| |
Дэлхийн Банк Монгол Улсад олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа
УЛААНБААТАР. /worldbank/. Цар тахлын халдвар тархаж, ирээдүйд тохиож болзошгүй эрүүл мэндийн хямралд илүү бэлтгэлтэй байх хэрэгцээ шаардлага үүссэнийг харгалзан Монгол Улсад "COVID-19"-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөлд зориулан 26.9 сая ам. долларын санхүүжилтийг олгохоор Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын зөвлөл баталлаа.
Төсөл нь яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагч, эрчимт эмчилгээний ажилтнуудыг сургах; эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, түүнчлэн Улаанбаатар хот болон бүх аймгуудад "COVID-19"-ийг оношлох чадавхийг бэхжүүлэх зэрэг "COVID-19" халдварын эсрэг хариу арга хэмжээ авах нэн тулгамдсан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэмжлэг үзүүлэх юм. Мөн эрүүл мэндийн байгууламжийг сэргээн засварлах, халдварыг хянах арга хэмжээ, сургалт зэргийг эрүүл мэндийн бүх байгууллагуудад зохион байгуулах ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдах тухай нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр харилцаа холбоо, мэдээллийн кампанит ажлыг дэмжих юм.
Монгол Улсад олон нийтийн дунд халдвар тархаагүй байгаа ч тус улс "COVID-19" тархах өндөр эрсдэлтэй хэвээр байна. Засгийн газраас "COVID-19" цар тахлын эсрэг авах арга хэмжээг нэн тэргүүнд авч үзэж байна.
Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев "Дэлхийн нийтээр "COVID-19" халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн нь хямралын нөхцөл байдалд улс орон бэлэн байх, эрүүл мэндийн тогтолцооны даван туулах чадварыг бэхжүүлэх шаардлагатайг тодорхой харуулж байна. Энэхүү яаралтай тусламжийн үйл ажиллагаа нь COVID-19 цар тахлын эсрэг нэн шаардлагатай арга хэмжээг дэмжихээс гадна Монгол улсын эрүүл мэндийн салбар цаашид аливаа яаралтай нөхцөл байдал, хямралыг даван туулах чадварыг урт хугацаанд сайжруулах юм” гэв.
Төслийн нийт санхүүжилтийн 13.1 сая ам. долларын зээлийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА), 13.8 сая ам. долларын зээлийг Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас (ОУСБХБ), "COVID-19" халдварын эсрэг авах хариу арга хэмжээг бэхжүүлэх, нөхөн сэргэх хугацааг богиносох зорилгоор хөгжиж буй орнуудад олгох Дэлхийн Банк Группын $14 тэрбум ам. долларын түргэвчилсэн санхүүжилтын хөтөлбөрийн багцын нэг хэсэг болгон хуваарилж олгож юм. Мөн нийт санхүүжилтийн US$4.2 сая хүртэлх ам. долларыг нөхөн санхүүжилт хийх нөхцөлтэйгөөр буюу Засгийн газраас 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн авч хэрэгжүүлсэн, тодорхой шалгуур хангасан зардлуудыг санхүүжүүлэх боломжтой.
"СОVID-19" эсрэг Дэлхийн Банк Группын авч буй арга хэмжээ
Дэлхийн Банк Групп нь хөгжиж буй улс орнуудын КОВИД-19-ын эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, хэвийн байдалд эргэн орох хугацааг багасгах зорилгоор 14 тэрбум ам.доллартай тэнцэх түргэвчилсэн санхүүжилтийн багцыг баталсан. Энэ хүрээнд цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар улс орнуудад санхүүжилт, бодлогын зөвлөмж, техникийн туслалцаа үзүүлэх юм. Олон Улсын Санхүүгийн Корпорацийн зүгээс цар тахлын улмаас хохирол амсч буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байруудыг хадгалан үлдэхэд туслах зорилгоор 8 тэрбум ам.доллар олгох бол Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА) болон Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (СБХОУБ) эрүүл мэндийн чиглэлд авах арга хэмжээнд эхний ээлжинд 6 тэрбум ам.долларыг төсөвлөөд байна. Улс орнуудад шаардлагатай дэмжлэг туслалцаа нэмэгдэхийн хэрээр Дэлхийн Банк Группын зүгээс ирэх 15 сарын хугацаанд 160 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилтийг ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах, хувийн хэвшлийг дэмжих, цар тахлын дараах эдийн засгийг сэргээх зэрэгт зориулна.