![]() |
Г.Занданшатар: Энэ удаагийн чуулган эдийн засгийн сэргэлтийг тодорхойлсон чуулган болно

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын 74 гишүүнээс таван гишүүн өвчтэй байгаа гэсэн мэдээллийг УИХ-ын дарга өглөө. Хуралдаа ирэх боломжтой 69 гишүүнээс 54 нь чуулганы нээлтэд оролцов. Ингэснээр УИХ 74.2 хувийн ирцтэйгээр намрын чуулганаа нээлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндхэн байна. Эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрч, эмч эмнэлгийн ажилчид ядарч туйлдаж байна. Хэдийгээр иргэдийнхээ 65 хувийг вакцины хоёрдугаар тунд хамруулсан ч өнөөдрийн байдлаар халдварын 382 мянган тохиолдол бүртгэгдэж, 1204 иргэн халдварын улмаас нас барлаа. Амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ гүн эмгэнэл илэрхийлье. Covid-19 халдварын тархалтыг сааруулах , эрсдэлээс сэргийлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан дараах чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Бүх шатны боловсролын сургалт эхэлсэн. Тиймээс сургуулийн орчинд халдварын тархалтаас сэргийлэх, агаарын солилцоог тогтмол хийж халдвар хамгааллын дэглэмийг маш хатуу баримтлах хэрэгтэй. Улмаар нийтийг хамарсан арга хэмжээг эмх цэгцтэй, зөв менежментээр зохион байгуулах шаардлагатай. Жирэмсэн, эх өндөр настан, архаг суурь өвчтэй иргэд халдвар авбал эндэх эрсдэл өндөр учраас эрүүл мэндийн төв, бүх эмнэлгүүд дээрх зорилт бүлэгт чиглэсэн эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг эрс сайжруулах хэрэгтэй.
Энэ удаагийн чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болно. Цар тахлыг даван туулж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. УИХ эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдээ бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн нүдээр харж батлах ёстой.
УИХ Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа. Цаашдаа ч дэмжиж ажиллана. Гэхдээ бас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно" гэлээ.
