|
Улсын эдийн засаг
хямарч, элгээрээ мөлхөж эхэлсэн энэ цаг үед төсвийн мөнгийг хайрлаж,
хямгадах үүрэг төрийн албан хаагч нэрнээс цаашгүй эрхмүүдэд тун их
хамаатай. Харамсалтай нь үүргээ умартаж, улсын мөнгийг өөрийн мэт
цацахдаа төрийн ажлыг цалгардуулдаг толгой томтой хурган дарга нар
олширчээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг
Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын удирдлагууд эрх мэдлээ урвуулан
төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан тодорхой болоод байгаа аж.
Тодруулбал, "Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг
тэмдэгжүүлэх" ажлын тендерт шалгарсан "Лаки лайф" ХХК-д дэндүү гэмээр
давуу байдал олгожээ. Учир нь тус компани нь Байгаль орчин, ногоон
хөгжлийн газартай өнгөрөгч оны зургадугаар сард гэрээ байгуулан ажлаа
эхэлжээ. Нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт нийтдээ 1525 цэгт
бетонон шон болон "Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс" гэсэн
пайз тэмдгийг суурилуулах ёстой болсон аж. Үүний дагуу ажлаа эхэлж,
суурилуулах ёстой шонгоос 1000 орчмыг нь босгосон ч санхүүжилтээ бүрэн
аваад зогсоогүй, ажлаа хүлээлгээд өгчихсөн гэнэ. Хийж дуусаагүй ажлыг нь
хийснээр тооцоод шан харамжийг нь төсвөөс төгрөг дутаалгүй өгөх
шийдвэрийг гаргасан тул Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын удирдлага
Авлигатай тэмцэх газрын хаалгыг татахад хүрээд байгаа аж.