| |
“Triple X” фистиваль маш зохион байгуулалтгүй болж, насанд хүрээгүй хүүхдүүдэд шар айргаар үйлчилсэн гэв
Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд буюу бямба гаригт зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Triple X” фистиваль Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Залуучуудын дунд 290 гэх нэрээрээ танигдсан артис М.Төгөлдөр, “Vandebo” зэрэг олон уран бүтээлчид тус арга хэмжээнд оролцсон аж. “ХИТ” энтертайнментын үүсгэн байгуулагч, продюсер Д.Даваадорж “Ерөнхий продюсертайгаа хамтран бид “Triple X” гэдэг хип хоп фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэнд таван жил зохион байгуулсан. Хамгийн сүүлд энэ фестивалиар 55 мянган үзэгчийг нэг дор цуглуулж, рекорд эвдсэн” хэмээн өнгөрсөн онд хэвлэлд өгсөнд ярилцлагадаа дурдсан байдаг.
Тэгвэл энэ жилийн “Triple X” фистиваль маш зохион байгуулалтгүй, хөл гишгэх зайгүй битүү хүнтэй, насанд хүрээгүй хүүхдэд бага градустай согтууруулах ундаа буюу шар айргаар үйлчилсэн, бие засах ч боломжгүй байсан талаар тус фистивалийг үзсэн хүмүүс ярьж байна. “30, 40 мянган хүн. Такс хамаарахгүй оруулсан юм шиг байгаа юм. Юун ариун цэврийн өрөө орохгүй байх нь бараг аз жаргал. Ариун цэврийн өрөө орвол зодуулж, хутгалуулах, хамаг юмаа дээрэмдүүлэх эрсдэлтэй. Тоглолт нь гоё, тайз нь хөөрхөн ч ямар ч зохион байгуулалтгүй, эмх замбараагүй, үзэгчид нь ухамсаргүй таг согтуу” гэж нэг залуу цахим орчинд тоглолтын талаар дурдсан байна. Үзэгчдийн 60 хувь нь 13, 14 насны хүүхдүүд. Нас харгалзахгүй “Сass” гээд пиво зарж байсан. Пиво зарсан хүмүүс нь фистивалиа балласан тухай ч өгүүлэв.
Мөн “Оройн нар буучихсан. 21 цаг өнгөрч байсан байх аа. Нойл орох гээд явж байтал урдаас бөөн хүн түрээд ороод ирсэн. Хүүе гэхийн завдалгүй ар араасаа бие бие дээрээ давхардаад унасан. Охидод ёооё гэж орилолдож байв. Хумс нь хугарсан, нүдний шил нь унасан, хувцас хунар, үс гэзэг нь сэгсийсэн охид орилолдоод босч байсан. Хүмүүс тэнд унасан хүмүүсийг нэг нэгээр нь татаж босгож байтал нэг охин ухаангүй хэвтэж байсан.
Цайвар цамцтай, дунд зэргийн урттай үстэй, дундаж өндөртэй 18, 19 настай болов уу гэмээр. Тэгээд найзууд нь орилолдоод хашгираад яачихав аа гэж байсан. Миний санаж байгаагаар зургаа, долоон охин байсан. Нэг ангийнхан бололтой. Тэгээд хамгаалагч ирээд тэр ухаан алдсан охиныг өргөөд шорлог зардаг хэсэгт аваачаад хэвтүүлсэн. Тэгээд хэсэг юмаар сэвээд, хөл гарыг нь сэгсрээд ухаан ороорой гээд байх шиг харагдсан. Хэсэг хугацааны дараа тэр охин уйлаад байгаа бололтой харагдсан. Би ч цаашаа яваад өгсөн. Юу болсныг сайн санахгүй байна” хэмээн фистивалийг үзсэн эх сурвалж мэдээлсэн юм.
Түүнчлэн Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын нэгнээс хоёрны өдрүүдэд “2024 оны наймдугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан тоглолтын үеэр гар утсаа халааснаасаа алдсан, бусдад зодуулсан, насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйл худалдсан, тасалбар цахимаар худалдан авна гэж залилуулсан, бусдад хутгалуулсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй з эрэг гэмт хэргийн шинжтэй найм, зөрчлийн шинжтэй 16 үйлдэл гээд нийт 24 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр гомдол мэдээлэл бүгд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явагдаж байна. Зөрчлийн шинжтэй найм, гэмт хэргийн шинжтэй 16 үйлдэл гээд нийт 24 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн Цагдаагийн байгууллагаас тухайн тоглолтын үеэр гарсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийг бүртгэлд авч мөн шалгаж байгаа аж. Тоглолтын үеэр хүмүүст дарагдсанаас үүдэн нэг хүний амь эрсэдсэн эсэх талаар тус байгууллагаас тодруулахад “ийм дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй” гэсэн юм.
Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, хурандаа Т.Баатараас тодрууллаа.
---------------------------------------------------------------------------------
-“Triple X” фистивалийн үеэр хэрэг зөрчил их гарчээ. Энэ талаарх бичлэгүүд сошиалд ч нэлээд явж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Төв цэнгэлдэх хүрээлэн Нийслэлийн өмчийн байгууллага учраас орлого олох шаардлагатай. Орлогоо бодож тоглолт зохион байгуулдаг. Энэ жил наадам хүртэл 900-аад сая төгрөгийн орлого олсон юм шиг байна лээ. Тоглолт, шоуны үзэгч нь янз, янзын онцлогтой байгаа. “Харанга”ын тоглолтыг ихэвчлэн 40 –өөс дээш насны хүмүүс үзэж сонирхож байгаа юм. Энэ насны хүмүүс тайван тогтуун, бага градустай с огтууруулах ундаа хэрэглэсний дараа гаргаж буй ааш авир нь харьцангуй гайгүй. Саяны “Triple X” фистивальд нь залуучууд, хүүхдүүдийн сонирхдог төрөл жанрын хамтлагууд тоглодог юм билээ. Тийм юман дээр бага градустай согтууруулах ундаа зарна гээд зөвшөөрлийг нь өгөөд, тэнд чинь жишээлбэл нэг пивыг 12 мянган төгрөгөөр зарж ашиг олдог. Хамгаалалтын алба гээд хоёр, гурван зуун хүн ажилладаг. Хамгаалалтын алба авахдаа яг мэргэжлийн хүн авдаггүй. 60, 70 хувь нь мэргэжлийн үнэмлэхтэй хамгаалагчид, үлдсэнд нь оюутнууд авчаад байх шиг байгаа юм. Нөгөө оюутнууд нь яг гардаг хэсэг, билетэндээ хяналт тавиад, дотооддоо хэв журмаа сахиулах, зодоон нүдээн гарахаас урьдчилан сэргийлэх тал нь хаягдчихсан. Хэв журам сахиулах болохоор цагдаа ирээч гээд байдаг. Цагдаагийн байгууллага хувийн байгууллагуудын зохион байгуулж байгаа арга хэмжээг хамгаалах үүрэг байхгүй. Хэв журмын зөрчил гарвал түүнийг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийнхээ хүрээнд эргүүл ажиллуулдаг. Хамгаалалт хийх биш. Эргүүл ажиллаад тэнд зөрчил дуудлага гарвал шалгаж шийддэг газартаа хүлээлгэж өгдөг.
-Тэгэхээр хамгаалалт муу хийгдсэнээс энэ олон зөрчлүүд гарлаа гэсэн үг үү?
-Цагдаагийн байгууллага өмнө нь хамгаалалтын ажлыг зохион байгуулдаг байсан. Шоу тоглолт зохион байгуулагчидтай гэрээ хийж хөлсөөр хамгаалалт хийнэ гэсэн үг. Төр хувийн байгууллагуудын ажлыг дундаас нь шүүрч аваад байна гэдэг шүүмж их г арч байсан. Хувийн байгууллагууд хамгаалалтаа зөв зохистой, мэргэжлийн түвшинд хийгээч ээ. Тоглолтод 26 мянган хүн цуглаж байхад 200, 300-хан хамгаалагч ажиллууллаа. Зохион байгууллагчид мөнгөө хэмнэх зорилготой ийм үйлдэл хийлээ гэж харж байна. Хамгаалалтынхаа байгууллагатай яг юу гүйцэтгэх вэ гэдгийг нь сайн тохирох хэрэгтэй. Цагдаагийн байгууллагын зүгээс ямар нэгэн эрсдэл, хэв журмын зөрчил гаргуулахгүй ажиллах тал дээр хамгаалалтын компани, зохион байгуулагчтай урьдчилж уулзаж, зөвлөмж өгдөг. Тэгсээр байхад ийм тохиолдлууд гарсаар байна. Зүй нь бид гадна талд эргүүл явуулаад л цагдаагийн хэрэгцээ шаардлага гарвал шууд очих ёстой. Дотор нь аль секторыг хүнийг нь олон цөөн байлгах, ямар нэгэн байдлаар бие биендээ дарагдах, түрэгдэх үйлдэл гаргуулахгүй байх, нойлын асуудал дээр гэхэд хэдийг нь ажиллуулах, ямар хамгаалалт гаргах, хаалган дээр хэдэн хамгаалагч байх вэ гэдгийг тоглолтыг зохион байгуулагчид шийдэх ёстой. Цагдаа юм болгон дээр орж болохгүй.
-Насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдсан асуудал гарч, хэтрүүлэн хэрэглэснээс хүний амь нас эрсдэх олон асуудлууд үүссэн байна лээ.
-21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдаж байгаа асуудал байна. Бага градустай согтууруулах ундаа зарах зөвшөөрөл тоглолтын үеэр өгдөг. Залуучууд нэг, хоёрыг уугаад болихгүй. Таваас дээш ууж, согтож, нэг нэгнийгээ зодох, хоорондоо сайхан, муухай харалцсан гэж зодолдож нүдэлцэх, улмаар хутга шөвөг бариад нэгнийгээ хутгалах ч тохиолдол саяны тоглолт дээр гарлаа. Зургаан хутга мэс, заазуур хурааж авсан. Хамгаалалт зохицуулалтдаа зохион байгуулагчдын зүгээс илүү анхаармаар байна. Зөвхөн зуны улиралд л ийм улирлын чанартай тоглолт болоод байгаа тулдаа бид тэсээд тэвчээд байна. Хамгийн сүүлийн тоглолт есдүгээр сарын 21-нд болно. Өнгөрсөн жил есдүгээр сарын 30-нд МУГЖ, дуучин С.Жавхлангийн “Дулаахан намар” тоглолт болоод л дууссан. Миний харахад тэндээс гоо сайхны таашаал авч байна уу гэхээр 30, 40 хувь нь согтчихсон. Согтууруулах ундааг 80 орчим хувь нь хэрэглээд, түүнээсээ кайф авч бүжиглэх гэсэн үндсэндээ баарны нэг томруулсан хувилбар болчоод байна. Амьд хөгжим сонсох нь сайхан л байдаг байх. Үүний цаана эрсдэлтэй алхмууд их гарч байна. ХанУул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс зунжингаа амраагүй, тэр хавийн айлууд, иргэдээс амгалан тайван байж чадахгүй байна гэсэн гомдол маш их ирдэг. Тоглолтын дараа үзэгчид нь тараад явахаар замын хөдөлгөөнд маш их ачаалал үүсгэхээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог. Явганаар чанга ярьж бүжиглэх, машиныхаа хөгжмийг чангаар тавих зэрэг асуудлууд үүсдэг.
“Play time” дээр хамгаалалт нь дээд зэргийн түвшинд явагдаж байна лээ. 600 гаруй хамгаалагч гарсан байсан. Гурав, дөрвөн өдөрт 30 гаруй мянган хүн цугласан гэж ярьж байсан. Хотоос гадуур зохион байгуулбал бас болно.
-Энэ үеэр хүмүүс чихэлдсэнээс бие биедээ дарагдах асуудал үүссэн гэсэн?
-Төв цэнгэлдэхэд дөрөвхөн хаалга онгойлгочихоод орж гарахад бие биедээ тээглээд орох гарах чиглэлийн сум ч байхгүй. Ордог, гардаг хаалган дээр нь нийтийн бие засах газар байгаад байгаа юм. Бие засах нь нэг, орох гарах хаалгыг нь өөр газар хийх нь зохион байгуулагч нарын ажил. Аймар саадтай байхаар нь бүх хаалгаа онгойлго гэсэн шаардлага тавьснаар саармагжаад гайгүй болсон. Өдрийн 15:00 цагаас эхэлсэн шоунд зургаан сартай хүүхдээ дагуулаад очиж буй хүн байна. Ингэж байх ямар шаардлага байна. Хоёр ч хүүхэд төөрөөд эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн. Эцэг, эхчүүд хүүхдэдээ юу үзүүлэх вэ гэдэг дээр ухамсартай баймаар байна. 17,18–тай хүүхдүүд тоглолтод очиж болно. Согтууруулах ундаа хэрэглэмээргүй байна.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Л.Минжмаа