| |
Б.Ундармаагийн банкны "ДАМПУУРАЛ" иргэдийн татварын хөрөнгөөс хумслах нь...
Монголбанк энэ сарын 8-нд "Капитал банк" татан буугдсан талаар мэдэгдэл хийсэн байдаг. Мөн Сангийн сайд мэдэгдэлдээ уг банканд төрийн данстай 340 гаруй тэрбум төгрөг байршиж байсныг онцолж байсан.
Тодруулбал, Тэтгэврийн даатгалын сангын 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангын 136 тэрбум, "Хөгжлийн банк"-ны 52 тэрбум зэрэг хадгаламж байршиж байсан. Мөн хэд хэдэн нэр бүхий их дээд сургуулийн хадгаламж болон жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн 47 тэрбум төгрөг гээд УИХ-ын гишүүний хувь эзэмшилтэй жижиг банк гэхэд тоо томшгүй их хэмжээний хадгаламж төвлөрүүлж байсан нь хамгийн хачирхалтай. Үүн дээр тухайн банкны өчнөөн харилцагч үйлчлүүлэгч нарын мөнгө нэмэгдэхээр энэ банкны дампуурал улсад мөн цаашилбал ард түмний нуруун дээр ямар их хэмжээний "гай" болж байгааг дурдахад илүүц биз.
Харамсалтай нь Капитал банкны хувьд жирийн нэгэн банк гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүний хувь эзэмшигч банк. Хувь эзэмшигч нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа бөгөөд ЖДҮ-тэй нэр холбогдож хэсэгтээ олонд чичлүүлж явсан ч энэ оны ХОМ-ын мэдүүлэгтээ Капитал банкны хувьцаа эзэмшдэггүй хэмээн мэдүүлсэн байдаг. Угтаа Б.Ундармаа гишүүний хувьд өнгөрсөн онд буюу 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Капитал банкны 99.97 хувь буюу 1.300.000 ширхэг хувьцаа эзэмшдэг, хөрөнгө оруулагч хэмээн мэдүүлсэн байх юм.
Тэгэхлээр Ундармаа гишүүний ХОМ-ын мэдүүлгээс анзаарахад улсын төсвийг төвлөрүүлсэн жижиг банкаа үгүй хийх нь их хэмжээний мөнгө завших арга нь ч байж болох юм гэж санагдмаар.
Хэдий Монголбанкнаас харилцагч, хувьцаа эзэмшигч иргэдийг хохиролгүй болгож өгөх ч, банк дампууруулсан хариуцлагыг хэн хүлээх вэ? Капитал банканд эргэлдэж, байршиж байсан хэдэн зуун тэрбум төгрөгийг хэн, хаанаас, яаж барагдуулж дуусах вэ?
Улсын их мөнгийг жижиг банкандаа шахаж, дампууруулдаг. Дараа нь дампуурлыг нь төлж барагдуулдаг утгаа алдсан "увайгүй" тогтолцоо ганцхан Монголын эдийн засагт л бий. Эцсийн үр дүнд улсын төсөв л хариуцлагыг үүрч, татвар төлөгчдийн мөнгөөр өрийг барагдуулна.
Тэгэхлээр Б.Ундармаагийн банкны дампуурлыг төлж барагдуулах гол хүчин зүйл нь татварын төсөв буюу татвар төлөгчдийн хөрөнгө болж таарах нь.
Төсвийн мөнгө улайдаггүй гэгчээр л аль нэгэн эрх баригчдын дампуурлын өрийг тэглэж, эрхлүүлж суулгуулах гэж тэднийг төрд гаргаагүй нь лавтай. ЖДҮ-тэй нэр холбогдож төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн Б.Ундармаа гишүүн банкаа дампууруулчхаад жишим ч үгүй төр барилцаж төрийн ордонд суух нь шивших юм даа.