| |
Мөрдөн байцаагч Азми: Бизнесменийг буудахаар онилсон ч монгол эмэгтэй оногдсон
Малайзын Холбооны Улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай мэдээллийн дагуу Малайзын Куала Лампур хотын Петалинг дүүргийн Цагдаагийн газрын комиссорын туслах, мөрдөн байцаагч Азми Аву Кассим /Petaling Jaya district police chief Assistant Commissioner Azmi Abu Kassim/ -тай Тайланд дахь манай элчин сайдын яамныхан утсаар холбогдож дараах мэдээллийг авчээ.
Мөрдөн байцаагч Азми "Энэ 6 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн орчимд гарсан зэвсэгт халдлагад монгол эмэгтэй өртсөнийг нотолж, хэргийг нягтлан шалгаж эхэлсэн. Гэмт этгээдүүд машин дотор монгол эмэгтэйтэй хамт байсан Малайзын иргэн, бизнесменийг онилон буудсан боловч хажууд нь сууж байсан монгол эмэгтэй суманд оногдож шархадсан байж болзошгүй байдалтай байна” гэв.
Уг бизнесмен өмнө нь халдлагад өртөж, бууны шарх авч байсныг ч дурдсан байна. Хэрэг явдал өс хонзонгийн сэдэлттэй байх магадлалтай гэлээ.
Малайзын Куала Лампур хотын Петалинг дүүрэгт бууны суманд өртсөн хохирогч монгол эмэгтэй нь суралцаж байсан эсэх нь тодорхойгүй, ойр дотны холбоо барих хүний тухай мэдээлэл одоогоор байхгүй байгаа гэнэ. Овог, нэр, паспортын дугаарыг үндэслэн Цагаачлалын албанаас холбогдох мэдээлэл авах, түүнийг Малайзид хэзээ ирсэн, юу хийдэг байсан зэргийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Хохирогчтой хамт байсан хятад гаралтай, малайзын бизнесмен мэдүүлэг өгөхдөө Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй байгаа, түүнийг Малайзид юу хийдэг, хэзээ ирсэн талаар мэдэхгүй гэжээ.
Монгол эмэгтэй одоогоор ухаан ороогүй, эрчимт эмчилгээ хийлгэж байна. Түүний биеийн байдлыг харзнан биенд нь байгаа 2 ш сумыг авах эсэх талаар эмч нар ярилцаж, шийдвэр гаргахаар болсон гэнэ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж утсаар мэдээлжээ.