| |
САЙХАН МЭДЭЭ: Дахин 3 өвчтөн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 188 боллоо
ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 11.5 сая хүн өвчилж, 536 мянган хүн нас баржээ. 6.5 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарч, 4.4 сая хүн эмчлүүлж байна. 24 цагийн дотор 165 мянган хүн халдвар авч, 3000 гаруй хүн нас баржээ.
24 цагийн хугацаанд АНУ 52, Бразилд 26, Энэтхэгт 23 мянган хүн шинээр халдвар авчээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 6736 хүн шинээр халдвар авч, 134 хүн нас баржээ. Манай олон аймагтай хил залгадаг Буриад, Тува, Читид 29-124 хүн өвчилжээ. Манай орны хувьд ажиглалтад 135 хүн шинээр орж, 89 хүн гэрийн тусгаарлалтад байна. Одоо ажиглалтад 2763 хүн байна. Энэ дунд 1-5 насны 169 хүүхэд байгаа. Жирэмсэн эмэгтэй 55 байгаа.
Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 89 хүн эмчлүүлж байна. Тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа. Гэрийн ажиглалтад 563 хүн одоогоор байна. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын эмнэлгийн 13 эмч, ажилтан ажиллаж, 7000 гаруй хүнд тандалт, судалгаа хийсэн. Коронавирус илрээгүй. Ховд аймагт тарваган тахлаар эмчлэгдэж байгаа хоёр хүний биеийн байдал сайжирч байгаа. Тиймээс Ховд аймагт хөл хориог цуцалсан" хэмээв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 5-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 334 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5, тандалтын зорилгоор 7 хүний сорьцод шинжилгээ хийсэн, вирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 26, Токиогоос ирсэн 262 хүний сорьцод шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй.
Өнөөдөр сайн мэдээтэй. 3 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. 22, 32 настай эрэгтэй, 51 настай эмэгтэй хүн эдгэрсэн. Ингээд Монголд батлагдсан 220 тохиолдол байна. Үүнээс 188 хүний эмчилж, эдгэрүүллээ. Одоо 32 хүн эмчлүүлж байна. Үүнээс 30 хүний хөнгөн, 2 хүн хүндэвтэр байгаа. Ажиглах байранд тусгаарлагдсан байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д амаржуулсан, охинтой болсон. Өчигдөр Алтанбулагийн боомтоор 134 хүн орж ирсэн. Дархан-Уул аймгийн тусгаарлах байранд байрлуулсан" хэмээлээ.