| |
ЭМДС, НДС-гийн 130 тэрбум төгрөгийн буцаан төлөлтөд хяналт тавья
Бүр нэг өлөн нүдээр харж байгаад хуу хамж авчхаад эргээд төлөхгүй луу унждаг хэлэх зүйрлэл ч олдохгүй, тийм муухай дээрмийн шинжтэй үйл ажиллагааг улстөрчид л гол төлөв хийгээд байх юм.
ЭМДС-гийн өмнө нь дээрэмдүүлсэн мөнгө Капитал банктай холбогдоод өнгөрсөн нь нэгэнт ил болсон асуудал.
Тэгвэл өдгөө ЭМД-ын сангийн 56, НДС-гийн 100 тэрбум төгрөг улстөрчдийн банканд орж гацчихаад бүр шүүх цагдаадаа тулж байж сая нэг юм төлж барагдуулах график гаргаж, ёстой л ямх ямхаар төлж байгаа юм байх. Төлөгдөж дуусахыг нь хэн ч хүлээх юм, хэн ч энэ үлгэрт нь итгэх юм.
Нөхцөл байдал нэгэнт ийм байгаа тул ард иргэдэд "Татвараа зөвхөн үйлчлүүлсэн эмнэлэгтээ төлье” гэх бодол хургах нь тодорхой. Гэхдээ төр хуулиар далайлгаж ард иргэдээс авчхаад улс төрчдийг санхүүжүүлээд байгааг "ЦААЗЛАХ” хэрэгтэй байгаа юм.
Манайхаас бусад оронд бол үндэсний хэмжээний бүр "А” зэрэглэлийн банкандаа төрийн сангуудын мөнгийг байршуулдаг гэдэг. Гэтэл манайд бүр эсрэгээрээ. Товчхондоо бол танил тал, нөлөө бүхий улстөрчдийн банканд хадгалуулж хүү өсгөх нэрээр тавиад туучхаж байгаа нь нэг талаар энэ санг удирдагчдын менежмент муу байгааг харуулж буй юм.
Тэгвэл өнгөрөгч сарын дундуур өргөн баригдсан Нийгмийн даатгалын багц хуулиар Төв банкнаас баталгаа гаргаж өгөх, бүр хөрөнгийн зах зээлд дээрх сангуудын мөнгийг эргэлдүүлдэг байх гэх зэрэг менежментийн талаар тусгасан гэж байгаа. Жаахан ч гэсэн гэрэл гэгээ харагдаж байгаа юм.
Гэхдээ бидний төлсөн НДШ-ийн болон ЭМД-ын 130 орчим тэрбум төгрөг Ковидоос шамшигдуулсан мөнгөний хамтаар МАН-ын сонгуульд зарцуулагдсан гэх бор шувууд одоо ч нисч байгаа учраас ард иргэд бухимдсаар л байна.
Уг нь улстөрчдийн банканд түгжигдсэн тэр мөнгө чинь даатгалаа төлдөг, Ковидоор өвдсөн иргэдийн "ЛИСТ”-ний мөнгө юм шүү дээ.
Тиймээс улстөрчдийн НДС-гаас авсан 100 орчим, ЭМДС-гаас авсан 56 тэрбум төгрөгийг санд нь буцааж төлж буй үйлдлийг ард иргэдэд нээлттэйгээр харуулах, тайлагнах хэрэгтэй байна.
https://erennews.mn/article/50945