|
Видео

Шинэ мэдээ

Ж.Наранбаатар: “Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан түрээсийн төлбөр төлөлгүй амьдардаг

Ж.Наранбаатар: “Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан түрээсийн төлбөр төлөлгүй амьдардаг"Номин холдинг" группын түрээслэж байсан "Их тэнгэр" цогцолборын 24 дүгээр байрыг төр өмчдөө буцаан авахаар болсон. Үүнд бухимдсан "Номин холдинг" группийн Ерөнхийлөгч Ш.Баярсайханы бичлэг өнгөрсөн долоо хоногт шуугиан тарьсан билээ. Мөн "Их тэнгэр" цогцолборыг ашиглаж болохооргүй болсон байхад "Номин холдинг"-оор хөрөнгө оруулалт хийлгэж засч янзлуулчихаад төр буцаагаад авах гэж байна гэх мэт олон асуудал яригдаад байгаа юм. Энэ асуудлаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

-"НОМИН ХОЛДИНГ” КОМПАНИД ДОЛООН УДАА АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ТАВЬЖЭЭ-

Энэ үеэр Төрийн тусгай хамгаалалттай газрын Захиргааны хэлтсийн дарга Ж.Самбалхүндэв хэлэхдээ ”Номин холдинг”-ийнхон хууль зөрчиж, өөрсдийн ашиг сонирхолоо бодоод байна. Төрөөс гаргасан захирамж шийдвэрийг биелүүлэх бүү хэл өөрсдийнхөөрөө дураараа авирлаж байна. "Их тэнгэр” цогцолбор бол манай ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар амьдардаг, мөн гадаадын өндөр дээд хэмжээний зочид байрладаг, төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг Төрийн тусгай хамгаалалтын бүсэд тооцогддог. Ийм орчинд байрладаг тус цогцолборын 24 дүгээр байрыг "Номин холдинг” компани түрээсэлсэн гэрээг Төрийн өмчийн хороо энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрийн тогтоолоороо цуцалсанаас хойш маргаан эхэлсэн. Энэ гэрээ цуцлагдсанаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн сөрөг мэдээлэл ч гарч байна.

2004 он хүртэл "Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байр хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Төрийн тусгай хамгаалалттай үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ийм байр байсан. Энэ байрыг тухайн үед хэвийн үйл ажиллагаатай байсан гэдгийг бид мэдэж байгаа. Төрийн өмчийн хорооны тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд бид "Номин холдинг” компанид долоон удаа албан ёсоор хандсан. Ингэж албан ёсоор хандахдаа бид ТӨХ-ны тогтоолыг хэрэгжүүлэх хугацаатай, үе шаттай ажил явуулж эхэлсэн. Хэн хэнийхээ эрх ашгийг бодож бүгдийг зохицуулах гэсэн. Улмаар Төрийн тусгай хамгаалалтын бүсэд байрладаг 24 дүгээр байрны гадна хамгаалалтын шалган нэвтрүүлэх цэгийг байрлуулсан. Ингээд энэ тогтоолын талаар мэдэгдсэнээс хойш "Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан, түүний гэргий, Захиргаа эрхзүйн газрын дарга Даваадорж нар албан тушаалтнууд хуулийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцсээр байна” гэв.

-"НОМИН ХОЛДИНГ” –ЫНХОН ШУНАХАЙН СЭДЛЭЭР ТӨХ-НЫ ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ГЭВ-

Хурлын үеэр Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга, хурандаа Ж.Наранбаатартай "Номин холдинг”-ийн маргааны талаар цөөн хором ярилцлаа.

-Төрийн тусгай хамгаалалттай газраас "Их тэнгэр”-ийн 24 дүгээр байрны түрээсийн гэрээтэй холбоотой асуудлыг дэлгэхгүй юу?

-"Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байр Монгол Улсад албан ёсны болон төрийн айлчлал хийж байгаа гадаад орны зочид, төлөөлөгчид тэдгээрийг дагалдан яваа хүмүүсийг байрлуулах зориулалтаар 1978 онд анх баригдсан байдаг. Энэ маань дөрвөн давхар байшин. Хоёр орц, 17 айлын нийт 4470 мкв талбай бүхий төвлөрсөн дулаан, цахилгаан, бохир усны шугам сүлжээтэй.  1 тэрбум, 930 сая, 462 мянган төгрөгний нэгдсэн өртөгийн баланстайгаар Төрийн өмчид байдаг. Тэгвэл "Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг "Номин холдинг”-д 2004, 2006, 2007 онуудад хууль зөрчин түрээсийн гэрээ байгуулан удаан хугацаагаар түрээслүүлж байсан байна.

-Ямар учраас хууль ёсны бус гэрээ байгуулсан гэж үзэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, 2004 онд байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ маань  2001 оны 130 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өөрийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ыг зөрчиж эхэлсэн. Хоёрдугаарт, түрээсийн гэрээг ТӨХ-оогоор батлуулаагүй. Хоёр байгууллагын хоёр албан тушаал өөрсдөө баталсан төдий зүйл байсан. Гуравт, ТӨХ-ноос баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг баримтлаагүй. Мөн 2006 оны гэрээг Төрийн тусгай хамгаалалттай газрын хангалт үйлчилгээний хэлтсийн даргатай байгуулсан. Түүнчлэн, 2007 оны гэрээг ТӨХ-оогоор батлуулаагүй. ТӨХ-ны түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг баримтлаагүй хийсэн байгаа.

-"Номин холдинг”-ийн зүгээс тодорхой хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Түүнийгээ ч шаардаж байгаа сурагтай?

-ТӨХ-нд "Номин холдинг”-оос оруулсан 1.2 тэрбум төгрөгийнхөө өртөгийг авна гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотой ТӨХ хуралдаад 2004 онд "Номинг холдинг” компани төрийн өмчид 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь хууль бус. ТӨХ-ноос зөвшөөрөл аваагүй. Энэ нь төрийн болон орон нутгийн хуулийг зөрчсөн байсан учир энэхүү хөрөнгө оруулалтыг баталгаажуулах үндэслэлгүй гэж тодорхой заасан. Мөн гэрээнд байрны метр квадратыг үнэгүйдүүлж хямдруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээнд  түрээсийн 139.4 сая төгрөгийг тусгалгүй, улсын төсөвт төвлөрүүлээгүй завшсан байгаа. Түүнчлэн түрээсийн төлбөр төлдөггүй 503 мкв талбай байгаа юм. Үүнд Ш.Баярсайхан гэгч өөрийн гэр бүлийн хамт амьдардаг. Тодруулбал, үнэгүй талбай завшчихаад түүндээ ямар үнэ төлбөргүй гэр бүлийнхэнтэйгээ амьдарч, дураарай авирладаг байгаа юм. "Номин”-гийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах үндэслэлгүй гэсэн ч 24 дүгээр байрыг дамжуулан хөрөнгө оруулалт оруулах боломжийг олгож, талууд харилцан түрээсийн гэрээг шинэчлэн байгуулаад энэ гэрээгээ ТӨХ-оогоор албан ёсоор баталгаажуулсан. Гэхдээ ингэхдээ түрээслэгч нь давуу эрхтэй хийгдсэн байдаг. Тодруулбал, зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсаны дараа буцаан авах эрхгүй гэж заасан заалтыг зөрчсөн.

-Гэрээндээ "Номин”-гийнхон ашиглалтын зардлыг тооцохгүй гэж зааснаар улсын төсвөөс багагүй мөнгө зарцуулсан гэх юм?

-ТӨХ-ны 2007 оны 42 дугаар тогтоол мөн л ялгаа байхгүй түрээсийн төлбөрт түрээсийн ашиглалтын зардалыг тооцохгүй гээд заасан байгаа. Тэгэхээр энэ өнгөрсөн 7 жилийн хугацаанд цахилгаанаас бусад зардлыг бид төлж ирсэн гэсэн үг. Улсын төсвөөс төлсөн гэсэн үг. Тэгэхээр зөвхөн 2007 оноос хойш энэ байрны дулаан, цахилгаан зэрэгт жилдээ 21.7 сая төгрөг, нийтдээ 157.7 сая төгрөг улсын төсвөөс зарцуулсан байгаа. ТӨХ-ны 42 дугаар тогтоол Түрээсийн төлбөрийн ашигтай талбайн мкв-ын доод үнэ гэж заагаад өгчихсөн байгаа. Хамгийн доод үнэ 5500 төгрөг байгаа. Гэтэл бусад гэдэг ангилалд  энэ байр яавч орохгүй. Тэгсэн энэ байрыг "Номин”-гоос подволь гэж үзэж үнийг нь бууруулж бодуулсан байгаа юм.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler