|
Видео

Шинэ мэдээ

Дуулиант татварын хэргийн золиосууд

Татварын ерөнхий газрын дарга нарын нэр холбогдсон, 18 тэрбум төгрөгийг завшсан гэх хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө томоохон дуулиан дэгдээж байсныг санаж байгаа бизээ. Тус газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх нь байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу 1-2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Түүнчлэн хэрэгт холбоотойгоор Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсий дарга Н.Энхбат эхнэрийнхээ дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн гэх хэрэгт АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэж анх шалгасан юм. Гэвч энэ хэргийн золиосонд хичнээн олон хүн ажил амьдралаараа хохирсныг хэн ч өнөөдөр хөнддөггүй. Бид бүтэн хэлтсээрээ ажлаасаа халагдаж, хууль бус шийтгэл амссан байцаагчдийн ярианы эхний хэсгийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү яриа өөрөө "санхүүгийн хэл” мэддэг, энэ орчинд ажилдаг хүмүүст олон хачирхалтай бодит байдлын тухай ярьж өгөх болно.
Татварын хэрэг гэх өндөр авахуулсан дуулиан жинхэнэдээ улс төрийн агууллага ихтэй өрнөсөн хэрэг болох нь харагддаг. Улсын их хэмжээний хөрөнгө мөнгө шамшигдуулсан албан тушаалтнуудын хөлд жирийн үүргээ гүйцэтгэж байсан ажилтнууд олноороо хэлмэгдэн татагдаж, тэр бүү хэл ямар гээчийн хэрэгт буруутгагдаж байгаагаа ч мэдэж амжаагүй "хоол”-ноосоо салсан гэхээр өнөөдөр манай улсад хэлмэгдүүлэлт шат шатандаа ямар түвшинд цэцэглэж байгааг илтгэж буй юм.


-Сайн байцгаана уу? Та бүхнийг ТЕГ-ын хяналт шалгалтын хэлтэст ажиллаж байгаад Ч.Гансүх нарын хэрэгт холбогдож бүгдээрээ ажилгүй болсон гэж сонссон. Яг юу болсон юм бэ?
-Бид улсад 15-30 жил, татварын албанд 12-22 жил ажиллахдаа аймаг, нийслэл, дүүргийн татварын албанд улсын байцаагч, ахлах байцаагчаас, Татварын ерөнхий газарт татварын улсын байцаагч, татварын улсын ахлах байцаагч гээд ажлын мэдлэг чадвар, дадлага туршлагаараа шат шатанд нь дэвшин ажиллаж байлаа. Тэр дундаа ХШАЗХ-т Ч.Гансүх гэдэг хүний удирдлага дор 2-10 жил ажилласан хүмүүс. Албан үүргээ хууль, дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцлагатай хийж гүйцэтгэдэг байсан. Энэ хэрэгт холбогдуулаад байгаа ашигт малтмалын хайгуулын лиценз эзэмшдэг нэр бүхий компаниудад 2010 онд нягтлах шалгалт хийсэнтэй холбогдуулан биднийг бүгдийг нь буюу 7 байцаагчийг Ч.Гансүх нарын хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.
-Бүтэн хэлтсээр нь үү?
-Бүтэн хэлтсээр нь нэг ч хүнийг орхиогүй гэсэн үг. Манай татварын улсын ахлах байцаагчийг албан тушаалдаа хайнга хандсан гэж буруутгаж байсан боловч анхан шатны шүүхээс цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин биднийг албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний татварыг төлүүлээгүй гэж үзэж 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах, татварын улсын байцаагч хийх эрхийг 3 жилээр хасах ял ногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гармагц биднийг ажлаас чөлөөлсөн л дөө. Биднийг шийтгэх гол үндэслэл, нотлох баримт нь Шинжээчийн дүгнэлт юм.
-Шинжээчийн дүгнэлт гэснээс шинжээч нар нь ямар газраас томилогдсон юм бэ. Хэр туршлага, мэдлэгтэй хүмүүс байдаг юм бол. Татварын нарийн асуудлыг шүүхийн шинжээч тогтооно гэхээр нэг л ойлгомжгүй байна л даа?
-Шинжээч нарыг нийслэлийн нэг дүүргийн татварын хэлтсийн байцаагч нараас томилсон л доо.
-Уучлаарай, дүүргийн татварын байцаагч нараас гэсэн үү. Хууль бус шийдэл болчихсон юм биш үү?
-МУ-ын Шүүх шинжилгээний тухай хуулиар бол шинжээч нарыг ашиг сонирхлын зөрчилгүй, тусгай мэдлэгтэй, мэргэшсэн байх, хэргийн оролцогч биш байх гэх мэт тодорхой шалгуураар сонгох, мөн зөвхөн бидний хийж гүйцэтгэсэн хяналт шал-галтын ажилд шинжилгээ хийлгэх учиртай юм. Тэд хуулийн эдгээр заалт, шаардлагыг ханган ажиллаж чадаагүй л дээ.
-Ойлгомжтой. Нэгэнт хууль бусаар шинжээчдийг томил-сон юм чинь ямар ажиллагаа явагдах нь тодорхой юм биш үү?
-Татварын алба бол хуулиар заагдсан босоо удирдлагатай байгууллага. Бидний ажил үүргийн хуваарьт болон "Үндэсний татварын албаны хяналт шалгалтын ажлын дүрэм”-д аймаг, нийслэл, дүүргийн татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн байцаагчдыг арга зүйн удирдлагаар хангах, тэдний хийсэн хяналт шалгалтын ажилд нягтлах шалгалт хийх зэрэг ажлууд багтдаг. Гэтэл эдгээр шинжээч нар биднээр хийсэн ажлаа шалгуулдаг, үнэлүүлдэг, нягтлах шалгалтаар тэдний илрүүлээгүй зөрчлийг илрүүлбэл Татварын албаны Ёс зүйн хороогоор ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг нь авч хэлэлцдэг, ийм л ажил хэргийн харьцаатай, манай доод шатны байгууллагын байцаагч нар шүү дээ. ТЕГ-ын ХШАЗХ-ийн дарга асан Ч.Гансүхийн бараг шууд удирдлаганд нь бидний ажил мэргэжлийн зөвөлгөөгөөр ажилладаг байсан хүмүүс.
Хоёрт, Тэд бидний хийсэн хяналт шалгалтын ажилд шинжилгээ хийгээгүй, татвар төлөгчийн санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн гэж үзэж байгаа. Энэ нь ч тэднийг ШШТХ-д заасны дагуу "Шинжээч”-ээр томилогдсон гэдгээ бүрэн ухамсарлаагүй, татварын улсын байцаагчийн ажлаа л хийсэн гэдгийг харуулж байгаа юм. Шүүх хурал дээр ч энэ тухайгаа өөрсдөө мэдүүлж байсан. Зарим компанийн хувьд санхүүгийн баримтыг нь ч олж шалгаж чадаагүй гэж байгаа.
Гуравт, хамгийн гайхалтай нь тэдний гаргасан "Шинжээчийн дүгнэлт” гээчид зөв юм нэг ч байгаагүй.
-Шинжээч нарын зүгээс та бүхнийг буруутгасан, та бүхэн өөрсдийгөө зөв гэж үзээд байгаа маргаантай асуудлаасаа сонирхуулж болох уу?
-Энэ бол хууль гадарладаг юм ойлгодог хүнд тийм их хүндрэлтэй биш энгийн асуудал. Бидний шалгасан "Кью Жи Экс Монгол” болон бусад 5 "эксплорейшн” компаниуд дээр хэлсэнч-лэн тухайн үедээ ашигт малтмалын хайгуулын ажил эрхэлдэг, олборлолт хийж бүтээгдэхүүн борлуулж эхлээгүй, Их Британийн Виржини арлууд улсын хуулийн дагуу байгуулагдсан нэг хөрөнгө оруулагчтай, зэргэлдээ компаниуд байсан. Эдгээр компаниудын нэр дээр байсан хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хөрөнгө оруулагч нь нүүрс, алт, хүдэрийнх гэх мэтээр төрөлжүүлж хооронд нь шилжүүлсэн байдаг юм. Тус зөвшөөрлүүдийг шилжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуульд "хайгуулын талбайн мэдээллийг борлуулж татвараа төлсөн бол шилжүүлж болно” гэж зааснаар талууд "Лицензэт талбайн мэдээлэл борлуулах” гэрээ хийж, шилжүүлэгч тал нь хуулийн дагуу уг борлуулалтын орлогоо татварын тайландаа тусгаж, орлогын албан татвараа төлсөн, АМХЭГ ч хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн бүртгэсэн байдаг. Харин мэдээлэл борлуулсны орлогод Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй байсныг нь илрүүлж нөхөн татвар ногдуулсан. Гэтэл шинжээч нар энэ ажил гүйлгээг "Эрх буюу тусгай зөвшөөрөл борлуулсан тул 30 хувийн татварыг худалдан авагч нь дахин борлуулагч талаас суутгах ёстой” гэж үзсэн.
Үүнийг хамгийн энгийнээр тайлбар-лавал, Шинжээч нарын дүгнэлтээр хэрвээ татвар төлөгч өөрийн үл хөдлөх хөрөнгөө борлуулсан бол энэ борлуулалтын дүнгээс тухайн хөрөнгийг эзэмших эрхээ борлуулсан гэж үзэж 2 хувийн бус 30 хувийн татвар ногдуулах болох нь. Ийнхүү тун гайхалтай хууль бус гаргалгаа хийж, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчихөөр байгааг та анзаарч байгаа байх. Үл хөдлөх хөрөнгөө борлуулж орлого олсон иргэн ч, хуулийн этгээд ч эзэмших эрхээ шилжүүлэхдээ орлогын дүнгээсээ 30 хувийн татвар, дээр нь 50 хувийн торгууль төлдөг билүү.
Дээрхи компаниуд ялгаагүй л "Лицензэт талбайн мэдээллийг борлуулах” (зөвхөн хайгуулын үйл ажиллагааны болон үнэлгээ хийхтэй холбоотой гарсан зардал ордог), "Хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхээ үнэ төлбөргүй шилжүүлэх” гэсэн утгатай 2 гэрээ хийсэн байгаа.
Гэтэл Татварын улсын байцаагч нар өмгөөлөгчийн асуултад дээрхи 2 гэрээг нэг цогц гэрээ гэж үзсэн гээд шүүх хурал дээр хэнэг ч үгүй хариулаад зогсож байгааг яалтай.
Татварын улсын байцаагч нар "Хайчийн булаг эксплорэйшн” ХХК нь шилжүүлж авсан хайгуулын тусгай зөвшөөрлийн 12 эрхээ нөөц илрээгүй тул АМХЭГ-т бүгдийг буцаасан гэдгийг дүгнэлтдээ тодорхой тусгасан байдаг бөгөөд буцааж шилжүүлсэн эрхийн мэдээллийн дүнгээс АМХЭГ дахин 30 хувийн татвар суутган авч төсөвт төлөх үүрэгтэй гэж татвар төлөгчийг дахин хохироох дүгнэлт гаргаагүй нь яамай гэлтэй. Ядахдаа дурдсан 2 гэрээний үр дүнг татварын нягтлан бодох бүртгэлийн стандартаар ч мөн 2 өөр бичилтээр бүртгэлд тусгаж тайлан гаргадгийг шинжээч нар маань мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ямар нэг далдын хүч биднийг буруутгахад тэднийг хөтөлсөн болов уу гэж бодмоор байгаа биз. Дараагийн асуудал, Их Британийн Виржини арлууд дээрх хөрөнгө оруулагч нь 2008 онд Гибралтари улсын хуулийн дагуу байгуулагдсан компанид, тэр нь 2009 онд Люксембург улсын хуулийн дагуу байгуулагдсан компанид МУ-ын хуулийн дагуу байгуулагдсан "Кью Жи Экс Монгол” болон бусад 5 "Эксплорейшн” ХХК-дын хувьцааг худалдан борлуулж мөн л МУ-ын хуулийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Татварын албанд бүртгүүлж холбогдох өөрчлөлтүүдийг хийлгэсэн байдаг. Эхнийх нь 2002 онд, сүүлчийнх нь 2005, 2008 онд байгуулагдсан эдгээр компаниудад оруулсан хөрөнгө оруулалт энэ хугацаанд доод тал нь 0.6 тэрбум, дээд тал нь 24.7 тэрбум төгрөг болсон байсан л даа. Гэтэл мэргэн шинжээч нарын зөвхөн 2 нь эдгээр 6 компанийн 1-ийг нь буюу "Кью Жи Экс Монгол” ХХК-ийг 2008 онд хөрөнгө оруулагч солигдоход 9.7 тэрбум, 2009 онд 13.4 тэрбумын "үнэ бүхий” тусгай зөвшөөрлүүд нь бас хэнд ч юм шилжчихлээ гэсэн "нээлт” хийжээ. Энэ "үнэ” нь он тус бүрийн эцэст байгаа хөрөнгө оруулалт дансны үлдэгдэл юм. Ингээд "эрх борлуулсны орлого”-оос нь 30 хувийн татвар суутгах, мөн НӨАТ 10 хувь, 2 удаа шилжсэн тул 2-оор үржүүлээд нийт 80 хувийн татвар ногдуулах байсныг "нуун дарагдуулж, албан тушаалаа урвуулан ашиглаж” 9.3 тэрбум төгрөгөөр улсыг хохироосон болохыг "олж тогтоожээ”. Гэтэл адилхан үйлдэлтэй бусад 5 компани нь (мөн л нийтдээ 27.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын үлдэгдэлтэй байхдаа нэг өдөр, нэг гэрээгээр, нэг хөрөнгө оруулагчаас нөгөөд хувьцаа нь шилжсэн байхад) яагаад ч юм "өршөөгдсөн” бололтой. Өршөөл хүртсэн эдгээр компаниудыг шалгасан шинжээч нарын "тусгай мэдлэг” нь хүрсэнгүй юү, эсвэл бидэнтэй адил "албан тушаалаа урвуулан ашиглачихав уу” гэдэг нь бас л асуултын тэмдэгтэй үлдсэн. Лав л шүүх хурал дээр өмгөөлөгчийн асуултад "бид үүнийг зөрчил гэж үзээгүй” гэж мэдүүлсэн юм. Бидний хувьд дахиад 10-д байцаагч маань бидэнтэй адил яллагдагчийн суудалд шилжчихээгүй нь л олзуурхууштай байсан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар эрх борлуулсны орлогод татвар ногдуулахдаа худалдан авагч нь борлуулагчид мөнгө шилжүүлэхдээ суутган авч үлдээд татварын албанд төлөхөөр зохицуулсан байдаг. Эрхэм шинжээч нар харин "хэн нь хэнээсээ татвар суутгах ёстойг” дүгнэлтдээ дурьдаагүй байсан. Тусгай зөвшөөрлүүд нь өөрийнх нь нэр дээр байж л байгаа МУ-ын компани маань "хэнээс ч юм татвар суутгах үүргээ” гүйцэтгээгүй юм шиг байгаа юм. Гадаад улсын компаниас уу? Хуулинд ийм зохицуулалт байхгүй. Гадаадын 2 компани бие биеэсээ суутгаж МУ-д төлөх ёстой юм болов уу? Ийм зохицуулалт бүр ч байхгүй. Өмгөөлөгч нар бүгд ээлж дараалан 2 шинжээчээс "тусгай зөвшөөрөл хэнээс хэнд шилжсэн болохыг” асуугаад хариулт авч чадаагүй.
-Буруутгагдаж байж асуусан асуултдаа ч хариулт авч чадахгүй яллуулаад дуусна гэхээр бид ер нь хэдэн онд амьдраад байна вэ?
-Мэдэхгүй, үргэлжлүүлээд яръя л даа. 2012 оны 5 сарын 17-ны өдөр батлагдаад 2013 оны … сарын ….. өдөр хүчингүй болсон "Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-д гадаадын хөрөнгө оруулагч тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийнхээ хувь эзэмшлийг гадаад улсад зарж борлуулбал МУ-д татвар төлөх талаар заалт байсан боловч хувьцаагаа борлуулбал эрх борлуулсан гэж 30 хувийн татвар ногдуулна гэсэн заалт байхгүй. Биднийг шалгалт хийж байх 2010 онд энэ хуулийн сураг ч гараагүй байсан. Гэвч шинжээчийн дүгнэлтэд энэ хуулийг дурьдаагүй тул бас л ойлгомжгүй.
Гэхдээ мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар "ойлгоод байгаа юм шиг байгаа юм. Ямар гээчийн хуулийн зүйл заалтаар ийм татвар ногдуулж байгаа нь тодорхойгүй байгаа боловч энэ чухал биш бололтой. Зөрчил гэж үзсэн шинжээч нарыг ч, зөрчил гэж үзээгүйг нь ч ойлгоод, хоёуланг нь хүлээн зөвшөөрөөд байгаа нь гайхалтай. Ямартаа ч хөрөнгө оруулагч нар бүгд л "офшоре” бүсэд байрладаг компаниуд шүү дээ. Яг ийм дүгнэлтийг "УМУХ”, "Нордтэнхэ говь” ХХК-уудыг шалгасан татварын улсын байцаагч нар гаргасан. Эдгээр компанийн хувьцаа эзэмшигч нь МУ-ын хуулийн дагуу хувьцаагаа худалдан борлуулж 10 хувийн татвар төлсөн байдаг. Сая төгрөгийн дүрмийн сантай компаниа 2.0 тэрбум гаруй төгрөгөөр зарж, 200 гаруй сая төгрөг төлсөн байхад бас л "тусгай зөвшөөрөл зарсан, 30 хувиар татвар төлөх байтал халхавчилсан гэрээ хийсэн” гэж 1.2 тэрбум төгрөгийн "хохирлыг тооцон гаргасан”. Эндээс бас л асуулт үүснэ. Хувьцаагаа үнэлээд зарсан, ногдох татварыг төлсөн бол тэр компани тусгай зөвшөөрөлтэй байна уу, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй байна уу гэдгээс хамаарахгүйгээр хувьцаа борлуулсны орлогод ногдох 10 хувийн татварыг л төлөхөөр хуульчилсан байгаа. Хөрөнгө эзэмшдэг үү, эрх эзэмшдэг үү гэдгээс шалтгаалж 2, 10, 30 хувийн татвар төлөх ёстой бол хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй биз дээ. Татварын улсын байцаагч "халхавчилсан гэрээ” хийсэн гэж дүгнэлт бичиж шилжүүлснийг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад прокурор хянаад тухайн үедээ хүчингүй болгосон байгаа шүү дээ. Гэтэл дахиад л мэргэжлийн хяналт, аудит, татварын албаны бүрэлдэхүүнтэй 3 шинжээч ажиллаж "хувьцаа борлуулсан болохоос тусгай зөвшөөрөл борлуулаагүй байна л даа, гэхдээ бас халхавчилсан ч байж магадгүй юм” гэсэн утгатай бөөрөнхий дүгнэлт хийсэн. Эдгээр 3 шинжээчийн 1 нь хэрэгт холбогдсон /бас л манай прокурор, мөрдөн байцаагчдын хяналтад байсан/, нөгөө нь өвдсөн гэсэн "хүндэтгэх” шалтгаанаар шүүх хуралд ирээгүй. Харин татварын улсын байцаагч маань ирсэн боловч тодорхой тайлбар хийж чадаагүй.
-Бас л уу?
-"Кью Жи Экс Монгол” ХХК-ийг НӨАТ төлөгчөөр бүртгүүлээд 250 орчим сая төгрөгийг төсвөөс буцаан авахаар болоод байхад нь дүүргийн татварын хэлтсээс шалгаж "борлуулалт хийгээгүй атлаа НӨАТ төлөгчөөр хуурамчаар бүртгүүлсэн байна” гээд буцааж авах мөнгийг актаар хүчингүй болгож, улмаар НӨАТ төлөгчийн бүртгэлээс хассан байдаг. Гэтэл шинжээч нар НӨАТ төлөгч биш компанид бүртгэлээс хасагдсанаас хойш хийсэн эхний том дүнтэй гүйлгээнд нь шууд 2.0 тэрбум төгрөгийн НӨАТ ногдуулсан. Гэхдээ яагаад ч юм энэ гүйлгээ нь ААНОАТ ногдох орлого биш юм шиг байгаа юм. Урьд нь ийм акт тавигдсаныг нь шинжээч нар мэдээгүй, үзэж хараагүй гэдгээ шүүхэд мэдүүлсэн. Гэхдээ үүнийг нотлох баримт ч, шинжээч ажлаа бүрэн гүйцэт хийгээгүй нь ч шүүгч, прокуроруудад сонин биш бололтой.
-Хүмүүсийн хувь заяанд ердөө л ийм хуумгай хэлбэрээр хандчихаж байгаа нь дэндүү харамсалтай юм даа.
-Үүнээс гадна шинжээч нар маань эдгээр компаниудын гадаад улс руу шилжүүлсэн орлогод ААНОАТ, НӨАТ ногдуулахдаа хууль буцаан хэрэглэсэн, хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтынх болмогц газар ашиглаж олборлолтоо хийж эхлээгүй, орон нутгийн газрын албатай гэрээ хийж, засаг даргын захирамж гарч, газрын харилцааны эрх, үүрэг үүсээгүй байх хугацаанд нь ашиглалтын лицензийн нийт талбайд нь газрын төлбөрийг нөхөн ногдуулахдаа төв суурин газрын үнэлгээг суурь үнэлгээ болгосон, зарим зөрчилд хүү, торгууль, алданги буюу захиргааны хариуцлага тооцож хохирлын хэмжээг ихэсгэсэн зэргээр шинжээчийн дүгнэлтийн пункт бүр нь хууль хэрэглээний болон тооцооллын алдаатай, хоорондоо зөрчилтэй, яаж дүнг нь их болгох вэ гэж хичээсэн өнгө аястай дүгнэлт гарсан байсан.

p18hh48i461iivrrq1irf17ib16p71
– Энэ бүхэн гэхдээ их хурдан болж өнгөрчээ?
-2013 оны 1 сард хэлтсийн дарга Ч.Гансүхийг Д.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн нарын хамт цагдан хорьж 17.0 тэрбумыг хүүхдийнхээ дансанд эргэлдүүлсэн, завшсан, нууц амрагтаа 5.0 тэрбумыг шилжүүлсэн, эхнэрийнх нь дансанд 4.0 сая доллар байсан гээд л хэвлэл мэдээллээр цацсан шүү дээ. Гэтэл энэ бүхэн нотлогдоогүй, анхны буруутгаж байсан зүйл ангиуд нь бүгд прокурорын тогтоолоор хүчингүй болсон. Дараа нь татварын улсын ахлах байцаагчийг 2 байцаагчийн хамт энэ хэрэгт холбогдуулан татаж шүүх хурал болсон боловч мөрдөн байцаалтад буцсан. Тэгээд л 12 сард үлдсэн 3 байцаагчийг дөнгөж хэрэг нь хэрэгсэхгүй болоод байсан О.Бямбасүрэнгийн хамт АТГ-аас дуудаж сэжигтнээр тогтоон маргааш нь яллагдагчаар тогтоолоо гээд байцаалт авч Шинжээчийн дүгнэлт гэгчийг танилцуулсан. Бид ч захиргааны хэргийн шүүхэд татварын маргаан хэлэлцэх гэж байгаа юм шиг л хүлээж аваад ийм буруу бичигдсэн дүгнэлт дорхноо унана л гэж бодож байлаа. Гэтэл батлан даалтад гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах юм болоод явчихсан. Тэр үед л шинээр хэрэгт татагдсан бид эрүүгийн хэрэгт холбогдоод байгаагаа жинхнээр нь мэдэрсэн. Бид шинжээчийн дүгнэлт илт хууль бус болохыг тайлбарлаж мөрдөн байцаалтын шатанд дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч "шаардлагагүй” гэсэн хариултыг өдөрт нь гаргаж өгч байсан. Харин хэрэг прокурорт шилжсэнийг шүүхэд шилжүүлэх өдөр нь л мэдэж прокурорын царайг дөнгөж хараад л өнгөрсөн. Энэ өдөр ч өмнөх хүсэлтээ прокурорт гаргаж өгсөн боловч хариу өгөөгүй. Ингээд хэрэг хийгээгүй юм чинь өмгөөлөгч авах хэрэггүй гэж бодож байсан учраас хугацаа их алдаж зарим маань шүүхийн шатанд өмгөөлөгч авцгааж тайлбар, нотлох баримтуудаа шүүх хуралд хангалттай гаргаж өгсөн тул хилсээр холбогдсон хэргийг цагаатгах байх гэж итгэж найдаж байсан. Гэвч анхан шатны шүүх зөвхөн шинжээч нарын илт хууль бус дүгнэлтийг үндэслэн, нотлох баримтаар тогтоогдлоо гээд ийм шийдвэр гаргаж давж заалдах шатны шүүх ч хэвээр баталсан. Биднийг Ч.Гансүх гэдэг хүнтэй хамт ажилласных нь төлөө бүхэл бүтэн хамт олноор нь хоморголон ялласан. Хохиролгүй гэмт хэрэг байдаггүй болохоор заавал худлаа ч гэсэн хохирол бий болгож Шүүх хуралдаанд оролцогчийн шүүгдэгч, яллагдагч нь ТЕГ-ын хяналт шалгалт арга зүйн хэлсийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ, шинжээч болон гэрч нь дээрхи хүмүүсээс арга зүйгээр хангуулж ажилладаг дүүргийн Татварын улсын байцаагчид, хохирогч нь Татварын Ерөнхий газар болж нэг нь удирдаж нөгөө нь ятгаж үлдсэн нь хамжиж хэрэг үйлдсэн байна гэсэн жүжгийн гол дүр болцгоосон доо.
-Хохирогч нь татварын алба байх нь ээ?
-Тиймээ. АТГ-аас хохирогчоор тогтоосон байна лээ.

-Та бүхний хувьд үнэхээр хоморгонд, бөөнөөрөө хавчуулагдан хэлмэгдсэн нь ойлгомжтой байна. Байцаагч нараа улс төрийн ашиг хайсан хэргийн золионд түлхэж өгчихөөд сууж байгаа "нэг тогоо”-ныхон мань юу бодож байдаг бол. Ер нь энэ хэрэгт танай ТЕГ-ын байр суурь ямар байх юм ?
-Бидний бодлоор бол манай ТЕГ энэ асуудалд маш их анхааралтай хандаж, мэргэжлийн байгууллагын хувьд хэний буруу, хэний зөвийг тогтооход шүүх, прокуророос илүүтэй идэвхтэй оролцож хуулийнханд зөв шийдвэр гаргахад нь татварын эрх зүйн хэм хэмжээнд зөв мэдээлэл өгч туслах ёстой байлаа. Бид ч тийм хүлээлттэй байсан. Яагаад гэвэл Монгол Улсын татварын албыг бүрдүүлж байгаа хамт олны нэг хэсэг нь буруутан болж, нэг хэсэг нь нөгөөгөө буруутгаж, татварын алба өөрөө хохирогч болж, бүх асуудал тогоон дотроо болж байгаа ийм эгзэгтэй ээдрээтэй асуудал шүү дээ.
-Төрийн албаны дархлаа суларч байгаагийн нэг илрэл шүү дээ. Өнөөдөр нэг хэсэг нь хэлмэгдэж байгаа ч маргааш өөрсдийнх нь ээлж ирж мэдэх ийм аюултай улс төртэй сугадалцаж, дагаж ханарч байгаа нь газар авч болохгүй үзэгдэл шүү дээ.
-Гэтэл энэ асуудалд Татварын Ерөнхий газар нь мэргэжлийн байгууллагын хувьд ямар ч тайлбар, дүгнэлт гаргахгүй, байр сууриа илэрхийлэхгүй зөвхөн хөндлөнгийн байр сууринаас хандаж, тэр ч байтугай анхан шатны шүүхийн шийдвэр гармагц хууль зөрчиж биднийг ажлаас халсан. Бид маш их гомдолтой байгаа. Шүүх хурал дээр өмгөөлөгч нар хохирогчоос татварын алба дотроо ийм эсрэг тэсрэг ойлголттой байгаад ТЕГ-ын хуулийн хэлтсийн даргаас ямар байр суурьтай байгааг нь өмгөөлөгч нар асуусан л даа. Шүүх хохирлыг тогтоовол ТЕГ нэхэмжилнэ гэхээс өөр тодорхой зүйл яриагүй нь үнэхээр харамсалтай. Монгол Улсын Татварын албаны нэр хүнд, цаашлаад тэнд ажиллаж буй олон байцаагч нарын ажил амьдрал хувь заяаг шийдвэрлэж байгаа энэ асуудалд тийм хүйтэн хөндий хандаж болохгүй биз дээ. Гэхдээ бид өнөөдөр ажлаасаа халагдсан ч нэр хүндтэй төрийн том байгууллагад олон жил ажиллаж их зүйл сурч, үнэнч шударгаар хөдөлмөрлөж ирсний хувьд байгууллагаа бүхэлд нь муулж харлуулахыг хүсэхгүй байна. Өнөөдөр биднийг буруутгаж, хууль бус шинжээчийн дүгнэлт гаргасан нөхөд цаашид ч татварын албанд хяналт шалгалтын ажил хийхдээ татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хууль бус акт, дүгнэлт гаргаж хууль бус төлбөр ногдуулж, эрүүгийн хэрэг үүсгэн хэлмэгдүүлэхгүй гэх газаргүйд л сэтгэл эмзэглэж байна. Үүний цаана энэ бүхнээс болж бизнесийн нэр хүнд нь унаж, түүгээр ч зогсохгүй хилсээр их хэмжээний төлбөр төлөхөөр болоод байгаа татвар төлөгч нарын хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж байгаа. Хувьцаагаа зарахаар л эрх борлуулсан гээд 40 хувийн татвар ногдуулаад байдаг, дураа хүрвэл чи НӨАТ төлөх эсвэл буцааж авах, арай л болоогүй байна гээд дургүйгээ хүрвэл чи НӨАТ төлөхгүй юу гээд торгоод байдаг, газраа ашиглах эрхээ олж аваагүй байхад газрын төлбөр төл гэх мэт хуулийг хэзээ ч хамаагүй хүссэн үедээ буцаагаад эсвэл хүссэнээрээ гуйвуулаад хэрэглэчихдэг гудиггүй албатууд олширвол тун аюултай. Тэдний уршгаар гадаадын хөрөнгө оруулагчид ч манайхаас дайжиж буй нь ойлгомжтой.
-Татварын хуулийн холбогдолтой нэг асуудлаар гэхэд танай байцаагчид ийм өөр өөр ойлголттой байдаг юм уу. Энэ хуулиндаа байна уу, эсвэл өөр ямар нэг асуудалд уу ?
-Хуулийн заалт нь ерөнхий, бүрхэгдүү байдгийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар хамгийн гол нь түүнийг хэрхэн яаж ойлгож хэрэглэх талаар ТЕГ-аас мэргэжлийн өндөр төвшинд хэлэлцэж тогтсон нэгдсэн заавар, журам, аргачлал тайлбар гаргах ёстой. Дээр нь мэдээж түүнийг мөрдөж хэрэгжүүлэх байцаагч нарын мэдлэг ур чадвараас бүх зүйл хамаарна. Бидний энэ хэргийн тухайд тийм санал зөрөх маргаантай ээдрээтэй заалт асуудал ерөөсөө байхгүй, бүх заалт зүйл тодорхой гэдгийг дээр хэлсэн. Харин та бидний ярианаас анзаарсан байх. Тэр юу гэвэл шүүх прокурорын байгууллагууд асуудлыг маш хурдан шийдэж байгаа. Өгсөн тайлбар танилцуулгыг аль ч шатандаа авч хэрэгсэхгүй байгаа. Нэг талыг барин биднийг аль болох буруутгаж, шинжээч нарын буруу дүгнэлтийг мэдсээр байж хэргийн нотолгоо болгож байгаа, шүүгч нар шүүх хурлын явцад яллагдагч, гэрч, өмгөөлөгч нарын өгсөн тайлбар мэдүүлэг, хүмүүсийн асуулт хариултаас бүх асуудлыг бүрэн ойлгож зөв талаас нь хүлээн зөвшөөрч байгаа мэт байсан боловч шийдвэр гаргахдаа байцаагч биднийг буруутгаж ялласан. Энэ нь ямар нэгэн зорилгод чиглэсэн мэт. Юу гэвэл АТГ, мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллагууд Ч.Гансүх гэдэг хэрэгтнийг илрүүлсэн нь олон түмэнд ил болсон тул түүнийг хийсэн хэргийнх нь төлөө буруутгаж яллах ёстой байсан. Нөгөө талаар үнэн худал олон тэрбум төгрөгийн хэрэг орон даяар зарлагдсан байгаа. Энэ бүгд үнэн гэдгийг олон нийтэд батлахын тулд "ажил” болгож бүгдээрээ санал нэгтэй биднийг хүчээр буруутган, хоморголон шийтгэсэн. Бид ингэж л үзэж байна даа. Алдсан хүн арван тамтай гэдэг шиг л олон юм бодох юм.
-Буруу дүгнэлт гаргасан шинжээч нар л захиалгат ажиллагаа гүйцэтгэж гэж ойлгогдож байна. Ингэхэд тэд хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээх үү?
-Хэрэв бидний хэрэг цагаадсан тохиолдолд тэд буруудах байх, чухам ямар хариуцлага хүлээхийг мэдэхгүй.
-Та нар цаашид гэвч яаж бодолтой байна вэ. Үнэхээр амьдралаараа хохирчихлоо шүү дээ?
-Дээд шатны шүүхэд өргөдөл өгч давж заалдана гэсэн бодолтой байна. Бид чинь шударга ёсны эрх зүйт ардчилсан нийгэмд амьдарч байна шүү дээ. Төр түмэн нүдтэй гэдэг дээ. Тэгэхээр бидний хэрэг цагаадна гэж бүрэн итгэж байгаа гэж ярилаа.
Дээä шүүх эрхбиш эрх баригчдад улс төрийн өндөр ашиг авчрах байсан энэ хэргийг одоо наанатай цаанатай авч үзэх бизээ хэмээн найднам. Төрд шургалсан гэмт хэрэгтнүүдийг шүүх нь зүйн хэрэг, харин тэдний хоморгонд гэм зэмгүй төрийн албан хаагчдыг хуулийн дагуу ажил үүргээ гйцэтгэснийх нь төлөө яллаж, ажил амьдралаар нь хохироох эрх хэнд ч байхгүй билээ. Манай сонинд нийтлэгдэж буй энэхүү цувралыг бизнесийн хүрээнийхэн тун эмзэг хүлээж авч буйгаа илэрхийлцгээж байна. Улс төр хэрэгтэйгээ "авсан” бол хэлмэгдүүлэлтээ эргэж хараасай. Улс төрийн буруу эргүүлэгний эрэг шураг болж яваа зарим увайгүй төрийн албан хаагчид ч хожмын үйл лайгаа бодож, алдаагаа хүлээх нь зүйд нийцэх буй заа. Бид энэхүү цувралаараа Ч.Гансүх болон түүний хэрэгт шууд холбогдолтой хүмүүсийг хамгаалах өчүүхэн ч санаа бодолгүй гэдгээ илэрхийлэхийг мөн хүсч байна. Харин түүний хоморгонд хилс ял хүлээсэн эдгээр байцаагчдыг шударга ёсны шүүх үнэн зөв шүүгээсэй гэсэндээ олон түмэнд хүргэж байгаа билээ.

БИЗНЕСМЕНҮҮД ЭЭ, ТАТВАРЫНХАН ХҮССЭН ҮЕДЭЭ ТА НАРААС ХУУЛЬ БУС ТАТВАР АВЧ БАЙНА

"Open door" Сонины Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Б.Ганчимэг танаа

Ч.Гансүх нарын 13 хүний хэрэг гэгчид гэмгүй зургаан татварын байцаагчийг хомроглон  хэлмэгдүүлсэн талаар

ТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтэст 2004-2013 онд /Ч.Гансүх даргын удирдлагад 3-9 жил/ ажиллаж байсан О.Бямбасүрэн, П.Галмандах, Б.Жаргал, Н.Рагчаахүү, Б,Өсөхбаяр, Н.Чинбат биднийг илтэд хууль бус шинжээчийн дүгнэлт гэх зүйлийг үндэслэн 8-н компанийг 2010 онд шалгаад улсад төлөх ёстой 13.4 тэрбум төгрөгийн татварыг төлүүлээгүйн улмаас улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн анхан шатны шүүхээс 3-н жилийн хугацаагаар тэнсэн харгалзах, татварын улсын байцаагч хийх эрхийг 3-н жилээр хасах ял ногдуулсан.

Энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн хууль бус үйл ажиллагааны талаар:   

НЭГ. Шинжээчийн дүгнэлт илт хууль бус байсан талаар

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч Б.Баярнэмэх, С.Отгонзаяа нар «Кью Жи Экс Монгол» компани 2005-2009 онд татвараа үнэн зөв тодорхойлсон эсэхэд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэнд тус ХХК нь 11.4 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн мэтээр үүнийг нь бид нар зориудаар илрүүлээгүй мэтээр илт хууль бус шийдвэр гаргасан нь дараахь байдлаар хууль бус байсан. Үүнд:

1.Шинжээчийн дүгнэлтэнд: «…Хувьцаа худалдан авах гэрээний дагуу…13.4 тэрбум төгрөгийн…хайгуулын болон үйл ажиллагааны зардал буюу өр төлбөрийг шилжүүлэхдээ эрх борлуулсны орлогод 30, нэмэгдсэн өртгийн албан татварт 10 хувиар…төлөөгүй байна…» гэж 2 удаа нийт 80.0 хувиар бодон татвар тооцож 9.3 тэрбум төгрөгийн  хохирол учруулсан гэсэн нь илт хууль бус, үндэслэлгүй.

Учир нь Компанийн тухай хуулинд заасны дагуу хувьцаагаа хувьцаа эзэмшигч нь бусдад худалдах эрхтэй тул Монгол Улсын «Кью Жи Экс Монгол», «Хангад эксплорейшн», «Хайчийн булаг эксплорейшн», «Эрстсайр эксплорейшн», «Шүтээн эксплорейшн», «Баян Айраг эксплорейшн» ХХК-иудыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Их Британийн Виржини арлуудын «Quincunx (BVI)» компани нь «Хувьцаа худалдан авах гэрээ»-ний дагуу Гибралтари улсын «Кью жи Экс Металс Лимитид» компанид өөрийн эзэмшлийн хувьцааг худалдан борлуулсан, шинээр хувьцаа эзэмшигч болсон уг компани нь дахин «Хувьцаа шилжүүлэх гэрээ»-ний дагуу Люксембург улсын «Кью жи Экс Металс Эс.ар.Эл» компанид эдгээр 6 ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааг худалдсан, шилжүүлсэн байна.

Энэхүү ажил гүйлгээ нь Монгол Улсын «Кью Жи Экс Монгол» болон бусад 5 «эксплорейшн» компанийн ажил гүйлгээ бус тэдгээрийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй холбоотой ажил гүйлгээ гэдэг нь хүн бүхэнд ойлгомжтой байна.

Монгол Улсын эдгээр 6 ХХК-ийн эзэмшилд «ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл»-үүд нь бүгд бүртгэлтэй байсан бөгөөд Их Британийн Виржини арлуудын «Quincunx (BVI)», Гибралтари улсын «Кью жи Экс Металс Лимитид», Льюксембург улсын «Кью жи Экс Металс Эс.ар.Эл» компаниудын нэр дээр Монгол Улсад бүртгэлтэй 6 ХХК нь өөрийн эзэмшлийн «ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл»-үүдээ шилжүүлээгүй, худалдан борлуулаагүй, зөвхөн тэдний хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын эрх бүхий ажилтан, албан тушаалтан «Хувьцаа худалдан авах гэрээ», «Хувьцаа шилжүүлэх гэрээ», холбогдох бусад баримт материал зэргийг хянан хүлээн авч, Монгол Улсын Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна гэж үзэн «Кью Жи Экс Монгол» ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн бүртгэлд нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг хийсэн байсан.

Мөн Монгол Улсын Компанийн тухай хуулинд компани нь хувьцаа эзэмшигчдийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж хоёрдмол утгагүй тодорхой заасан байхад шинжээч нар хувьцаа эзэмшигчтэй холбоотой ажил гүйлгээг эрх борлуулсны орлого гэж үзэн тус ХХК-д 9.3 тэрбум төгрөгийн аж ахуйн нэгж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь илт хууль бус, үндэслэлгүй байна. Бид нарын шалгасан «Кью Жи Экс Монгол» компанид татварын байцаагч Б.Баярнэмэх, С.Отгонзаяа нар шинжээчээр, «Хангад эксплорейшн», «Хайчийн булаг эксплорейшн», «Эрстсайр эксплорейшн», «Шүтээн эксплорейшн», «Баян Айраг эксплорейшн» гэсэн 5-н компанид Ц.Базарсүрэн, С.Байгалмаа, н.Болдбаатар, Б.Эрдэнэтуяа, Л.Амарбаатар, Д.Бадамгарав, Ч.Ууганбаяр нарын 10-н татварын байцаагч шинжээчээр томилогдон ажилласан. Эдгээр 6-н компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь «Хувьцаа худалдан авах гэрээ»-ний дагуу өөрийн эзэмшлийн хувьцаагаа бусдад худалдсан, шилжүүлсэн бөгөөд эдгээр 6-н компани бүгд «Ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл»-үүд эзэмшдэг. Гэтэл «Хангад эксплорейшн», «Хайчийн булаг эксплорейшн», «Эрстсайр эксплорейшн», «Шүтээн эксплорейшн», «Баян Айраг эксплорейшн» гэсэн 5-н компанид шинжээчээр томилогдон ажилласан Ц.Базарсүрэн, С.Байгалмаа, н.Болдбаатар, Б.Эрдэнэтуяа, Л.Амарбаатар, Д.Бадамгарав, Ч.Ууганбаяр нарын 10-н шинжээч эдгээр 5-н компанийг «Ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл»-үүд худалдан борлуулсан гэж үзээгүй, эрх борлуулсан гэж 30, нэмэгдсэн өртгийн албан татвар гэж 10 хувиар тус бүр 2 удаа, нийт 80 хувиар татвар ногдуулан төлүүлэх шийдвэрийг гаргаагүй, «Хувьцаа худалдан авах гэрээ», «Хувьцаа шилжүүлэх гэрээ»-ний дагуу эдгээр 5-н компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн, хувьцаа эзэмшигчийн бүртгэлд нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хийгдсэн нь холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан гэж дүгнэн хууль, эрх зүйн үндэслэлтэй үнэн зөв, бодитой шийдвэр гаргасан байхад «Кью Жи Экс Монгол» компанид шинжээчээр томилогдон ажилласан Б.Баярнэмэх, С.Отгонзаяа нар «Кью Жи Экс Монгол» компанийг бусдад «Ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл»-үүд худалдан борлуулж эрх борлуулсны болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй улсад 9.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж тус компанийн гаргасан зардлаас 80.0 хувиар татвар ногдуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль бус байна.Бидний өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг Шүүх хуралдааны явцад «Хангад эксплорейшн», «Хайчийн булаг эксплорейшн», «Эрстсайр эксплорейшн», «Шүтээн эксплорейшн», «Баян Айраг эксплорейшн» гэсэн 5-н компанид шинжээчээр томилогдон ажилласан Ц.Базарсүрэн, С.Байгалмаа, н.Болдбаатар, Б.Эрдэнэтуяа, Л.Амарбаатар, Д.Бадамгарав, Ч.Ууганбаяр нараас «Кью Жи Экс Монгол» ХХК-д шинжээчээр томилогдон ажилласан Б.Баярнэмэх, С.Отгонзаяа нар тус компанийг «Ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл»-үүд худалдан борлуулсан гэж үзсэн байхад та бүхэн яагаад Б.Баярнэмэх, С.Отгонзаяа нар шиг эдгээр 5-н компанийг «Ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл»-үүд худалдан борлуулсан гэж үзээгүй хувьцаа эзэмшигчийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт хийгдсэн гэж үзсэн юм бэ гэсэн асуултад бүгд эдгээр 5-н ХХК ямарч «Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл»-үүд худалдан борлуулаагүй тул хувьцаа эзэмшигчтэй холбоотой ажил гүйлгээ гэж үзэн хуульд заасны дагуу үнэн зөв шийдвэр гаргасан гэсэн хариултыг өгсөн болно.

2.Шинжээчийн дүгнэлтэнд: «…2006 онд…4326 тоот лицензийн хуримтлагдсан зардал болох 14.2 тэрбум төгрөгийг…борлуулалтын орлогод тусгалгүй…нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй… 2.1 тэрбум төгрөгийн…татвар…төлөөгүй байна…» гэсэн нь илт хууль бус, үндэслэлгүй.

Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд татвар ногдох бараа үйлдвэрлэж, ажил, үйлчилгээ үзүүлэн орлого олж байгаа хуулийн этгээдийн борлуулалтын орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрсэн өдрөөсөө хойш олсон орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөхөөр хуульчилагдсан байхад, мөн «Кью Жи Экс Монгол» ХХК нь 2006 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар орлого олоогүй, 2006 онд бүтэн жилийн турш борлуулалтын орлогын хэмжээ нь 6.8 сая төгрөг буюу хуулинд заасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх болзол журмыг хангаагүй орлого нь 10.0 сая төгрөгт хүрээгүй, нэгэнт орлого нь 10.0 сая төгрөгт хүрээгүй тул харьяалах татварын алба нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгоогүй, хуулинд заасны дагуу уг татварыг ногдуулан төлөх үүрэг үүсээгүй байхад шинжээч нар орлогод бус хайгуулын ажлын 14.2 тэрбум төгрөгийн зардалд 2.1 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй гэсэн нь илт хууль бус, үндэслэлгүй.

Ogun-State-Man-Commits-Suicide

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд заасны дагуу тухайн жилд борлуулалтын орлогын хэмжээ нь 10.0 сая төгрөгт хүрснээс хойш олсон орлогодоо татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөхөөр хуульчлагдсан байна. Гэтэл шинжээч нар тус компанийг орлого олоогүй байхад «Кью Жи Экс Монгол» ХХК-ийн орлого нь 10.0 сая төгрөгт хүрээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын хуулинд заасан татвар ногдуулан төлөх үүрэг үүсээгүй байхад татвар ногдуулсан. Өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг шинжээч С.Отгонзаяа, Б.Баярнэмэх нараас «Кью Жи Экс Монгол» ХХК-ийг 2005 онд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн нэр бүхий Татварын улсын байцаагч нар шалган тус ХХК-ийг орлого олоогүй байж орлого олсон мэтээр, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төлөх хуулинд заасан болзол журмыг хангасан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн 2003, 2004, 2005 онд нийт 228.7 сая төгрөгийг төсвөөс буцаан авахаар хасалт хийж тайлагнасныг хүчингүй болгосон 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг гарган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан болохыг мэдсэн үү, тэр шийдвэрийг судалсан уу гэсэн асуултад С.Отгонзаяа, Б.Баярнэмэх нар тийм шийдвэр гарсныг мэдээгүй, судлаагүй, хараагүй гэж хариулсан нь шинжилгээг дутуу хийж, хууль бус шийдвэр гаргасныг харуулж байна. Ер нь нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхойлохдоо орлогод ногдох НӨАТ-аас худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг хасаж зөрүүгээр нь төлбөл зохих НӨАТ-ыг тодорхойлдог. Гэтэл шинэжээч нар худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг хасч өгсөн бол эсрэгээрээ тус ХХК НӨАТ-ын илүү төлөлттэй гарах байсан байлаа. Гэх мэтчилэн шинжээч нар яг ийм дүгнэлтийг "УМУХ”, "Нордтэнхэ говь” ХХК-д гаргаж улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн нь эмгэнэлтэй. Гэтэл татварын байцаагч Н.Ганбаатарыг энэ хоёр ХХК-д шинжилгээ хийхээс өмнө Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Түмэнжаргал "УМУХ”, "Нордтэнхэ говь” ХХК-д шинжилгээ хийж бидэнтэй адил шийдвэрийг гаргасан байгаа шүү дээ.

  1. Эдгээр компаниудын нэр дээр байсан хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хөрөнгө оруулагч нь нүүрс, алт, хүдэрийнх гэх мэтээр төрөлжүүлж хооронд нь шилжүүлсэн байдаг юм.

Шилжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуульд "хайгуулын талбайн мэдээллийг борлуулж татвараа төлсөн бол шилжүүлж болно” гэж зааснаар хоорондоо "лицензэт талбайн мэдээлэл борлуулах” гэрээ хийж уг борлуулалтын орлогод ногдуулахаар хуулиар тогтоосон 10 хувийн татварыг төлсөн бөгөөд АМХЭГ ч хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн бүртгэсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуульд "тусгай зөвшөөрөл буюу эрхийг худалдан борлуулж болохгүй” гээд тодорхой заачихсан тул хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хуулийн гарц нь л энэ. Эдгээр компаниуд энийг л ашигласан. Хуулийн энэ зохицуулалт 2006 оны шинэчилсэн найруулгаар бий болсон. Харин мэдээлэл борлуулсны орлогод НӨАТ ногдуулаагүй байсныг нь бид илрүүлж төлбөр ногдуулсан. Гэтэл шинжээч нар энэ ажил гүйлгээг "эрх буюу тусгай зөвшөөрөл борлуулсан тул 10 биш 30 хувийн татварыг худалдан авагч тал нь борлуулагч талаас суутгах ёстой” гэж үзсэн. Борлуулагчийн төлсөн 10 хувийг ч хасч тооцоогүй. Энэ төрлийн зөрчилд ногдуулсан төлбөр л гэхэд 0.9 тэрбум төгрөг болж байгаа.

  1. Үүнээс гадна шинжээч нар Монгол Улсын татварын хууль тогтоомж, олон улсын гэрээгээр Монгол Улсад татвар төлөх үүрэг хүлээгээгүй гадаад улсын аж ахуйн нэгжийн тухайн улсдаа үйл ажиллагаа явуулж олсон орлогод (Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаагүй байхад) Монгол Улсын хуулиар ААНОАТ, НӨАТ ногдуулах зэргээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүд гаргасан.

Ингэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлтөөр орж, 2012 оноос хэрэгжсэн заалтыг үндэслэн "Хангад-Эксплорэйшн” ХХК, "Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн 2007, 2008, 2009 оны үйл ажиллагаанд албан татвар ногдуулан хуулийг буцаан хэрэглэсэн байсан. Түүнчлэн шинжээч нар бусад 5-н компаниудад хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтынх болмогц газар ашиглаж олборлолтоо хийж эхлээгүй, орон нутгийн газрын албатай гэрээ хийж, Засаг даргын захирамж гарч, газрын харилцааны эрх, үүрэг үүсээгүй байх хугацаанд нь ашиглалтын лицензийн нийт талбайд нь газрын төлбөрийг нөхөн ногдуулахдаа төв суурин газрын үнэлгээг суурь үнэлгээ болгосон, зарим зөрчилд хүү, торгууль, алданги буюу захиргааны хариуцлага тооцож хохирлын хэмжээг ихэсгэсэн зэргээр 0.8 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан, шинжээчийн дүгнэлтийн пункт бүр нь хууль хэрэглээний болон тооцооллын алдаатай, хоорондоо зөрчилтэй, яаж дүнг нь их болгох вэ гэж хичээсэн өнгө аястай дүгнэлт гарсан байсан.

ХОЁР. Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар

Шинжээч нарыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нараас томилсон нь анхаарал татсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулиар бол шинжээч нарыг ашиг сонирхлын зөрчилгүй, тусгай мэдлэгтэй, мэргэшсэн байх, хэргийн оролцогч биш байх гэх мэт тодорхой шалгуураар сонгох, мөн зөвхөн бидний хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын ажилд шинжилгээ хийлгэх учиртай юм. Хуулийн эдгээр заалтууд бүгд зөрчигдсөн. Тухайлбал:

1.Татварын алба бол хуулиар заагдсан босоо удирдлагатай байгууллага. Бидний ажил үүргийн хуваарьт зааснаар аймаг, нийслэл, дүүргийн татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн байцаагчдыг арга зүйн удирдлагаар хангах, тэдний хийсэн хяналт шалгалтын ажилд нягтлах шалгалт хийх, шалган туслах зэрэг ажлууд багтдаг.

Гэтэл эдгээр шинжээч нар биднээр хийсэн ажлаа шалгуулдаг, үнэлүүлдэг, нягтлах шалгалтаар тэдний илрүүлээгүй зөрчлийг илрүүлбэл Татварын албаны Ёс зүйн хороогоор ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг нь авч хэлэлцдэг, ийм л ажил хэргийн харилцаатай, манай доод шатны байгууллагын байцаагч нар шүү дээ. Бидэнтэй биш юмаа гэхэд ТЕГ-ын ХШАЗХ-ийн дарга асан Ч.Гансүхийн хувьд бол бараг шууд удирдлаганд нь ажиллаж байсан хүмүүс. Тэдний зарим нь урьд нь яг энэ хэлтэст буюу Ч.Гансүх гэж хүний удирдлаганд ажиллаж байсан түүнтэй таарамжгүй харилцаатай байсан. Ашиг сонирхлын зөрчил байгаа биз дээ. Эдгээр байцаагч нар шинжээчээр томилогдохоосоо бүр өмнө "бидний хийх гэж байсан шалгалтыг булаан авсан, аашилж загнаж байсан” хэмээн гэрчийн мэдүүлэг өгч байсан нь хавтаст хэрэгт байгаа.

2.Тэд бидний хийсэн хяналт шалгалтын ажилд шинжилгээ хийгээгүй, татвар төлөгчийн санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн.

Энэ нь ч тэднийг ШШТХ-д заасны дагуу "Шинжээч”-ээр томилогдсон гэдгээ бүрэн ухамсарлаагүй, татварын улсын байцаагчийн ажлаа л хийсэн гэдгийг харуулж байгаа юм. Шүүх хурал дээр ч энэ тухайгаа өөрсдөө мэдүүлж байсан. Зарим компанийн хувьд санхүүгийн баримтыг нь ч гаргуулан авч шалгаж чадаагүй гэж байгаа.

3.Хамгийн гайхалтай нь Татварын албаны удирдах дээд байгууллага болох Татварын Ерөнхий газар хохирогч, тэнд ажиллаж байсан бид шүүгдэгч, Татварын албаны анхан шатны нэгж болох Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн байцаагч хохирогч эс хохирогч, шүүгдэгч эс шүүгдэгч болохыг тогтоохоор шинжээчээр томилогдож байгаа нь хууль хяналтын байгууллага битгий хэл эрүүл ухаантай хүний ой тойнд ч оромгүй зүйл боллоо.

Ноёнтой сөргөлдвөл толгойгүй, нохойтой шөргөөлцөлдвөл хормойгүй гэдэг шиг дүүргийн байцаагч нар ТЕГ-ынхаа эсрэг шийдвэр гаргахгүй нь ойлгомжтой бөгөөд тэд шинжилгээ хийж байхдаа ТЕГ-аас зөвлөгөө авч шийдвэрээ гаргасан нь бүр эмгэнэлтэй, бүр албан тоотоор хариу авсан нь хавтаст хэрэгт байх юм. Магадгүй тэд хуулийн дагуу бодитой шийдвэр гаргасан бол бид хэрэгт холбогдолгүй болох бөгөөд ТЕГ хохирогч гэдэг нь тогтоогдохгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.

ГУРАВ. Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн талаар

Шүүх хуралдааны явцад шинэжээч нар илт хууль бус шийдвэр гаргасан нь хэн хүнд ойлгомжтой болсон, шинжээчийн ажлыг хийж гүйцэтгэх мэргэшлийн ур чадваргүй, асуултад бүрэн гүйцэд хариулддаггүй, өөртөө итгэлтэй бус, хуулийг бус тэгсэн байж таараа гэж асуудалд хувийн үзэмжээр таамгаар хандсан, нэг ижил ажил гүйлгээн дээр 2 өөр шийдвэр гаргасан нь үнэхээр эмгэнэлтэй, шинжээч нарын энэхүү байдлыг мэдэж ойлгосон шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Алтангэрэл, Б.Оюунбилэг, Я.Гантөмөр нар шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд учир дутагдалтай, эргэлзээтэй байх тул дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэсэн утга бүхий саналыг Шүүгч нарт танилцуулсан. Эрүүгийн хуульд хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй, тээнэгэлзээтэй байвал яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл үндэслэл муутай буюу илт хууль бус шинжээчийн дүгнэлтийг үндэслэж ял ногдуулахыг хориглосон байхад хуулийг буруу хэрэглэсэн.

ДӨРӨВ. Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн талаар

Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж эрхэлж буй ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон байтал 2010 онд ажиллаж байсан ТЕГ-ын Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн байцаагч нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь яллагдагчаар татан, дүүргийн шүүх, давж заалдах шатны шүүхээс татварын бус ажил хийж гүйцэтгэж байсан 4-н хүнийг цагаатгаж, зөвхөн татварын байцаагч биднийг хилсээр яллан цагаатгалгүй ялган үлдээж байгаа нь хуулийг ноцтой зөрчлөө.   Өөрөөр хэлбэл татварын бус ажил хийж гүйцэтгэж байсан хүмүүс бүгд цагаатгагдсанаас үзэхэд хийж байсан ажлаараа татварын байцаагч бид хэрэг хийгээгүй байж ялгаварлан гадуурхагдаж байгаа нь илт байна.

ХҮНДЭТГЭСЭН:     О.БЯМБАСҮРЭН, П.ГАЛМАНДАХ,  Б.ЖАРГАЛ, Н.РАГЧААХҮҮ, Б.ӨСӨХБАЯР,  Н.ЧИНБАТ

Б.Ганчимэг
Нийтлэлч сэтгүүлч

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler