| |
Г.Дэнзэнг хорьсны дараа...
Удтал сураг алдарсан ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас өнгөрсөн пүрэв гаригт баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөрдөн байцаагчид пүрэв гаригт 13:00 цагийн үед гэрт нь дайрч орон нэгжлэг хийж, Г.Дэнзэнг албадан баривчилж АТГ-т хүргэжээ. 20:00 цагийн үед прокурорын зөвшөөрлөөр 14 хоног саатуулах албан бичгийг үзүүлэн Цагдан хорих 461 дүгээр анги руу аваачжээ.
Г.Дэнзэнг гадаадад байх хугацаанд "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурьт үүсгэсэн эрүүгийн хэрэгт сэжигтнээр татсан тухай албаныхан мэдээлж байсан юм. Тэгвэл баривчилгааны талаар АТГ-аас цахим хуудастаа "”Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Галсангийн Дэнзэнг албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр сэжигтнээр тооцож, түүнийг хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэжээ. Уг мэдээлэлд сэжигтэн Г.Дэнзэнгийн өмгөөлөгчийн тухай ч дурдсан байв. "2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр 19:15 цагт Г.Дэнзэнгийн өмгөөлөгч гэх Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн ¹0221 дугаарын үнэмлэхтэй Д.Содномдорж гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус газарт ирж өөрийн үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт тавьсан бөгөөд Г.Дэнзэнг цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн талаар түүнд мэдэгдэж, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг танилцуулахад мөрдөн байцаагч болон албаны бусад хүмүүстэй зүй бусаар харьцаж, маргаан үүсгэсэн учир түүнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хүргүүлэн согтуурлын зэргийг нь тогтоолгож шалгуулах арга хэмжээг авахаас өөр аргагүй байгаа талаар түүнд мэдэгдэхэд шалгуулахаас зайлсхийж тэрээр гарч зугтсан байна” гэсэн байв. Тус газраас өмгөөлөгч Д.Содномдоржийн үйлдлийг баримтжуулан Монголын Хуульчдын холбоонд хүргүүлэхээр болжээ. Харин өмгөөлөгч Д.Содномдорж тайлбарлахдаа "Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг АТГ-ын алба хаагчид хууль бусаар албадан саатуулаад байна. Өмгөөлөгчид нь огт мэдэгдэлгүй гэрт нь дайрч ороод нэгжлэг хийж, эхнэр, хүүхдийг нь айлгаад албадан баривчилсан. Өмнө нь нэг ч удаа АТГ-аас дуудаагүй мөртлөө шууд ингэж албадан баривчилж өмгөөлөгчгүй мэдүүлэг авах эрх байхгүй. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Үйлчлүүлэгчийгээ баривчлагдсан гэдгийг сонсоод АТГ-т ирсэн. Гэвч намайг дотогш нэвтрүүлсэнгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ хаана, хэдийд ч уулзах эрхтэй байдаг. Үүнийг АТГ-ынхан шууд зөрчиж байна” гэсэн байна.
Түүнчлэн Г.Дэнзэнг хорьсны маргааш буюу өнгөрсөн баасан гаригт АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн "Хаан жимс” амралтын газарт нэгжлэг хийсэн тухай зарим хэвлэлд онцолжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин