| |
Шинжлэх ухаанаас хэмнэлт хийхийг эрдэмтэд эсэргүүцэв
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэлдээ тулгуур шинжлэх ухааны хүрээлэнгүүдээ их сургуулийн харьяанд өгөх замаар эмхэтгэж цомхотгон, хэмнэлт хийх тухай ярьсан. Яриад ч зогсохгүй уг санаагаа ажил хэрэг болгохоор өөрөөр хэлбэл хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх шийдвэр гаргахаар ажиллаж буй аж.
Эдийн засаг хүндэрсэн энэ үед илүү зардлаа танаж, хэмнэлттэй амьдрах зарчим барьж буй Ерөнхий сайд хэмнэлтээ шинжлэх ухааны салбарт хийх гэж буйг эсэргүүцэж Монгол төрийн хамгийн дээд шагнал Чингисийн одонг саяхан хүртсэн, нэрт эрдэмтэн Х.Намсрай нарын академич, докторууд сэтгүүлчдэд хандлаа.
"Ерөнхий сайд эрдэм шинжилгээний олон хүрээлэнг цөөрүүлж их, дээд сургуулиудтай нэгтгэн төсвийн мөнгийг хэмнэнэ гэлээ. Улс орны хөгжил шинжлэх ухаан дээр тулгуурладаг. 1997 онд Засгийн газрын тогтоолоор эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэж цөөлөөд Эдийн засгийн, Математикийн, Хуульзүйн гурван хүрээлэнг МУИС-ийн харьяанд өгсөн. Өнөөдөр энэ гурван хүрээлэн нэр төдий л байна. Судлаач ч, судалгааны ажил ч байхгүй. Их сургуулиуд төсвөөс тогтмол зардлаар санхүүждэг. Чадамжгүй ийм байгууллагад тулгуур шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг нэгтгэвэл шинжлэх ухаанаа хөгжүүлэх битгий хэл сургуулиудаа унагаасан явдал болно” хэмээн Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баяр ярилаа.
Монгол Улсад одоогоор 1000 орчим судлаач байдаг гэнэ. Олон улсад шинжлэх ухааны салбартаа тухайн улсын Засгийн газар ДНБ-ий 2-5 хувийг зарцуулдаг бол манай улсад 0.17 хувь хүрэхтэй үгүйтэй тун бага хөрөнгө өгдөг. Тэгсэн хэрнээ улсыг эдийн засгийн хямралаас гаргахын тулд судлаачдын 15 хувийг цомхотгож, 600 сая төгрөгийн хэмнэлт гаргахаар шийдсэн тухай мэдээлэл байгааг ч тэрээр дуулгасан юм.
Ерөнхий сайд сөхөрсөн эдийн засгаа босгож ирэхийн тулд улс орны нүүр царай, хөгжлийн илэрхийлэл болсон шинжлэх ухааны салбараар оролдож, тэндээс мөнгө хэмнэхээр шийдсэн нь үндсэндээ энэ салбарыг үгүй хийж устгахын эхлэл хэмээн үзэж буйгаа академичид илэрхийлж байв. Тиймээс энэ явуургүй үйлдлээ зогсоохыг Ерөнхий сайдаас шаардаж шаардлага хүргүүлж буй бөгөөд улмаар энэ сарын 30-нд академичид эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар төлөвлөснөө хэвлэлийн хурлын үеэр дуулгав. Хэвлэлийн бага хуралд оролцогчдын байр суурийг хүргэе.
Академич Х.Намсрай: ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ҮНЭХЭЭР БОЛЧИМГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
-Судлаачийн ажил өвөрмөц, сонин зүй тогтолтой. Судлаачийг хөндлөнгөөс санаа сэтгэлийг нь хүнд байдалд оруулбал юу ч хийж чадахгүй. Судлаачийг цонхон талд суулгаж байгаад дараа нь цонхгүй өрөөнд оруулчихад л хийж буй бүтээлд нь асар их зөрүү гардаг. Аливаа улс үндэстэн оюуны бүтээл хийж байгаа хүмүүсээ үймүүлж, дарамт үзүүлэх нь тэр улс үндэстний судалгааны ажил доод цэгтээ хүрнэ гэсэн үг. Төр засаг маань шинжлэх ухааныг үгүй хийх гэсэн санаа агуулаагүй байх гэж найдаж байна. Завсраар нь үймүүлдэг хүмүүс олон. Манай салбарынхан дунд дэлхийн хөгжилтэй орны эрдэмтэдтэй мөр зэрэгцэн яваа залуус олон бий. Ерөнхийлөгч ч шинжлэх ухааныг хөгжүүлэх талд их анхаардаг. Яам ч санаачлагатай байгаа. Ийм байтал шинэ Ерөнхий сайд үнэхээр болчимгүй мэдэгдэл хийлээ. Эрдэмтэд даруу хүмүүс. Түүнийг нь далимдуулж ийм зүйл хийж болохгүй. Тэд улс оронд хэрэгтэй зүйлд хамаг амьдралаа зориулдаг.
Академич Р.Барсболд: ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ ХАМГИЙН АМАРХАН ШИЙДЭЛ ГЭЖ ХАРАГДСАН БАЙХ
-Уламжлал гэж сайхан зүйл бий. Манай бөхчүүд Японы сүмод өндөр амжилт гаргадаг нь бидний уламжлалтай холбоотой. Манай академийг ЗХУ-ынхтай адилхан байгуулагдсан хоцорсон, хуучирсан гэж ярьцгаадаг. Тухайн үед манайхан тэдний загвараар байгуулагдсан байж болно. Гэхдээ одоо бол өөр. ОХУ-ын академи устлаа, тийм болохоор хоцрогдсон Монголын академийг ч татан буулгах ёстой гэсэн үзэлтэй хүмүүс байна. Энэ санаа буруу юм. Шинжлэх ухааны академийг ахмад үеийнхний хүчээр байгуулсан. Гэтэл одоо манай салбар руу довтолж, шинжлэх ухаан руу дайрч байгаа нь Шийдлийн Засгийн газарт хямралыг даван туулах хамгийн амархан шийдэл гэж харагдсан байх. Шийдлийн, захиргааны журмаар асуудлыг шийдэхэд амархан. Үр дагавар нь ямар байхыг тооцоолсон уу. Шинжлэх ухааны салбар бол багахан зардалтай. Үүнд хүний авьяас чадвараас гадна мөнгө хэрэгтэй байдаг. Гэтэл түүнийг нь хэмнэх нэрээр шинжлэх ухаанаа хоол тэжээлгүй болгочихоор хэн хожих вэ.
П.Баяр: 2016 ОНООС ЭХЛЭЭД ХҮРЭЭЛЭНГҮҮД ТӨСӨВГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНА
/Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга/
-Ерөнхий сайдын мэдэгдэлд манай салбарынхан маш их бухимдаж байна. Шинжлэх ухааны академийн харьяанд 20, салбарын 13 хүрээлэн бий. Засгийн газрын тэргүүн 30 гаруй хүрээлэнг тоо томшгүй гэж нэрлэж байгаа нь тун харамсалтай. 1997 онд Засгийн газрын тогтоолоор шинжлэх ухааны хүрээлэнгүүд 60 гаруй байсныг цөөлөөд 33 болгосон. Их, дээд сургуулиудад нэгтгэнэ гэхдээ угаасаа сургуулийн харьяанд байгаа хүрээлэнгүүдийг нэрлээд байна билээ. Тэгэхээр өөрийнх нь юмыг өөрт нь буцааж өгнө гээд байгааг ойлгохгүй байна. Сургуулийн харьяанд байгаа хүрээлэнгүүдийг нэрлэчихээд тулгуур шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгүүдийг их сургуультай нэгтгэх шийдвэр гаргах гэж буйд хамгийн том аюул бий юм. Хүрээлэнгүүд улсын төсвөөс овойж оцойсон их мөнгө авдаггүй. Улсаас зарласан шинжлэх ухааны төсөлд оролцож шалгарвал ажлаа хийнэ. Шалгараагүй бол дараагийн төслийг хүлээнэ.
Тэгээд ч өнөөдөр хүрээлэнгүүдийг их сургуультай нэгтгэх цаг нь болоогүй байна. Барууны өндөр хөгжилтэй орнуудад судалгааны сургуулиудад бакалавр цөөн, магистр, докторууд нь олон байдаг. Манайд судалгааны сургууль нэг ч байхгүй. Бий болгох гээд эхлэлийн шатандаа л явж байна. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ерөнхий сайдын мэдэгдэлд манай салбарыг төсвөөс гаргана гэсэн. 2015 оны улсын төсөв батлагдчихсан болохоор 2016 оноос эхлээд хүрээлэнгүүд төсөвгүй болох юм байна. Ингэвэл Хубилай хааны үеэс эхтэй орчин үеийн шинжлэх ухааны салбар устаж үгүй болно. Дэлхий дээр шинжлэх ухааны байгууллагаа устгаж алга болгосон нэг ч улс орон байхгүй. Судлаачид хэрэгтэй байхад 1000 хүрэхтэй үгүйтэй хүнээс 100 гаруйг нь цомхотгож, эдийн засгийн хямралыг нөхөх юм гэнэ. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамандаа хоёр дэд сайд тавьчихаад байгаа нь хэмнэлт хэрэг үү.
Доктор Т.Баясгалан: ШИНЖЛЭХ УХААНД ДУНД ЗУУНЫ ҮЕИЙНХЭН ШИГ ХАНДАЖ БАЙНА
/Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/
-Би шинжлэх ухааны байгууллагад ажиллаад 15 жил болж байгаа залуу судлаач. Энэ хугацаанд сэтгэл санаа тайван ажилласан удаа ховор. Засгийн газар солигдох бүрт ШУА-ийг татан буулгана, юу ч хийдэггүй хүмүүс цалин аваад сул сууж байна гэдэг. Ийм байдлаар 10 гаруй жилийг үдлээ. Бидэнд өндөр цалин хангамж аваад ямблаад суугаа зүйл огт алга. Боломж бололцоогоороо судалгаа шинжилгээний ажлаа явуулж, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж явна. Гэтэл хүрээлэнгүүдийг татан буулгаж, их сургуультай нэгтгэх талаар ярьж байгаад залуу судлаачид бүгд гомдолтой байна. Бидний хийсэн ажлыг ойлгохыг хүсдэггүй, ойлгосон ч харлуулах бодолтой хүмүүс байгаад үнэхээр харамсч байна. Орчин үеийн, хорин нэгдүгээр зууны Монгол Улсад шинжлэх ухаанд хандах хандлага эгээ л дунд зууны үеийнхэн шиг байгааг гайхаад барахгүй юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин