|
Видео

Шинэ мэдээ

Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

 
 

Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

 

Цар тахлыг дарахын тулд тусгай чиг үүрэгтэй байгууллагууд цаг наргүй ажиллаж байна. Эрүүл мэнд, онцгой, цагдаагаас эхлээд хууль сахиулах сургуулийн оюутнууд хүртэл зам дээр зогсч иргэдэд хяналт тавьж байна. Харин  иргэдийн хувьд гэртээ суугаад эх орноо хамгаалах хариуцлагатай цаг үе тохиосон. Гэтэл төр, засгийн тушаал шийдвэр гарсаар байтал хууль дүрэм зөрчиж сэлгүүцэх, архи согтууруулах ундаа хэрэглэх, танхайрах зэргээр төрийн байгууллагын ачааллыг нэмж байгаа зүй бус үйлдэл гарсаар байна. Хатуу хөл хорио тогтоож архи согтууруулах ундаа зарахыг хориглосон ч гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, хүүхдийн эрхийг зөрчиж буй үйлдэл хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж байна.
 
ХӨЛ ХОРИОНЫ 11 ХОНОГТ 20 МЯНГАН ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЭВ
 
Зөвхөн хөл хорионы 11 хоногт бүртгэгдсэн зөрчлийн тоон мэдээллээс монголчуудын ухамсар, хандлага, хариуцлага ямар байгаа нь харагдана. УЕПГ-ын нэгтгэснээр гамшгийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойшх хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 11-22-ны өдрийн хооронд зөрчлийн 20 гаруй мянган хэрэг бүртгэгдсэн байх юм. Тухайлбал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчсөн 17833, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1137, хүний биед халдсан 172, хуурамч дуудлага, мэдээлэл 113, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн 67 зөрчил бүртгэгджээ. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зөрчил 36, хүүхдийн эрхийг зөрчсөн 27 байгаа юм. Мөн Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 27, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 24, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан 23, танхайрах 19 байна. Эдгээр зөрчлийн хэргийн 60 хувь нь нийслэлд, 39.8 хувь нь орон нутагт үйлдэгджээ.
Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 11 хоногийн хугацаанд үйлдэгдсэн дээрх зөрчлүүдийн 98.9 хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, 0.3 хувийг мэргэжлийн хяналт, 0.3 хувийг татвар, 0.5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.
 
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим төрлийн зөрчил огцом өсчээ. Тухайлбал, сарын эхний 10 хоногийн байдалтай харьцуулахад  Гамшгаас хамгаалах тухай хуулийн зөрчил гурав дахин, Өрсөлдөөний хуулийн зөрчил долоо дахин, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил зургаа дахин өсчээ. Түүнчлэн төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах болон хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил өсөх хандлагатай байгааг албаныхан анхааруулав.
 
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их үйлдэгдэж байгаа бол Хүний биед халдах зөрчил Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт их гарч байна. Хүүхдийн эрхийг зөрчсөн нийт зөрчлийн хэргийн 81.4 хувь, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчлийн 34.8 хувь Баянзүрхэд үйлдэгджээ. Харин орон нутгийн хувьд Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Баян-Өлгий, Дорнод, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт, Хүний биед халдах зөрчил Орхон аймагт, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил Хөвсгөл, Увс, Баянхонгор аймагт хамгийн их бүртгэгдэв.
 
14 ХОНОГТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН  690 ДУУДЛАГА ИРЖЭЭ
 
Улс даяараа цар тахалтай тэмцэж буй энэ үед нийслэл, орон нутагт бэлэн байдлын үеэр үүрэг гүйцэтгэх алба хаагчид, хүний нөөц дутагдалтай байгаа. Байдал хүндэрвэл улам хэцүүднэ гэдгийг ч албаныхан хэлж буй.Тэгвэл хатуу чанга хөл хорио тогтоосоор байхад хууль дүрэм зөрчиж хөдөө гадаа явсан. Төрийн албан хаагчдад ачаалал нэмж цаг хугацаа барж байгаа иргэдийг гэртээ томоотой сууж чадахгүй байгаа бол хөл хорионы үед гудамжинд ч болов зогсоож ажилд дайчилъя. Ялангуяа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг зүгээр хорьж хооллож байхаар олон нийтэд тустай хөдөлмөр хийлгэж яагаад болохгүй гэж. Ядаж хууль сахиулах сургуулийн оюутнуудтай ээлжлүүлж  гудамжны өнцөг булан, зам дээр зогсоогоод үзье. Хаа сайгүй хоёр алхмын зайд л цагдаа нар зогсч байгаа учраас хянаад байж болно. Төрийн шийдвэрийг үл хүндэтгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүс бага ч болов даарч хөрж ажлын амтыг мэдрэхэд буруудахгүй. Олон нийтэд ч тустай. Тиймээс төрөөс зөв зохион байгуулалт хийгээд хөл хорионы 14 хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цагдаад дуудлага өгсөн 690 хүнийг дайчилъя. Мөн согтуугаар жолоо барьсан, эрүүлжүүлэгдсэн, танхайрсан хүмүүсийг оруулбал овоо тоо гарна. Угаас бусад оронд сайн дурын ажилтнууд төрийн үүргийг хуваалцаж байхад манайх шиг сайн дурын тогтолцоогүй улсад онцгой нөхцөл байдлын үед энэ мэтээр хариуцлагын хэлбэрийг илүү бодитой болгоход гэмгүйг хуульчид ч хэлж байна.
 
 
C.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler