| |
Үлийн цагаан оготно устгах мөнгийг “завшсан” Цогт сумын засаг дарга Л.Насанбуян НЭР ДЭВШИЖ явна
Говь-Алтай аймгийн Цогт сумын засаг дарга Л.Насанбуян, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар, сумын тамгын газрын дарга Д.Цогзолмаа, сумын төрийн сангийн дарга Н.Мөнхцэцэг нарын долоон хүн Үлийн цагаан оготно устгах төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргээр шүүгдэгдэж байна.
АТГ дээрх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх 2023 оны 11-р сарын 10-ны өдөр шүүх хуралдааныг зарласан боловч хэрэгт холбогдогч Л.Насанбуян, Д.Цогзолмаа, Т.Сүхбаатар, Ц.Баасанжав нарын удаа дараагийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл шүүх хурал 8 удаа хойшилжээ.
Л.Насанбуян өнгөрсөн найман сард зарласан шүүх хуралдааныг 2024.08.30-ны өдрийн нэгэн хэвлэлп өгсөн яриандаа “Хурал огт болоогүй” гэж хэлж байсан бол 4 хоногийн дараа “Шүүх хурал болох юм ярьж л байсан, надад хэлээгүй” гэж хоёр өөр хариулт, хоёр байр суурийг илэрхийллээ. Энэ бол Л.Насанбуян нарын хүмүүс шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.
Говь-Алтай аймагт Үлийн цагаан оготно гамшгийн түвшинд хүрч устгах ажилд төсвөөс хөрөнгө гаргаж, сумдад хуваарилж байхад Сумын засаг дарга тэргүүтэй этгээдүүд Үлийн цагаан оготно устгах төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал ийн гарч ирж байна.
Цогт сумын засаг дарга Л.Насанбуян одоо Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж явна. Орон нутгийн сонгууль өнгөртөл шүүх хуралдааныг хойшлуулах алхамыг хэрэгт холбогдогчид барьж байгаа гэх хардал ч байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 буюу “...нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн”, 22.1.1 буюу “... Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” , 22.8-1.1 буюу “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг, зориулалтын бусаар зарцуулсан” зэрэг үндэслэлээр зүйлчилжээ.