| |
Үерийн бүсээс нүүж, газар чөлөөлөх мэдэгдлийг 383 байгууллага, аж ахуйн нэгжид хүргэжээ
Улаанбаатар хотын үерийн аюултай бүсээс нүүж, газар чөлөөлөх мэдэгдэх хуудсыг 383 байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлэн, Баянзүрх дүүргийн зургаан айлыг нүүлгэн шилжүүллээ. Үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байгаагаас 108 нь зөвшөөрөлгүй, 386 нь өмчлөх, 604 нь эзэмших эрхтэй аж.
Мэргэжлийн байгууллагын судалгаагаар нийслэлд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200 мянган хүн, 43.5 мянган объект, барилга байгууламж бий гэжээ.
Үргэлжилсэн борооны улмаас усны түвшин нэмэгдэж, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үер бууж, зам талбай, хашаа, байшин усанд автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотын ЗАА, НОБГ, УСУГ, ОСНААУГ, Геодези, усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар зам засвар ашиглалтын газар шуурхай арга хэмжээ авсаар байна.
Нийслэлд үерийн хамгаалалтын далан 33 км, үерийн суваг 97 км, тосох байгууламж зургаа, зам талбайн борооны ус зайлуулах шугам, сүлжээ 85 км, үзлэгийн 1486 худаг, шүүрт 2044 худаг, хөрсний ус зайлуулах шугам, сүлжээ 13.8 км байдаг.
Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж буй 148.3 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан сувгийн 67 хувь буюу 100 км орчим нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км нь 1987-2020 онд баригджээ. Харин авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 16 гол төв магистраль шугам нь 1970-1980 онд баригдсан, эвдрэл ихтэй аж.
Энэ сарын 6, 7–нд орсон 20-25 см зузаантай цас, хур борооны улмаас зуслангийн бүсийн Сэлбэ, Толгойтын гол руу уулын цасны шар ус их хэмжээгээр бууснаар голын усны түвшин олон жилийн дунджаас даван үерлэжээ. Иймд байшин, барилга, авто зам, талбайг үерийн усанд автахаас сэргийлж, аваарын нөхцөл байдалд 85 хүн, 15 машин механизмтай ажиллаж байгааг НЗДТГ-ын ХМХХ-ээс мэдээлэв.