| |
Б.Ганхуяг шинээр өмгөөлөгч авсан тул гэм буруугийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргав
Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүгдэгч Б.Ганхуягийн талаас өмгөөлөгч шинээр авсан, нэг өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргав.
Тэрбээр "Зарим өмгөөлөгчөө сольж, шинээр өмгөөлөгч авахаар болсон. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ өчигдөр байгуулсан. Хууль зүйн туслалцаа авахад нэг л болож өгөхгүй, өмгөөлөгчтэйгөө сайн ойлголцохгүй байгаа. Би өнөөдрийн шүүх хуралдаанд н.Гантулга өмгөөлөгчтэй оролцоно. Гэхдээ бидэнд цаг хэрэгтэй байгаа" гэв.
Улсын яллагч "Хүсэлттэй танилцлаа. Уг хэрэг шүүхэд шилжээд дөрвөн сар ес хоног болж байна. Түүнээс хойш гэм буруугийн шүүх үндсэндээ гурван удаа зарлагдсан.
- Есдүгээр сарын 28,
- аравдугаар сарын 30,
- арваннэгдүгээр сарын 13-нд гээд зарлагдсан шүүх хурлууд тодорхой шалтгаанаас хойшилсоор байсан.
Шүүгдэгч Б.Ганхуяг гурван өмгөөлөгчтэйгөөр хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар оролцож байгаа. Хоёр өмгөөлөгч оролцох боломжтой. Нэг өмгөөлөгч нэмж авч байгаа, өчигдөр гэрээгээ байгуулсан гэлээ. Гэм буруугийн шүүх хуралдаанд нотлох баримт болон бусад бүх баримтыг шинжлэх судалдаг. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч хууль зүйн дүгнэлтээ хийгээд явах боломжтой, заавал хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ ирцээрээ үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна" гэлээ.
Б.Ганхуягийн өмгөөлөгч н.Гантулга "Өчигдөр гэрээгээ байгуулсан. Хэргийн материалтай танилцах хүсэлтээ бичгээр гаргаж байна. Улсын яллагч нь өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэлээ. Гэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан улсын яллагчийн санал дүгнэлт нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр шүүгдэгч Б.Ганхуягт хууль зүйн туслалцаа үзүүлнэ. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү" гэв.
Уг хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарлав.