгнэж байна?
-Ер нь бид болж л өгвөл Арбитраас зугатаж явах ёстой юм. Гэтэл сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа Арбитр дээр оччихлоо. Хамгийн сүүлд "Алтан Дорнод”-той Арбитрын шүүх дээр маргалдахад миний бие оролцоод л явж байсан. Тэнд бид ялаад гарч байсан. Харин "Хан ресурс”-ын хувьд Монголын Засгийн газар ялагдчихсан. Бодлогоо ойлгуулж, юмаа хамгаалж чадаагүйгээс 100 сая ам. долларын өрөнд уначихаад байгаа. Одоогоор хүү, алданги нь ямар түвшинд явааг сайн мэдэхгүй байна. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчидтайгаа учраа олж л ажиллах хэрэгтэй байгаа юм.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Би Ерөнхийлөгч байх үедээ Гацууртыг ухуулахгүй” гэсэн байсан. Ер нь "Сентерра гоулд”-д Гацууртыг ухуулахгүй байх хууль эрх зүйн орчин бий юу?
-Ер нь бид гадны хөрөнгө оруулагчдыг бараг бүгдийг нь хөөгөөд гаргачихлаа л даа. 2012 онд жилдээ ойролцоогоор 2-3 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт орж ирж байсан л даа. Гэтэл 2014 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 800 сая ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байна лээ. Харин 2015 оны эхний хагас жилийн дүнгээр 75 сая ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг бүрэн хөөгөөд гаргачихлаа гэсэн үг. Харин түүний хор хохирлыг бид бүгдээрээ л үүрч таарна. Валютын ханш замбараагүй өснө, ажилгүйдэл нэмэгдэнэ, ядуурал хавтгайрна, ийм л байна.
-Монгол Улсын эдийн засаг ирэх намраас жаахан ч гэсэн сэргэх хандлага харагдана уу?
-Огтхон ч байхгүй. Сая жаахан өндийж байсныг нь эргээд цохиод унагачихсан. Одоо бол Монгол Улс энэ жилийн эцсээр ерөнхийдөө дампуурлаа зарлахаас өөр аргагүй болж байна. Намраас цалингаа тавьж чадахгүй болно.
-Байдал бүр тиймдээ тулчихсан хэрэг үү. Одоо тэгээд яах вэ?
-Нэгэнт л хаврын чуулганаар хүлээгдэж байсан гол ажлуудаа амжуулж чадахгүй нь тодорхой болсон тул ирэх 10 дугаар сард дахин сонгууль зарлахаас өөр арга байхгүй. Эсвэл оны төгсгөлөөр албан ёсоор дампуурлаа зарлахаас өөр арга үнэхээр харагдахгүй байна.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"