| |
Улсын Онцгой комисс улсаар нь "гам алдуулав"
Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт өчигдөр /2020.01.19/ амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн. Улмаар дөнгөж амаржсан нялх биетэй эмэгтэйг ХӨСҮТ-рүү тусгаарлан хүргэх ажиллагаа явуулахдаа хүнлэг бус хандаж, ажлын хариуцлага алдсан нь УОК-ийг улсаараа шүүмжлэхэд хүргэв. Ингэж УОК дөнгөж амаржсан эхтэй хамт "гам алдчихлаа".
Төрөөд удаагүй эмэгтэйг өвлийн хүйтэнд гэрийн шаахай, халаадтай нь машинд шилжүүлэн суулгасан энэ үйлдэлтэй холбоотойгоор УОК-ын дарга Я.Содбаатар цахим хуудсаараа дамжуулан тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүссэн байна.
Тэрбээр цахим хуудсандаа, "Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Хэчнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар , хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна" гэжээ.
Хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцоод, амаржсан эхийн ар гэрээс уучлал гуйгаад л дуусах асуудал энэ биш.
БНХАУ-д коронавирус анхлан дэгдсэн жил гаруйн өмнөөс л УОК Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдал, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үе шаттайгаар шилжүүлэн ажиллаж өнөөдрийг хүрсэн. Гэвч, тэд үнэндээ юунд ч бэлэн биш байсныг товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан иргэний, Сэлэнгээс тархины харвалттайгаа тэмцсээр ирээд ижий аавтайгаа ч уулзаж амжилгүй амьсгал татсан бяцхан хүүхдийн халуун амь, харамсам явдлууд гэрчлээд байна.
Мөн дээр нь өчигдөр олон нийтийг бухимдуулсан, бухимдахаас ч аргагүй дүр зураг үргэлж үгээр нь чимээгүй даруухан биелүүлж, үргэлж урамшуулан дэмжиж ирсэн УОК, ЭМЯ-ны үнэн нүүр царайг илтгэв. Дөнгөж амаржсан эмэгтэйг цонхноос ч холхон зогсож хоол, цайгаа авахыг зөвлөдөг байтал нүцгэн шахуу тээвэрлэх бөх зүрх хэнд төрөв?
Халдварт өвчин туссанаа мэдсэн нялх биетэй эмэгтэйн сүү нь татарсан нь мэдээж. Дээр нь нимгэн халад, гэрийн шаахайтай гадагш гарснаас болж "гам алдаж" насаараа янгинадаг өвчинтэй болж хоцорсон байвал өнөөдрийн хэн нэгний уучлалт хүссэн мэдэгдэл нөхцөл байдлыг дээрдүүлж чадахгүй.
Үнэндээ тэр бүсгүйтэй хамт улсаараа итгэл нурж, улсаараа "гам алдчихлаа". Цаашид хэрхэх вэ, хэнд итгэж, юуг хүлээх вэ?
SHUUD.MN