|
Видео

Шинэ мэдээ

НАТО Ази, Номхон далайн бүс нутагт идэвхтэй тэлж байна

НАТО Ази, Номхон далайн бүс нутагт идэвхтэй тэлж байна

 

НАТО Азид тэлсээр байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах нь гарцаагүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам НАТО-ийн Японд төлөөлөгчийн газраа нээх төлөвлөгөөний талаар тайлбар хийхдээ мэдэгдэв.  Энэ бүтэц нь Токиод эвслийн орнуудтай өргөн хүрээний асуудлаар зөвлөгөөн хийх боломж нээнэ хэмээн хэвлэлүүд онцолж байсан юм. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ бүс нутаг дахь АНУ-ын гол холбоотны хувьд Япон нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь НАТО-ийн дамжуулагч болно. Умард Атлантын эвсэл Японд өөрийн төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөж байгаа нь хоёр талын хамтын ажиллагаа нь огцом тэлж буйг гэрчилж байна. Үүгээр АНУ Орос, Хятадыг сөрөн зогсох зорилготой дэлхийн хэмжээний эвсэл байгуулахыг оролдож байна хэмээн ажиглагчид үзэж байна. 

 

Ази нь геополитикийн тэмцлийн талбар болох учиргүй хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгдсэн. НАТО дорно зүгт тэлж, бүс нутгийн хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулаад зогсохгүй блок хоорондын сөргөлдөөнд хүргэнэ хэмээн тэрбэр онцолжээ. 

 

Хамтын ажиллагаа өргөжиж байна

Японы “Nikkei” сонинд мэдээлснээр, НАТО-ийн төлөөлөгчийн газар Токио хотод 2024 онд нээгдэнэ. Ингэснээр цэргийн эвсэл Япон болон БНСУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг тус бүс нутаг дахь гол холбоотон улсуудтай тогтмол зөвлөгөөн хийх боломжтой болно. Тус хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, НАТО, Япон хоёр түншлэлийн шинэ хөтөлбөрт гарын үсэг зурахаар зэхэж байна. Энэ үйл явдал ирэх долоодугаар сарын 11-12-нд Вильнюс хотноо болох НАТО-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө болно. 

 

Японд НАТО-ийн төлөөлөгчийн газрыг нээх асуудлыг Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг нар нэгдүгээр сарын сүүлээр Токио хотноо хэлэлцжээ. Дөрөвдүгээр сарын дундуур тус эвсэл холбогдох саналын төслөө гишүүн орнууддаа танилцуулсан тухай “Nikkei” тодруулжээ. Одоогоор Япон улс НАТО-той Данийн элчин сайдын яамаар дамжуулан албан ёсоор харилцаж байгаа юм. 

Сүүлийн үед Япон улс нь тус эвсэлтэй хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэх болсон. 2022 онд Японы Ерөнхий сайд Фүмио Кишида НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон анхны Японы Ерөнхий сайд болж байв. Хожим нь Япон улс эвслийн дэргэд өөрийн төлөөлөгчийн газраа нээх шийдвэр гаргасан. Йенс Столтенбергийн хэлснээр, өнөөгийн илүү аюултай, тодорхойгүй ертөнцөд аюулгүй байдал нь бүс нутгийн бус дэлхийн хэмжээний шинжтэй болсон. Европт болж буй үйл явдал Ази, Энэтхэг, Номхон далайн бүс нутагт ч хамаатай бол Ази, Энэтхэг, Номхон далайн бүс нутагт болж буй үйл явдал Европт хамаатай болсон. 

 

Оросын байр суурь

ОХУ-ын зүгээс НАТО-ийн Ази, Номхон далайн бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж буйн гол зорилгын талаар нэг бус удаа байр сууриа илэрхийлж байсан. “Ази, Номхон далайн орон зай нь олон арван жилийн туршид АСЕАН-ы санаачилгын үндсэн дээр хөгжсөөр ирсэн. АСЕАН-ыг тойроод аюулгүй байдал, хамтын ажиллагааны нээлттэй, оролцоотой бөгөөд эрх тэгш бүтцүүд бий болсон. Харин энэ орон зайг өдгөө АНУ, түүний холбоотнууд болон НАТО эзлэхээр эрмэлзэж байна. Саяхан Энэтхэг, Номхон далайн стратегийн үзэл баримтлалыг гаргаж ирсэн. Энэ хүрээнд Хятад болон Оросын тус бүс нутаг дахь ашиг сонирхлыг тогтоон барих зорилгоор бүс нутгийн цэрэгжүүлэх зорилго нуугдаж байна” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэж байсан билээ. Түүний хэлснээр, үүний нэг тод жишээ нь “AUKUS” түншлэл юм. 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нарын уулзалт дээр АНУ-ын байгуулж буй “QUAD” болон “AUKUS” нь НАТО-той идэвхтэй нэгдэж буйг онцолсон. 

Түгшүүрийн дохио 

НАТО Токиотой ойртон дотносож байгаа нь Хятад улсыг тогтоон барихад чиглэсэн. Хятадын маргаантай газар нутагт явуулж буй Бээжингийн үйл ажиллагааг Токио түрэмгийллийн шинж чанартай хэмээн үзэж, АНУ, Европтой илүү ойртож байна хэмээн шинжээчид онцолжээ. Хятадын эсрэг идэвхтэй бодлого явуулахдаа Токио, Вашингтон хоёр Энэтхэг зэрэг улс орныг татан оролцуулахыг эрмэлзэж байна. Ийм бодлого БНХАУ-тай цэргийн мөргөлдөөн орох зэрэг үр дагаварт хүргэх аюултай. 

Япон улс Ази, Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын гол холбоотон тул НАТО-ийн нөлөөг тус бүс нутагт бэхжүүлэх үүрэг Японд ногдож байна. Тус улс нь бүс нутагтаа НАТО-ийн төлөөлөгчийн газар нээсэн анхны улс болж байна. Япон нь АНУ-ын холбоотон орнуудаас аж үйлдвэрийн хамгийн их боломжтой, Франц, Их Британи зэрэг Европын улс орнуудтай батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааны туршлагатай. НАТО-ийн төлөөлөгчийн газар Токиод нээгдэх нь тус эвсэл Ази, Номхон далайн бүс нутгийн талаар томоохон төлөвлөгөө байгаагийн дохио юм гэж шинжээчид дүгнэж байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler