|
Видео

Шинэ мэдээ

Хайр дутсан хүүхэд нас

Хайр дутсан хүүхэд насМогжийсон жаахан гар нь намрын салхинд жиндэж, даарсан ч даараагүй юм шиг тэвчээр заан суух бяцхан охин саяхны нэг өдөр "Мөнгөн завьяа”-гийн урд байрлах автобусны буудал руу алхах замд таарав. Дөрөв, таван настай бололтой тэр охин  ээжтэйгээ хамт гуйлга гуйж сууна. Ээждээ хэд гурван төгрөг олж өгөх санаатай хэрэндээ их л хичээх аж. "Хэн хэдэн төгрөг өгөх бол” гэсэн шиг замаар алхах хүмүүсийг нэг бүрчлэн харна.
 
Хүүхэд мөнгө олох хэрэгсэл биш
 
Өдийд аль нэг цэцэрлэгийн бэлтгэл ангид явж байх ёстой бяцхан охин энд нэлээд уджээ. Томдсон ягаан куртикэндээ бага зэрэг түүртсэн охины хацар нь байдгаараа улайж, гap нь бээрчээ. Охины хажууд өнгө нь жаахан гандсан хүрэн торгон дээлтэй хижээлдүү насны бүсгүй сууна. Дөч нэлээд гарсан болов уу гэмээр энэ бүсгүй охины ээж нь бололтой. Хоёр гараа элгэндээ эвхэж, хүүхэдтэйгээ ч юм ярихгүй, хааяа нэг нүдээ цавчихаас өөр хөдөлгөөнгүй, таг дуугай газар ширтэн суух нь хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татна.
 
Хотын гудамжинд хоосон хайрцаг өмнөө тавчихаад, гуйлга гуйж суугаа ийм хүмүүсийн дүр зураг нийслэлчүүд бидний хувьд бараг нийтлэг үзэгдэл. Шуудхан хэлэхэд, тоохоосоо тоохгүй нь их. Гэсэн ч энэ хүйтэнд хүүхдээ дагуулчихаад, хэд гурван төгрөг горьдож суугаа тэр ээжийг хүмүүс нэг л хүйтэн хөндий харцаар харах аж. Үүргээ ухамсарлаж мэддэггүй, үр хүүхдээ өөрсдийнхөө хүч, хөдөлмөрөөр өсгөж, тэжээж чаддаггүй арчаагүй амьтад гэж нүд үзүүрлэх ч хүн таарна. "Эвий энэ амьтныг” гэж тэр жаахан охиныг өрөвдөх настайчууд ч таарна. Мөн хүний мууд дурлан хий дэмий харж, зогсох олон хүн бас байх.
 
Ээж, охин хоёр амьхандаа хотын төвийн зам дагуу, олны хөл бараадан суужээ. Нааш цааш холхих олны дунд гадныхан ч бас цөөнгүй харагдана. Гэсэн ч тэр хоёрыг тоож байгаа янз алга. Би энэ замаар зорчигсдын нэг. Тийм болохоор зуны улиралд энэ хавьд ганц, хоёр эрэгтэй хүүхэд гуйлга гуйж суудгийг мэднэ. Харин өвлийн хүйтэнд хүүхдээ дагуулсан эхнэр, нөхөр хоёр ээлжлэн суудгийг бас гадарлана. Энэ ээж охин хоёр тэдний л нэг байх гэсэн бодол төрнө. Автобус хүлээх зуур хайрга, дайрга шиг амьдрал дунд үргэдэж яваа хүүхэд насыг нь өрөвдөж зогсов. Сүүлийн үед, хүүхдээ мөнгө олох хэрэгсэл болгон ашигладаг аав, ээж дэндүү олон болж дээ.
 
Хүүхдүүд өдөр бүр амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна
 
Уг нь манай улс 1990 онд "Хүүхдийн эрхийн тухaй конвенц”-д нэгдэн орсон байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрхийг тунхаглаж, тэдний эрхийг зөрчсөн эсвэл эрхээ эдлэхэд нь саад болох аливаа үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй 193 гишүүн орны нэг. Гэтэл өнөөдөр томчууд бидний дунд хүүхдийн эрхийг хамгаалах ажил бодитой хэрэгжихгүй байна. Захын жишээ нь энэ ээж, охин хоёр. Мөн орой болгон бид зурагт, радиогоор таагүй мэдээ сонсдог болж. Хоёр настай жаахан охин жорлонд унаад хорвоогоос явж гэнэ. Харгис, хэрцгий хойд аавын гарт зургаан настай бяцхан хүү зодуур, доромжлолыг тэвчилгүй амиа егүүтгэж. Өсвөр насны охин хойд эцэгтээ хүчиндүүлээд хүүхдийг нь хүртэл төрүүлж гэнэ гээд үртэй хүүхэдтэй хүн бүрийн сэтгэлийг сэрдхийлгэнэ.
 
Аль эсвэл бээлийн чинээ хүүхдүүд амьдаараа заазуурдуулж, аманд ч үг эвлэхгүй тийм их зовлонг туулж байгааг сонсдог болов. Толгой гудайн суугаа энэ ээж шиг томчууд бидний тоомжиргүй зангаас болж, хүүхдүүд өдөр бүр амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
 
Өсвөр насны охидын 8.2 хувь нь төрж байна
 
Өсвөр насныхны хувьд асуудал бүр ч хүнд. Өсвөр насны хүүхдүүд дунд амиа хорлох явдал их байна. Мөн аваар, ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь цөөнгүй байна. Өсвөр насны охидын 8.2 хувь нь төрж байна. Хулгай дээрэм, хүчирхийлэл, хар тамхи гээд элдвийн хар бараан хэргүүд энэ насныхантай холбогдож байна. Хамгийн гол нь энэ бүхэн эцэг, эхчүүд бидний буруугаас болдог гэдгийг томчууд ухамсарлахгүй байна. Яагаад гэдэг асуултад хариулт олох гэж хүүхдийн байгууллагын хэд хэдэн хүнтэй уулзав. Мөн элдэв янзын судалгаа ч бас сонирхож үзэв.
 
Уг нь бол хүүхдийн эрхийн тухай конвенцид 18 нас хурээгүй хүн бүрийг "хүүхэд” гэж тодорхойлсон байдаг. Гэтэл манайхны эцэг, эхчүүд хүүхдээ 10 нас хүрэв үү, үгүй юу том хүн боллоо гээд орхичихдог. Идэх хоолтой, өмсөх хувцастай л байвал энэ насныханд өөр зүйл хэрэггүй гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ хамгийн эрсдэлтэй, эгзэгтэй үед нь бид хүүхдээ харж хандах хүнгүй, эзэнгүй орхидог ажээ.
 
Хүүхдийн байгууллагуудаас хийсэн судалгаагаар эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн дийлэнхийг өсвөр насныхан эзэлж байна. Энгийн нэг жишээ дурьдахад л, "Хоол хийсэнгүй”, "Мөнгө олж ирсэнгүй”, "Амьдралд нэмэр болсонгүй” гэсэн шалтгаанаар тэд эцэг, эхдээ зодуулж, "Үгэнд орсонгүй” гэж адлуулж байдаг аж.
 
Ихэвчлэн 15-18 насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогддог
 
2009 онд хүүхдийн байгууллагаас хийсэн судалгаагаар 630 гаруй хүүхэд хүчирхийлэлд өртөж, шүүх эмнэлэгт ханджээ. Хүүхдүүдийн 620 нь 0-15 настай хүүхдүүд байгаа бол 2-4 насны 12 хүүхэд бусдад зодуулж, эд, эрхтэнээрээ хохирсон байна. Мөн гурав нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн таагүй мэдээ байна. Хамгийн аймшигтай нь, зодуурын цаана бэлгийн хүчирхийлэл нуугдаж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд  өсвөр насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх эсвэл нөхөн үржихүйн мэдлэг муугаас болж хүүхэд төрүүлэх явдал ихсэх хандлагатай байна гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
 
Тэгвэл 2010 онд гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн тоо бас л өсчээ. 2010 оны байдлаар 200 гаруй гэмт хэрэгт 400 гаруй хүүхэд холбогдсон гэдгийг Нийслэлийн цагдаагийн газрын ахмад, байцаагч Б.Баатархүү хэлж байсан. Мөн тэрээр "Ихэвчлэн 15-18 насныхан буюу өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогддог. Тэдний 90 хувь нь эрэгтэй хүүхэд байдаг. Хэргийн шалтгаан, үүслийг нь судлахаар мөн л эцэг эхийн анхаарал халамж дутмагаас үүдэлтэй байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ орой үдшийн цагаар явж байхад анхаардаггүй, өөрийнх нь авч өгөөгүй эд зүйлсийг хэрэглэж байхад нь хүртэл түүнийг нь нягталж асуудаггүй зэрэг нь гэмт хэргийг өөгшүүлдэг. Ер нь энэ насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэхэд ажилгүйдэл, ядуурал, архидалт гол шалтгаан болдог. Мөн гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий байх нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг.
 
Өнөөдөр гэмт хэрэг үйлдэж байгаа хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүл ямар нэг асуудалтай байдаг. Хүмүүс ажлаа сайн хийж, мөнгө олоод үр хүүхдээ хоол ундтай байлгах ёстой гэж зүтгэдэг. Тэгсэн хэрнээ жинхэнэ зорилго буюу хүүхдээ сайн хүн болгож төлөвшүүлэх, зөв хүмүүжүүлэхээ мартдаг. Хүүхэд өмсөх хувцастай, идэх хоолтой, юугаар ч дутахгүй байна гэдэг ойлголт буруу. Хүүхдүүдэд эцэг эхтэйгээ яримаар, зөвлөмөөр, асуумаар олон зүйл байдаг. Гэтэл тэднийг сонсохгүй, анхаарал хандуулахгүй байхаар хүүхэд гэмт хэрэгт санаатай, санамсаргүй янз бүрийн байдлаар холбогддог.
 
Ихэнх тохиолдолд хүүхэд гэмт хэрэг үйлдэхдээ эцсийн хор уршигийг нь ухамсарладаггүй. Түүнчлэн амьдрал хэцүү, аав, ээж нь ажилгүй, архидан согтуурдаг айлын хүүхэд гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр байдаг. Ер нь гэр бүлийн хайр халамж дутуугаас хүүхэд гэмт хэрэгт холбогддог. Манай улсад өдөрт хоёр хүүхэд ямар нэг байдлаар гэмт хэргийн хохирогч болдог гэх судалгаа бий” гэсэн юм.
 
"Хүүхдийн төлөө” гэсэн бүхэн хүүхэд бүрт хүрэхгүй байна
 
Энэ бүхнээс үзэхэд эцэг, эхчүүд бид өөртөө бас нэгэн дүгнэлтийг хийх цаг нь болжээ. Эцэг, эхдээ гомдож, тунирхсан хүүхэд аав, ээжийгээ хэнд "ховлох” вэ. Тэднийг ээж, ааваас нь өөр хэн сонсох вэ?
 
Магадгүй, энэ асуултад хүүхдийн төлөө гэсэн хэдэн байгууллага хууль дүрэм, ёс зүй, хүний эрх ярьж мэднэ. Харин хөдөө бол ийм газар хайгаад ч олдохгүй. Үнэндээ бол хүүхдийн эрхийг эцэг, эхчүүд бид өөрсдөө уландаа гишгэж байна. "Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриа лоозон сургууль бүрт, дүүрэг бүрт, сумын төвд байгаа айл бүрт, хонины бэлчээр дээрээс жирэмсэн болоод ирсэн, харанхуй шөнө хойд эцэгтээ зодуулаад гадаа гудамжинд хөөгдөөд гарч байгаа хүүхдүүдэд хүрч үйлчлэхгүй байна.
 
Хүүхэд тань хүчирхийлэгч болж өсвөл та өөрийгөө буруутгаарай
 
Хүүхдийг өөрийнхөө өмч, хөрөнгө мэт үздэг эцэг, эхчүүдэд зориулсан нэгэн судалгааг сонирхуулъя. АНУ-д 1500 хүүхдийн дунд нэг сонирхолтой судалгаа явуулсан байна. Эцэг, эхчүүд бид хүүхдийн хүмүүжилд өөрсдөө үлгэр дуурайл үзүүлдэг гэдгийг энэ судалгаа харуулжээ. Мөн хатуу гараар өссөн хүүхдүүд үеийнхээ хүүхдүүдээс удаан хөгжиж, оюун ухааны хөгжил бусдаас сул, дорой болдог гэдгийг судалгааны дүн харуулжээ. Айдас, түгшүүртэй явснаас, сэтгэл зүйн дарамтанд орсноос ийм байдал үүсдэг байна. Тиймээс та маргааш хүүхэддээ дахин гар хүрч болох эсэхээ өөрөө шийдээрэй.
 
Хүүхэд томчууд бидний юу хэлснийг биш, юу хийснийг дуурайдаг. Тиймээс зодож загнаж, харааж зүхэж хүмүүжүүлсэн хүүхэд тань хожим xхорсол өвөрлөсөн, бурууг сэтгэсэн хүчирхийлэгч болж өсвөл "Яагаад ийм хүн болж өссөнийг нь та өөрөөсөө асуугаарай”. Хүүхэдтэйгээ та зүгээр л ярилцаад үз.
 
Зууны мэдээ
Б.Энхтуул

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler