| |
Ениел Маркес: Өдөр нь таксины жолооч хийж, орой нь бэлтгэлдээ гардаг байлаа
Н.МӨНХЖИН
АНУ-ын "Нью-Йорк Космос” багийн Пеле, Рауль Гонсалес нарын ододтой нүүр тулан хөлбөмбөг тоглосныхоо дараа хөлсөө хатааж аваад төрөлх хот руугаа буцаж хувийн "бизнес”-ээрээ амьдардаг гайхамшигтай тамирчинтай Куба арал дээр тааралдаж болно. Тэр бол Кубын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, Вилья Клара багтайгаа Кубын долоон удаагийн аварга болсон, Оны шилдэг хөлбөмбөгч мөн мототаксичин Ениел Маркес юм. АНУ-ын "Нью-Йорк Космос” баг Куба арал дээр ирж Кубын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийжээ.
Хойд хэсгийн Санта Клара хотод ачаатай мотоцикл жолоодон яваа түүнийг олон фэнүүд нь "таних” гэжбөөн юм болдог аж. OnCubaMagazine сэтгүүлийн сурвалжлагч хөлбөмбөгч, мототаксичин Маркестэйуулзаж ярилцжээ. -Та яагаад хувиараа хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авав?
-Хоёр хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгох гол зорилготой. Хүү найм, охин есөн настай. Эхнэр минь Венесуэльд ажиллаж ирсний дараа бид мөнгөө зарцуулахаар шийдэж мототакси худалдаж авсан юм.
-Бүх мөнгөөрөө авчихсан уу?
-Тийм ээ. Эхэндээ тун хэцүү байлаа. Эхний хэдэн сар би өөрөө жолооч хийж, ээлжлэх хүн олдохгүй байсан. Өглөө мототаксиныхаа жолоочийг хийж, орой нь бэлтгэлдээ, тоглолтдоо гардаг байлаа. Өдөр дуусахад маш их ядарч байсан болохоор хэдэн сар хийгээд больсон. Биеийн хүч маш их шаардсан ажил л даа.
-Зорчигчид таныг таньдаг байсан уу?
-Хөгжилтэй явдал их болсон. Энэ ажлыг дөнгөж эхлээд явж байхад бусад жолооч нар намайг "Тамирчин” гээд нэрлэчихсэн, би арай өөр бие бялдартай байсан болохоор тэгсэн хэрэг л дээ. Мөн нэг удаа их сургууль орохоор явж байлаа. Нэг залуу толинд намайг хараад би ч бас хараад харц тулгарахгүй юу. Тэр буухдаа "Та чинь Кубын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч юм биш үү. Мототакси жолоодож юу хийж яваа юм” гэж асуулаа. Миний инээд хүрч "Би өөрөө ч итгэхгүй байна, гэхдээ л ийм байна даа” гэж хариулж билээ.
-Мототакси чинь эвдрэхээр юу хийдэг вэ?
-Өөрийн зардлаар засварын газарт өгнө, засварчин хайна. Азаар, ийм тохиолдолд дасгалжуулагч нар надад нэг өдрийн чөлөө өгдөг юм. Гэхдээ такси минь цөөхөн эвдэрсэн.
-Та одоо мототаксигаа барьж байна уу?
-Үгүй. Таксигаа техникийн үзлэгт оруулж байгаа. Гараад ирэхээр нь өөр жолооч олоод явуулна.
-Хувиараа хөдөлмөр эрхэлнэ гэхээр гэр бүл тань юу гэж байсан бэ?
-Тэд их дэмжсэн. Хоёр ажил хийх их хүнд байсан. Ойр дотны хүмүүс маань спортын, хувийн амьдралын тал дээр ч үргэлж дэмжиж байлаа. Тэдний дэмжлэггүйгээр үүнийг хийх боломжгүй байсан.
-Хөлбөмбөгч, таксичны ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?
-Бие бялдрын хувьд тун сайн байна. Үндэсний шигшээ багтаа үргэлжлүүлэн тоглохын тулд боломжтой бүхнийг хийнэ. Алтан цомд (Copas de Oro) найман удаа оролцсон Оделин Молинатай эн зэрэгцэхийг хүсч байна. Улс орон маань өөрчлөгдөж байна. Гадаадын аль нэг лигт гэрээгээр тоглохын төлөө явах болно. Ааах!, мэдээж мототаксигаа орхихгүй шүү.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин