|
Видео

Шинэ мэдээ

АМЕРИК АМЬДРАЛ БА ГАШУУН ҮНЭН

АМЕРИК АМЬДРАЛ БА ГАШУУН ҮНЭНМонголд байхад миний хоёр найз Америкт байдаг байсан юм. Хоёулаа л Монголын цагаар өглөөний 11 цагын үед хаа нэг залгах. Яг ажил төрөл хөөцөлдөх гээд гарч байх үе таарах ч хаа холоос намайг гэж залгаж буй хоёр найзаа өрөвдөж, бас баярлаж картыг нь тасартал дуулгавартай ярьдагсан. Америкт хачин сайхан амьдарч байна гэнээ миний муу хоёр найз. Би анх ийм л ойлголттой Америкт хөл тавьсан юм. Гэхдээ энэ их эсрэгээрээ байсан. Америкт хамгийн анх ирсэн хүмүүс ихэнх нь дэлгүүр цэвэрлэгээний ажилаар дайрч гарах. Хүмүүс унтаж буй оройн цагаар тэд ажиллах, бас цалин бага, амралт үгүй. Гэхдээ азаар би тийм ажил дайрсангүй, тойрсонсон. Ааштай, аашгүй, өвчтэй солиотой, галзуу гээд янз бүрийн л эмээ өвөөг урт богино хугацаагаар харсансан. Бас дэлгүүрт худалдагч, ресторанд зөөгч, үсчинд цэвэрлэгч, хумсны салонд гээд явж өгсөөн. Заримдаа эмгэний гэрт интернетээр Монголдоо байгаа үе тэнгийн яруу найрагч, зохиолчдынхоо бичлэгийг үзээд гражинд гарч суугаад ганц нэг пиво уугаад уйлж суух. Ямар учраас, яагаад би ингэж явна вэ, яагаад би сайн дураараа өөрийгөө шоронд хорьж байна вэ гэж уйлах. Би Америкт 35 настай хөл тавьсан. Яагаад манай Монголчууд бие биендээ худал хэлж, зовж шаналдагаа, хэцүү ажил хийдэгээ нуудагыг гайхаад үл олох. Өөрийн гэсэн унаа тэрэггүй байхдаа хүн царай алдаж, хаа нэг авах, олдох амралтаа авч дэлгүүр хэсэж, ард үлдсэн балчир охин, ах дүү хамаатандаа багахан бэлэг авах юутай жаргал билээ. Түүнээ бас л хэн нэгнийг гуйж ачааны газар дөхүүлж араас нь хоног тоолон суух. Охин маань ээжээсээ авсан бэлэг, хувцаснуудаа таарсан эсэхийг баярлан буйг нь төсөөлөх төсөөлөл юутай сайхан. Заримдаа ажил олдохгүй хоёр гурван ч сар болох энүүхэнд. Америкт удсан болгон англиар ус цас болдог гэвэл эндүүрэл. Учир нь хар бор ярианы л хэлтэй бологсод их байдаг болхоос хүн бүгд англи хэлээр төгс болж чаддаггүй юм. Анзаараад байхад хорин хэдтэй, эсхүл бүр хүүхэд байхдаа ирсэн залуус эндхийн арван жилийн сургуульд суралцаж англиар харин нэлээд сайн болох. Би л гэхэд ажил хийж амиа чирэхгүй бол сургууль курст сууж англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж олдохгүй, сүүлд хажуудаа ханьтай болсоны хүчинд хэлний курст суух боломжтой золгож, хазгай муруй хэлээ багахан дээрдүүлмээр болсонсон. Гэхдээ англиар бас л онцгой сайн болох хаа ч байсан юм. Гэхдээ анзаарсан зүйл Америкт харьцангуй дарамт багатай, бичиг баримтгүй хүмүүс ч баригдана гэх айдасгүй амьдардаг юм. Гэхдээ манай Монголчууд бие биетэйгээ муудхаар бичиг баримттай нэг нь бичиг баримтгүй нэгнээ барьж өгөх гэж айлгадаг үзэгдэл нэлээд байх. За тэгээд гайгүй өндөр цалинтай хүн хардаг ажил олгодог зуучлах газар олсон нэг нь бие биендээ хэлж өгөхөөс зугтах, нуух бол хэвийн үзэгдэл. Ихэнх нь дээ. Харин цөөхөн нэг нь аз жаргалын хаалгаар олж орсон бол бусаддаа дэлгэх нь бий. Гэхдээ тун ховор. Америкт та нэр дээрээ байр авах бол, түрээслэх, машин авах, утас авах бүхий л зүйлд таны нийгмийн даатгалын дугаарыг харж, таны түүхийг судалж байж, муу түүхтэй, зээлийн төлөлтийн түүх бараг байхгүй,сүүлийн цалингийн баталгаа байхгүй бол танд бүх зүйл хаалттай. Эсвэл хэн нэгэн хүн таныг батлан дааж, танд нийгмийн даатгал, өөрийн сайн түүхээрээ барьцаа болж болох. Гэхдээ шар хүний өмнөөс хар хүн гэгчээр ийм зүйлийг хийж өгөх хүн бараг үгүй.Учир нь тэр таны тусыг баярлан хүртэгч хожим нь байрныхаа болон, машины мөнгөө төлөхгүй аваас таны хувьд бүх зүйл дууслаа гэсэн үг. Таны сайхан түүх харлаж үлдэнэ. За Америкт байгаа хүмүүсийг баяжчихаад ах дүү, найз нөхөддөө тусалсангүй новш гэж боддог хүмүүс наашаа суугаад сайн уншаарай.Мөн Монголчуудтай тааралдахад дуугарахгүй, хэл аманд орхоос айдаг, Монголчуудаасаа хол байдгаа гайхуулж бахдаж яригсад их байх нь өчүүхэн агаад өрөвдмөөр. Америкт хүүхдийнхээ тоогоор заавал амьдрах ёстой өрөөний тоо бий. Манайхаар унтлагын өрөө. Хоёр хүүхэдтэй айл доод тал нь хоёр унтлагын өрөөтэй байранд амьдрах ёстой. Сарын төлбөр 1000 $. Доод тал нь шүү дээ. Машин зээлээр авч унасан бол нөгөө түүхээс шалтгаалан сарын төлөх төлбөрийн тоо гарах. Сард 400-540$ дундаж, хэдэн машинтай байна бүх машиндаа заавал даатгал төлнө. Ихэвчлэн айл бүр 2 "машинтай 300 - 400$.Гар утас ам бүлийн гишүүдийн тоогоор сард дундаж 200-250$. Бензин, хоол хүнс, хувцас хунар, өвдөх энэ тэрийг оруулсангүй ээ. Олсон бүх мөнгө ерөнхийдөө элсэнд ус асгах шиг гараад  алга болно. За Америкийн жинхэнэ амьдралын зах зух ийм л байна даа. Америк диваажин биш шүү . Америкт хөлөө олтол, хэлээ суртал маш их хугацаа ордог юм шүү. Ах дүү, аав ээждээ хэдэн төгрөг илүүчлэн явуулах гэж аль нэгэн төлбөрөө хойшлуулан байж, дараа нь түүнийхээ торгуулийг төлж арайхийн алгыг нь тэнийлгэх. Гэхдээ ганц биеэрээ амьдарч байгаа үед бол арай дээр. Мөнгө хураагдах боломж бий. Өөрөөсөө сайн харамлавал шүү дээ. Үүнийг л хатуу сана. Энэ дэлхийн түмэн амьтад бүгд л Америкийг зорихыг хүснэ. Ирэнгүүтээ л доллар шуудай шуудайгаар олдоно гэж найдах. Үгүй ээ миний мэдэх үнэн Америкийн гашуун үнэн түүхийн нэгээхэн хэсгээс танд толилуулав.

www.garag.mn

                                                                                             Яруу найрагч Хулганайн Тэргэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler