|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улс сайн хамтрагч гэдгээ ОУВС-ийн өмнө харуулж чадсангүй

 

Монгол Улс сайн хамтрагч гэдгээ ОУВС-ийн өмнө харуулж  чадсангүй

 

2016 оны сонгуулийн дараа элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээхээр  ОУВС-тай хамтран ажиллаж  өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн. Энэ ч үр дүнгээ өгсөн. Дэлхийн олон улс оронтой  хүнд хэцүү цаг үед нь хамтран ажилладаг тус байгууллагынхан "За гэвэл ёогүй”  гэдгээ  өнгөрсөн хугацаанд хангалттай  харуулсан. Хөтөлбөр хэрэгжүүлснээр төлбөрийн тэнцэл, төсөв, банкны секторт тулгамдаад байсан асуудлуудыг нааштай шийдвэрлэж, эдийн засгаа тогтворжуулж чадсан. Гэвч Монголын талаас "үхрийн сүүлэн дээр хутга хугалав” гэдэг шиг бүтэн гурван жил хамтран ажилласан  ОУВС-ийн өмнө  итгэл алдаж, хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлж чадаагүй болж таарав.

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар гаргасан мэдэгдэлдээ "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгахад хүрсан" гээд үүний учир шалтгааныг "ОУВС-гийн мэдээлснээр харьцангуй нүсэр банкны тогтолцоог чиглэсэн макро түвшний зохицуулалт хийхгүй байгаа”-тай холбон тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл өргөтөгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилтгүй дууссан гэдгийг шууд хэлчихэж байгаа хэрэг.

Үүгээр зогсохгүй "Хөрөнгө оруулагчид нь Монголд хөрөнгө оруулахдаа банкуудын балансыг сайтар нягтлах хэрэгтэй. Учир нь зарим тохиолдолд өөрсдийн хөрөнгө-эрсдлийн харьцааг үнэн зөв гэсэн ойлголт төрүүлэхээр бодит байдлаас хэт өсгөж хөөрөгдсөн байх талтай” гэдгийг ч  сануулжээ.

Энэ бүхэн бол олон улсад очиж буй Монголын талаархи сэрэмжлүүлэг анхааруулга. Ийм тохиолдолд хүсэл мөрөөдөл болсон хөрөнгө оруулагчид орж ирэхгүй.   

Монгол банкны мэдээлэлд дурдснаар ОУВС-тай хамтран ажилласнаар  нэгт, Монгол Улс  дефолтын эрсдэлийг тойрч, валютын нөөцөө нэмэхэд олон улсын байгууллагууд болон донор орнууд чухал хувь нэмэр оруулсан. Хоёрт, төсөв дээр тохиргоонуудыг хийж, улсын секторын өрийг бууруулсан. Гуравт, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, реформыг эхлүүлж цогц арга хэмжээг авсан гэжээ.

Энд банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх реформыг эхлүүлсэн тухай дурджээ. Гэвч энэ реформыг Монголын тал хэр үр нөлөөтэй үргэлжлүүлж байгаа нь  тодорхойгүй. АНУ-ын ЭСЯ-ны дээрхи мэдэгдэлд дурдснаар Монгол Улсын банкны тогтолцоо нь үндсэндээ хөрөнгө дутмаг хэвээр байгаа ажээ.  Мөн дурдсан нэг сануулга  нь  арилжааны банкны үйл ажиллагаа, зохицуулалтын хяналт нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад хангалтгүй хэвээр байгаа гэжээ.

Ерөнхийдөө Монгол Улсын банкнуудын дүр төрхийг иймэрхүү янзаар илэрхийлжээ.  Монголыг  Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (FATF)-ын хар саарал жагсаалтад орход хамгийн их "хувь нэмэр” оруулсан байгууллага бол банк. ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр амжилтгүй дуусах шалтгаан нь бас банкны системтэй холбогдон яригдаж байна.  

ОУВС-ийн хөтөлбөрийг амжилтгүй дуусахад хүргэсэн бас нэг хүчин зүйл нь 2020 оны эхээр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал. Тухайн үед ОУВС-ийн  Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб "Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчиж байна” хэмээн мэдэгдэж, "Reuters” агентлагт захиадал илгээж байр сууриа илэрхийлж байсан юм. Ийнхүү Монгол Улс анхны тохиролцооноосоо буцсан нь  ОУВС-ийнхны урмыг хугалсан ч тус сангийн ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулж Монголын  эдийн засагт цар тахлын үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байдаг.

Уулзалтын дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Сайн мэдээ…Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давах зорилгоор $100 саяын санхүүжилт авах болон бусад орнуудтай хамтран ажиллах талаар ОУВС-тай яриа хэлэлцээрийг амжилттай хийж дуусгалаа. ОУВС-гийн захирлуудын зөвлөл VI сарын эхээр эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг ОУВС мэдэгдлээ” хэмээн нүүр номондоо бичиж байв. Тэр санхүүжилт зургадугаар сарын эхээр орж ирснээр  хөтөлбөр дууссан байна.

Байдал нэг иймэрхүү. Ямартай ч тодорхой байгаа нэг зүйл бол ОУВС-тай байгуулсан өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилтгүй дууссан гэх үнэлгээ. Бидэнд тус байгууллагатай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага цаашид ч гарна. Магадгүй энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд ч яригдаж мэднэ. Харин тэр үед ОУВС-тай эргээд уулзах улаан нүүр ямархан байх бол.

П.Булган


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.