|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

“Авлига хороолол”-ын газрын түүх ба шүүхийн дэмжлэг

“Авлига хороолол”-ын газрын түүх ба шүүхийн дэмжлэг

 

Хот үерийн гамшигт өртлөө. Аж ахуйн нэгж, иргэдийн хохирол тамтгаа алдаж байх шиг байна. Одоогоор тооцож гаргасан зүйл алга. Үер ч үргэлжлэх шинжтэй.

Ер нь энэ үер юунаас болов?!

Олон нийт үүнийг “Авлигын үер” хэмээж байна. Энэ үнэн. Учир нь авлига дагасан замбараагүй газар олголт, хот төлөвлөлтгүй явж ирсний л гай юм.

Товчхондоо, хэдэн жил үргэлжилсэн дээрх авлига дагасан “үйл ажиллагаа”-ны үеэр үерийн хамгаалалтыг үндсэнд нь устгажээ.

Хамгийн тодорхой жишээ нь, анх “Усан парк байгуулна” гэж зөвшөөрөл аваад “Авлига хороолол” нэртэй болсон барилга юм.

Хан-Уул дүүргийн XV хороонд орших “Эм энд Жи констракшн” ХХК-ийн эзэмшлийн 11.8 га уг газар нь хэний гараар, хэзээ, хэрхэн олгогдож байснаас эхэлж харах учиртай.

2008.9.17. Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт /Газрын албаны дарга Ц.Сандуй/ 442 тоот захирамжаараа орон сууцны зориулалттайгаар олгожээ. Тухайн үед тус компани уг газрыг дуудлага худалдааны анхны үнэ болох 380 орчим сая төгрөгийг төлж  авч байжээ.

2011.3.25. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр /Газрын албаны дарга Ц.Сандуй/ 256 тоот захирамж гаргаж “Капитал” банкинд шилжүүлжээ.

2011. 4 дүгээр сар. “Эм энд Жи констракшн” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 256 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2012.6.18. Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шүүх 97 дугаар тогтоолоороо дээрх газрыг "Эм энд Жи констракшн" ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

2013.10.18. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл /Газрын албаны дарга М.Батсайхан/ Дээд шүүхийн энэ шийдвэрийг биелүүлж, А/951 дүгээр захирамжаа гаргасан байна. Ингэхдээ уг газрын зориулалтыг “ногоон байгууламж" болгож өөрчилсөн байна.

2018.11.27. Нийслэлийн Засаг дарга Су.Батболд /Газрын албаны дарга Э.Болорчулуун/ А/1111 тоот захирамжаар нэгж талбарын 1780610006 дугаар бүхий 79.875 м.кв газар, нэгж талбарын 1780610005 дугаар бүхий 29420 м.кв газар, нэгж талбарын 1780610007 дугаар бүхий 2640 м.кв газар болгон гурван гэрчилгээг тус компанид олгожээ.

2020.9.30.  Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан /Газрын албаны дарга А.Энхманлай/ "Эм энд Жи констракшн" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

2020.10.27. “Эм энд Жи констракшн" ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Ингээд 2021 оны гуравдугаар сарын 3-нд одоо яригдаад байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэлийн шийдвэр гарсан байна.

Шүүгч О.Оюунгэрэл нь “Энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч "Эм энд Жи констракшн" ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны есдүгээр сарын 30-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ” хэмээжээ.

Тэрбээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон тогтоох нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны есдүгээр сарын 30-ний өдрийн А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй” гэсэн байна.

Гэхдээ энэ шийдвэртэй хэргийн оролцогчдоос хэн нь ч давж заалдаагүй байгаа юм. Тиймээс шүүгч О.Оюунгэрэлийн шийдвэр эцсийнх болж үлджээ. Шүүгч О.Оюунгэрэлийн тухайд 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. 1999-2002 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслах, 2004-2013 онд Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2013 оноос хойш Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж.

“Авлига хороолол”-ын газрын түүх хийгээд шүүхийн “дэмжлэг”-ийн талаар товч өгүүлэхэд ийм байна.

Ер нь бол Нийслэлийн Засаг дарга, Газрын албаны удирдлагууд үерийн хамгаалалтыг үгүй хийж энэ газрыг олгосон нь л шууд утгаараа гэмт үйлдэл мөн юм. Энэ үйл ажиллагаанд материал бэлдэх, газар дээрх судалгааг бүрдүүлдэг, дарга нараа мэдээллээр хангадаг Газрын албаны мэргэжилтнүүд хамгийн их хамаатай. Тэдэнтэй ч хариуцлага ярих учиртай. Үерийн гамшиг болж, “Авлига хороолол”-ын асуудал сөхөгдөөд ирэхэд Нийслэлийн Засаг дарга нар эхнээсээ дуугарч л байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Тэгж ярих юм бол үе үеийн Нийслэлийн Засаг дарга нар үерийн далан, байгууламжуудаа хамгаалах гэж их тэмцсэн. Газар руу дайрсан олны улс төрийн дарамтыг дийлдэггүй. Гаргасан шийдвэрүүд нь шүүх дээр унадаг байсныг байнга л мэдээлдэг байсан даа. М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр гээд бүгд л голын ай сав газрууд, Богд уулын амууд, Яармагийн дэнжээ хамгаалах гээд хүчин мөхөстсөн л байдаг” гэжээ. Э.Бат-Үүлийн энэ үг хэр зэрэг үнэний ортойг бүгдээрээ л мэдэж байгаа даа.

Түүнчлэн шүүх бас хариуцлагыг хуваалцах ёстой. Хэдийгээр шүүх нь хараат бус, шүүгч нь хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр, итгэл үнэмшлээрээ хэрэг маргааныг шийдвэрлэх хуультай ч Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгосон эрхэнд халдаж болохгүй. Өөрөөр хэлбэл, яг энэ асуудал дээр шүүгч О.Оюунгэрэл нь хэргийн баримт материалыг сайтар судлаагүйгээр шийдвэр гаргасан. Энэ нь үерийн хамгаалалтыг нураах үйл явцын суурь, бас дэмжлэг болж өгсөн. Үүнээс болоод өнөөдөр Улаанбаатар хот тэр чигээрээ “авлигын үер”-т  өртлөө.

Эх сурвалж: polit.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler