
"Хүүхдийн төлөө үндэсний газар” гэх энэ байгууллага хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллах ёстой баймаар. Гэтэл И.Нарантуяа дарга манайх мэдээллийн дагуу ажилладаг гэх зүйлийг мөн ярьж байсан удаатай. Түүний энэ ярианаас хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэггүй зөвхөн хүчирхийлэлд өртсөн тухай дуулсан үедээ ажиллаж эхэлдэг гэж ойлгож болохоор байгаа юм. Бүхэл бүтэн улсын хэмжээний энэ том байгууллагын дарга хүн ийм зүйл яриад сууж болно гэж үү.
Өнөөдөр нийгэмд олонд мэдэгдсэн нь дээрх хэргүүд болохоос биш өөр хэдэн мянган хүүхэд хаалганы цаана төрсөн болоод тэлсэн эцэг эхийнхээ харгис хүчирхийллийн золиос болон сууж байгааг бид мэдэхгүй.
Уг нь энэ байгууллага үйл ажиллагаагаа жаахан идэвхжүүлээд хороо, хэсэг бүрт төлөөлөгчөө ажиллуулан судалгаа хийн хүчирхийлэлд өртөх магадлалтай хүүхдүүдийг бүртгээд эргэж тойроод байж болмоор. Ийм эрсдэл дунд амьдарч байгаа хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ ярилцаж бодол санааг нь сонсож, хүүхдүүдийг аюулгүй байлгах боломж бололцоо бүрийг эрэлхийлж байх ёстой баймаар. Гэтэл энэ байгууллагын үйл ажиллагаа нэг л болж өгөхгүй байгааг эцэг эхчүүд шүүмжилж байна.

Энэ байгууллага хүүхдийн төлөө гэх сэтгэлгүйг унаач хүүхдүүдийн асуудлаас харж болно. НҮБ унаач хүүхдүүдийг тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж байна гэж дүгнэдэг. Жил бүр өдий төдий олон тооны хүүхдүүд мориноос унан хүнд хөнгөн бэртэл авдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд өвөл, хаврын уралдааныг бүр мөсөн болиулж хүүхдийг учирч болох эрсдэлээс сэргийлэхийг иргэд шаардаж байгаа. Гэтэл Хүүхдийн төлөө үндэсний газар энэ асуудлын хажуугаар нүдэн балай чихэн дүлий суусаар байна. Хүний урманд тэд өвлийн уралдааныг болиулах талаар ганц үг ган гэж дуугарсангүй. Гэтэл энэ жил цагаан сарын дараа хаа сайгүй уралдаанууд болж хэд хэдэн хүүхдүүд бэртэж гэмтсэн хэрэг гарлаа. Хүүхдүүд ийнхүү хохирсоор байх ёстой юу И.Нарантуяа дарга аа?