| |
Нямхүү: Хоёр хүн эдгэрч, Сөүл-УБ онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрлээ
ЭМЯ ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 16-нд дөрвөн лабораторид нийт 438 шинжилгээ хийхэд, 437 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 18 настай, эрэгтэй хүний шинжилгээнд коронавирус илэрлээ" гэв.
Хоёр хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс сувиллын тусгаарлалтад шилжлээ.
Монголд 262 хүн батлагдсанаас 211 хүнийг эмчиллээ. 51 хүн эмчилгээнд байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн хэмжээнд 13,885,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 591,000 хүн эндсэн байна. Одоогоор 8.2 сая хүн эдгэрээд байгаа бол 5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
24 цагийн хугацаанд 226,000 хүн шинээр халдвар авч 5,000 гаруй хүн эндсэн бөгөөд өвчлөл өмнөх өдрөөс 17,000-аар нэмэгдлээ.
АНУ-д 67,000 хүн шинээр халдвар авсан нь цар тахал гарснаас хойш нэг хоногт хамгийн олон тохиолдол боллоо. Үүнтэй холбоотойгоор зарим мужид эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зочид буудлуудыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 6,428 хүн шинээр халдвар авч, 167 хүн эндсэн бөгөөд манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл буурах хандлагатай боллоо.
Манай улсын хувьд 32 хүн шинээр ажиглалтад орж, 130 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогийн байдлаар нийт 2,994 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 52 хүнээс дөрвийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа.
Манай иргэд амны хаалт зүүх нь багасаж байгаа энэ үед дэлхийн улс орнууд анхаарлаа улам ихэсгэж, дэлгүүр, эмийн сангууд амны хаалтгүй хүнд үйлчлэхээ больж эхэлсэн байна" гэдгийг хэллээ.