| |
Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриалж байна
Эрүүгийн цагдаагийн газар, Дорноговь аймгийн Замын үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн албан хаагчид нэн ховор дархан цаазат амьтны эд эрхтнийг хууль бусаар хил давуулах гэж байсан этгээдийг баривчилжээ. "Эмээлт", Цайз зах дээр түүхий эд худалддаг ченж Э-г Замын -Үүд суманд ирэх үед нь машинд нь үзлэг хийхэд ховор амьтан болох хүдрийн заар, бугын чив 17, согооний сүүл 21, бугын төмсөг 27, чонын эрүү гурван ширхэг илэрчээ. Эдгээр зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна.
Иргэн Э- нь 2012 онд мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ.
Ховор нэн ховор болон дархан цаазат амьтдыг зохих зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн эд эрхтэнг хадгалсан, худалдсан, худалдан авсан тээвэрлэсэн 3-5 жил хүртэлх хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, галт зэвсэг, тээвэрлэсэн автомашин зэргийг улсын орлого болгодог байна.
Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн талаарх мэдээлэл өгсөн иргэнийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13-р зүйлд заасаар мөнгөн шагнал олгох, үнэ бүхий зүйл олгох, хүндэт тэмдэг шагнадаг. Та бүхэн иргэнийхээ үүргийг биелүүлж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатайгаа байнга хамтран ажиллахыг уриалж байна.