| |
Эрүүгийн хэргийн шүүгчид нөлөөлөхийг оролдсон үйлдэлд 1 сая төгрөгөөр торгожээ
Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 7, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 24, сураггүй алга болсон хүн 29, шүүхээс даалгасан хүн 33, зөрчил үйлдсэн 13 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна. Хүүхдийн эрхийг зөрчсөн 69 иргэнд 20,700,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 158 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “Ц” нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглан эрүүгийн хэргийн шүүгчид нөлөөлөхийг оролдсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэргийг шийдвэрлүүлэхээр тус дүүргийн шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогч “Ц”-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “Г” нарын 10 хүн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын гадна жолооч нар хоорондоо маргалдаж, зодолдсон үйлдэлд иргэн “Н” гэгчид Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.