|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Тойм: Газын зурвас дахь дайн хэзээ эцэслэх вэ?

 

Тойм: Газын зурвас дахь дайн хэзээ эцэслэх вэ?


Амьдрал тэгш бус. Угаас улс орон бүр энх тайван, өндөр хөгжилтэй, элбэг баян байх боломжгүй. Тиймээс дэлхийн нэг тивийн орон амгалан тайван, хөгжлөөрөө тэргүүлэгч, иргэд нь баян байхад нөгөө тивд нь өдөр бүр үймээн, буудалцаан болж, маргааш амьд байх болов уу гэсэн бодол тээн сэрэх нь бий. Ихэнх орон цар тахлыг хэрхэн ялж, хэвийн амьдралдаа шилжих вэ гэсэн ганцхан асуудалд санаагаа чилээж байх энэ үеэр Израйль, Палестин гэсэн хоёр орон газар нутаг булаалцалдсан ээлжит мөргөлдөөнөө дахин эхлүүлсэн юм. Тийн Газын зурваст Израйлийн арми, Палестины Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд 11 өдөр үргэлжилсэн дайн завсарлаад долоо хонож байна.
Тодруулбал, зуучлагч Египет улсын тавьсан "ямар нэг болзолгүй" гал зогсоох саналыг Израйлийн Засгийн газар зөвшөөрч, Палестины Хамас бүлэглэлийн төлөөлөгч бас талууд нэгэн зэрэг гал зогсоох саналыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээрх асуудлаар хоёр ч удаа хуралдсан ч үр дүнд хүрэлгүй өндөрлөж байв. Үүнд АНУ саад хийж байгааг дэлхийн хэвлэлүүд онцолж байсан юм. Учир нь Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орон 100 хувь санал нэгдэж байж тогтоол гаргах ёстой. Гэтэл АНУ Аюулгүйн зөвлөлийн тогтоол үр дүнд хүрэхгүй гэж үзэн эсэргүүцэж байв.

Гэвч энэ удаагийн гал зогсоох тохиролцоо Израйль-Палестины зөрчлийг нэг мөсөн шийдвэрлэхгүй гэж ажиглагчид үзэж байна. Харин  Израйлийн дотны түнш АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөргөлдөөнийг эцэслэх хамгийн оновчтой арга  нь хоёр тусгаар улс байгуулах гэдгийг онцолсон юм. Палестины тусгаар улсыг байгуулж, Израйлийн аюулгүй байдлыг баталгаажуулах олон улсын хүчин чармайлт 2014 оноос хойш зогсонги байдалд ороод байна.Олон жил үргэлжилж байгаа энэ мөргөлдөөний талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Мөргөлдөөний үеэр Палестины 65 хүүхэд амиа алджээ


Газын зурвас дахь ээлжит мөргөлдөөн энэ сарын 10-нд эхэлснээс хойш Палестины 232 иргэн амиа алдсаны 65 нь хүүхэд байв. Мөн 1900 гаруй хүн Израйлийн агаарын довтолгоонд өртөж, шархдсан байна. Харин Израйлийн талаас 12 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн Хамасын пуужингийн цохилтод өртөж, шархдсан тухай мэдээлсэн байна.  Үүнээс өмнө 2008 оны 23 хоног үргэлжилсэн мөргөлдөөний улмаас Палестины  1300 гаруй хүн амь үрэгдэж байв. Харин 2014 оны 50 хоногийн мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тоо 2000 гарч байсан билээ. Үүнээс гадна Израйлийн агаарын цохилтуудаас болж Газын зурваст 58 мянган палестин хүн орох оронгүй болсон талаар НҮБ мэдээлж байв. Тэд хангамж, орчин нөхцөл муутай орогнох байруудад олноороо бөөгнөрөх нь цар тахал төдийгүй бусад өвчин тарах шалтгаан болж болзошгүйг НҮБ анхааруулсан юм. Мөн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албанаас мэдээлснээр Газын зурваст хоёр сая палестин хүн 13 жилийн турш гарах гарцгүй тусгаарлагдаж байна. Иерусалим хотын Палестин дүүргээс арабуудыг албадан нүүлгэж жүүдүүдийг суурьшуулах  болсны улмаас тавдугаар сарын 10-ны өдөр Хамас бүлэглэл Газын зурвасаас Израйлийн нутаг дэвсгэр руу пуужин харваж эхэлсэн. Хариуд нь Израйлийн арми агаараас Хамасын гол байрлалуудад цохилт өгснөөр энэ удаагийн мөргөлдөөн эхэлсэн.
"Тулааны зогсоохыг хүсвэл бид мөн бэлэн”
Израйлийн Засгийн газар Палестины захиргаанд байдаг Газын зурваст явган цэрэг оруулах болсноо зарласнаар тус хоёр улсын зөрчил мөргөлдөөн сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй хэмжээнд хүрч өргөжсөн юм. Тухайлбал, Газын зурваст Израйлийн агаарын цохилтоос болж орон сууцны барилгууд нурсан бөгөөд Израйлийн тал агаарын цохилтуудаа Газад орогнож буй Хамасын удирдагчдыг хөнөөх зорилготой хэмээн тайлбарлаж байв. Түүнчлэн олон улсын мэдээллийн Associated Press, Al-Jazeera тэргүүтэй хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын байрлаж байсан 12 давхар барилгыг Израйль бөмбөгдсөн юм. Бөмбөгдсөн шалтгаанаа Израйлийн тал "Зэвсэгт бүлэглэлийнхэн сэтгүүлчдээр бамбай хийн тус барилгад тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан” гэж тайлбарласан. Associated Press хоёр тал тулалдах бүрт барилгын дээвэр дээрх хяналтын камераараа 24 цагийн турш болж буй үйл явдлыг шууд дамжуулдаг байсан билээ. Энэ талаар Associated Press агентлагийн ерөнхийлөгч "Бөмбөгдөлтөөс болж цаашид дэлхий үнэн бодит байдлыг мэдэх боломжгүй боллоо. Израйль зориуд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чимээгүй болгож байгаагаас бид айж, бас гайхаж байна”  гэсэн бол Al-Jazeera агентлагийн ерөнхий захирал Мостефа Соуаг "Энэ бол дайны гэмт хэрэг. Израйлийн үйлдэл бол зориуд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чимээгүй болгож байгаад олон улсын хараанаас далд Газын зурваст амьдардаг ард түмнийг тарчлаан зовоож, алан хядах гэсэн атгаг санаа” гэж мэдэгдсэн юм.
Мөргөлдөөний талаар Израйлийн Батлан хамгаалахын сайд Бенни Гантз "Энэ бол ердөө эхлэл. Алан хядагч бүлгэмүүд Израйльд халдахаар шийдсэнийхээ төлөө хариугаа хүртэх ёстой, хүртсээр ч байх болно. Гэхдээ бид урт хугацааны энх тайван тогтоох чин хүсэл сонирхолтой байгаа” гэсэн бол "Хамас"-ын удирдагч Исмайл Хание "Хэрвээ Израйль байлдахыг хүсч байгаа бол бид бэлэн. Харин тулааны зогсоохыг хүсвэл бид мөн бэлэн” гэж ярьсан байдаг. Гэсэн хэдий ч олон жил үргэлжилсэн дайн хэзээ эцэслэж,хоёр улсын иргэд тайван аврах бол гэсэн асуулт хариултгүй хэвээр үлдлээ. Учир нь бүслэлтэд байгаа Газын зурвас дахь болон эзлэгдсэн зүүн Иерусалим дахь  палестинчуудыг дэмжиж суулт зарласан Израйлиас ирсэн Палестин иргэдийг ойрын хугацаанд баривчилна гэдгээ Израйлийн Цагдаагийн газар даваа гаригт мэдэгдсэн юм: Энэ нь энэ удаагийн 11 өдөр үргэлжилсэн бөмбөгдөлтөд оролцсон хүмүүсийг шийтгэх зорилготой юм. Тус улсын цагдаа нар тавдугаар сарын 9-нөөс хойш 1550 гаруй Израйлиас ирсэн Палестин иргэнийг баривчлаад байна. Израйлийн хүн амын 20 хувийг Израйлиас ирсэн палестинчууд эзэлдэг юм. Израйль дахь Арабын цөөнхийн эрхийг хамгаалах хууль ёсны төвийн ерөнхий захирал Хассан Жабареен бөөнөөр нь баривчлах энэ үйлдлийг палестин иргэдийн эсрэг хийж байгаа цэрэгжсэн дайн хэмээн үзэж байгаа тул  шуурхай хариу арга хэмжээ авахыг Палестины нам, хөдөлгөөнүүдэд уриаллаа.  Тэрбээр "Палестин иргэдээс өшөөгөө авах улс төрийн зорилготой баривчилгаа болж байна” гэж ярьжээ.

Газын зурвас нь Газар Дундын тэнгисийн дагуух эргийн нэр юм. Хойд болон зүүн хэсгээр Израйльтай хиллэдэг.1947-1949 онд болсон Араб-Израйлийн дайны улмаас  Израйлийг орхин явсан дүрвэгсэд болон тэдний үр хүүхдүүд хүн амынх нь гуравны хоёрыг эзэлдэг.   Израйлийн хяналтад1967-2005 онд байсан бол 2007 оны долоодугаар сард болсон төрийн эргэлтийн үр дүнд Палестины үндэсний захиргааны төрийн байгууллагууд ба түүний аюулгүй байдлын хүчнүүдийг бүхэлд нь ХАМАС бүлэглэлийнхэн мэдэлдээ авсан юм.
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван "Хоёр улс эв нэгдэлтэй зэрэгцэн оршихийн тулд Зүүн Иерусалимыг нийслэл болгож, бүрэн тусгаар тогтносон, биеэ даасан Палестин улсыг байгуулах хоёр улсын шийдлийг олон улс дэмжих болно” гэж мэдэгдсэн юм. Сүүлийн жилүүдээс Израйлийг Хятадын "Судалгаа, боловсруулалтын лаборатори” хэмээн нэрлэх болсон. Учир нь  хоёр улсын бизнес эрхлэгчид судалгаа, шинжилгээний төсөлд онцгойлон хамтран ажилладаг юм. Тодруулбал, Израйль бол Хятадын худалдааны том зах зээл юм.
Эх сурвалж:CNN, BBC,  Aljazeera, Thediplomat.com  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler