![]() |
Улстөрчид "галд шатаах" хүнээ хайсаар байна
Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Тасганы овоон дээр "Богд зонхов” бурхны хөшөөг бариад эхэлсэн. Уг хөшөөний зардал болох 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгийг 2022 оны улсын төсөвт батлаад байгаа нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад буй.
Тэгвэл тухайн хөшөөг барих саналыг УИХ-ын гишүүн Ш.Адыша, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нар УИХ-д оруулж, 5.5 тэрбум төгрөгийн төсвийг 2021 оны улсын төсөвд батлуулжээ. Энэ мэдээллийг Ш.Адыша гишүүн хэвлэлд ярив. Ядаж байхад яр гэгчээр үүнээс нь урьтаад Ц.Анандбазар гишүүн нь "Би санал оруулаагүй" гээд бас мэдэгдэл гаргачихав.
Харин 2022 оны төсөв батлахад тухайн хөшөөний төсвийг 32 тэрбум төгрөг болгон нэмж баталсан бөгөөд ийнхүү мөнгө нэмэх саналыг оруулж ирсэн эзэнг улстөрчид одоогоор "олдоогүй” байна. Тухайлбал, энэ асуудлаар санал оруулж батлуулах эрх бүхий ганц субъект Соёлын сайд Ч.Номин "Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд "Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна” хэмээн цахим хуудаснаа мэдэгдээд буй юм.
Асуудлын дарааллыг сөхвөл, УИХ-ын гишүүн Ш.Адыша, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нар 2021 оны төсөв хэлэлцэхэд зураг төсөлгүйгээр "дур мэдэн” 5.5 тэрбум төгрөг санаанаасаа зохиогоод санал оруулсан. Зураг төсөл ч үгүй, аман яриаг Г.Занданшатарын танхимынхан батлаад, мөнгө өгчихсөн. Тэр жилдээ тухайн хөшөөнд дөрвөн тэрбум төгрөгөө зарлагадчихсан. Гэтэл Барилгын хөгжлийн төв үнэлгээ дүгнэлт хийгээд "5.5 тэрбум төгрөг хүрэхгүй. 32.4 тэрбум төгрөгт баригдана” гэсэн саналыг Соёлын яаманд ирүүлсэн юм байна. Ингэхээр, Соёлын сайд Ч.Номин Барилгын хөгжлийн төвийн саналыг УИХ-д оруулж батлуулсан болох нь ойлгомжтой харагдана.
Харин улстөрчид л үүнийг "ойлгохгүй” байна. Бүгд л "би биш, би мэдэхгүй, сонсоогүй” гэлцэн шуугиж байна. Өөрөөр хэлбэл, "УИХ-д оруулж, батлуулсан эзнийг тогтоох ажил одоогоор улстөрчдийн толгойны өвчин болж, "хэн нэгэн”-ийг хайсаар байна. Хэн нэгнээ олчихвол олон нийтийн шүүмжлэлийн галд шидэж өгөөд, өөрсдөө амь гарах боломж бүрдэх гээд байгаа юм.
Сэтгүүлч: Ц.Анхзул
https://tsahiur.mn/n/s/5380
