| |
Гурван хүний амиар ”арилжаа” хийсэн С.Эрдэнийн яам, “Нийслэл Өргөө”-гийн эздийг АТГ-аар шалгуулахаар болжээ
Ер нь манай улсад сүүлийн жилүүдэд барилгын аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй осол хэргүүд ихээр гарах болсон. Үүнээс болж ид хийж хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуус алтан амиа алдсаар байгаа нь нууц биш. Амьдралаа авч явахын тулд хамгийн хүнд хүчир ажлуудын нэг болох барилгын ажлыг сонгож ажиллаж байгаа тэдгээр залуусын буруу ч гэж юу байхав. Гагцхүү хүнээр ажлаа хийлгэж байгаа удирдлагууд хариуцлагатай байж, ажилтнаа хохироохгүй байх бүхий л дүрэм журмыг сайтар мөрдөх учиртайгаа умартдаг ч гол учир оршино.
Гурван хүний алтан амийг авч одсон дээрх осол ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажлаагүйгээс, ажилчдаа бодоогүйгээс улбаатай юм. Юутай ч энэ ослын асуудал хөндөгдөж эхлэхээр өмнө нь удаа дараа зөрчил гаргаж байсан компанийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам ямар шалгуураар сонгоод авчихав. Чухам ямар учраас архивын зориулалттай цөөхөн давхар барилга бариулах зөвшөөрөл авсан хэрнээ орон сууц болгож олон давхарыг нэмж бариулахаар болов гээд олон эргэлзээтэй, "но”-той асуудлууд сөхөгдөж эхэлж байна.
Уг барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан "Нийслэл өргөө” компаниас олон ноцтой зөрчил илэрсэн байна. Тиймээс "Нийслэл өргөө” компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Уг барилгыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар барьж байсан бөгөөд анхнаасаа төсвийн мөнгөөр орон сууц барихгүй байх ёстой гэдэг зарчмаар орон сууц бус архивын барилга хэмээн барьж байжээ. Гэвч хоёр давхараас дээшээ гэнэт орон сууц буюу нийтийн байр болон хувирсан албаныхан хэлж байна. Чухам ямар учраас архивын барилга, нийтийн байр болж хувирсан нь одоогоор тодорхой бус байгаа юм. Тиймээс зарим иргэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамныхныг энэ тал дээр мэдээлэл өгөхийг шаардаж эхлээд байна.
Бүр тодруулбал, "Нийслэл Өргөө” компани нь зөвшөөрлөө архивын барилга гэж авсан ч орон сууц барьж байсан гэх мэдээллийг НМХГ-аас өгсөн юм. Мөн анх 10 давхар барилга барих зөвшөөрөл авсан ч 14 давхар болгож өндөрсгөж барьсан зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд энэхүү асуудал Нийслэлийн Ерөнхий төлөвлөөгөөний газрын ажилтнуудтай ч холбоотой байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд онцоллоо.
"Нийслэл өргөө” компани нь яамнаас зарласан тендерт шалгарсанаар уг барилгын ажлыг явуулж байжээ. Гэвч тендерт шалгарсан компани нь туслан гүйцэтгэгч компани авах ёсгүй, зөвхөн өөрсдөө ажлаа гардан гүйцэтгэх ёстой тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тайлбарлаж байна. Харин "Нийслэл өргөө” компани хоёр ч компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж зөрчил гаргаж байсан бөгөөд тэдгээртэй хийсэн гэрээ хэлцэл нь ч хууль ёсных биш гэдгийг албаныхан хэллээ.
Амиа алдсан иргэдийн хувьд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан "Тэгшрэх” компанийн ажилчид байсан юм байна. Цагдаагийн байгууллагаас "Нийслэл Өргөө” компани "Тэгшрэх” компанийн баримт бичигт үзлэг хийхэд тус хоёр компанийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болоогүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөн хамтарсан гэрээ үйлдээгүй, ажилчдаа ажилд гарахад тухайн компанийн инженерүүд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй болох нь тогтоогдсон байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тус барилга нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын наад захын дүрэм журмыг барьж ажиллаагүй нь тодорхой болжээ. Өндөрт ажиллах хүмүүс хамгаалалтын бүстэй, малгайтай байхаас гадна хамгийн гол нь хашлага бэхэлгээтэй байх ёстой байсан байжээ. Амиа алдсан ажилчид зөвхөн бүстэй л байсан байна. Мөн цас бороотой үед барилга угсралтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог байхад энэхүү барилгад ажиллаж байсан хүмүүс бороонд барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан зэрэг зөрчил илэрсэн гэж НМХГ-аас мэдээлсэн юм.
2011, 2013 онд "Нийслэл өргөө” компанийн барилгаас хүн унаж амиа алдсан хэрэг гарч байсан. Энэ мэт хүний амь эрсэдсэн зөрчилтэйгээс гадна багагүй асуудалтай компанийг тендерт шалгаруулсан Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яам, "Нийслэл өргөө" хоёрын асуудлуудаар НМХГ-аас АТГ-т хандана гэдгээ мэдэгдлээ . Эх сурвалж: 24 tsag.mn