|
Видео

Шинэ мэдээ

Аймгийн арслан Б.Бат-орших: “Харах юмтай хариад ярих юмтай” наадам сайхан

Аймгийн арслан Б.Бат-орших: “Харах юмтай хариад ярих юмтай” наадам сайхан

 


Баянхонгор аймгийн Богд сумын харъяат, жүдо самбо бөхийн ОУХМ "Хонгор нутаг” дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Оршихтай ярилцлаа.

 
-Танай дэвжээний бөхчүүд саяхан нутгаараа "сайн үйлсийн аян” хийчихээд ирсэн. Энэхүү аяныг яагаад санаачлах болов. Энэ талаар ярилцлагаа эхлэе.
 
-Энэ аяныг санаачлах болсон шалтгаан маань  С.Мөнхбат аварга улсын онцгой комисст 20 сая төгрөг хандивласнаас санаа авсан. Нийгмийн хариуцлагын хувьд аварга хүн эхлүүлээд араас нь бид зөвөөр үргэлжлүүлэх ёстой юм байна гэж ойлгосон. Би аваргыг хувьдаа маш их хүндэлдэг. Элдэв жижиг асуудалд орооцолдоггүй, монгол бөхийн нэр хүндийг хэрхэн цааш нь авч явах вэ гэх тал дээр маш зөв бодолтой явдаг үлгэртэй хүн. Яг үнэндээ манай нийгэм аливаа зүйлийн сайн талыг харахаас илүүтэй харлуулах, өмнөх үеийн бөхчүүдийн алдааг бидэн дээр үүрүүлэх гээд байдаг л даа. Бөх болгон ижилхэн биш шүү дээ. Тиймээс бид энэ хандивын аяныг үргэлжлүүлэхээр шийдсэн. Ингэхдээ хүүхдийн судас тодосгогч, мөн энэ ариутгалын үед автомакс мөн их хэрэгцээтэй байсан. Бид аймгийнхаа 20 суманд, аймгийн төвийн  10 багийн дөрвөн өрхийн эмнэлэгт тийм багаж хандивласан.  Ингэхдээ хоёр хэсэг   болж  сумдуудаараа яваад буцахдаа  Баацагаан суманд орших "Монгол бөхийн шүтээн” нэртэй овоон дээрээ уулзацгаасан. Энэ овооны домгийг Галдан бошигт хаан дайн хийж ялаад буцаж явахдаа 500,600 цэргүүдээ энд барилдуулж байсан гэдэг юм билээ.
 
 -Таныг Ламын гэгээний долоон ногоон зодогтны нэг даншигийн заан хүний удам гэж сонссон.  Энэ талаар илүү дэлгэрэнгүй яривал?
 
-Тиймээ, даншигийн заан аавын минь талд  Вандангийн Шар гэж хүн байсан тухай нутгийн настай хүмүүс дурсдаг.   Би тэр хүний дөрөв дэх удмын хүн. Энэ хүний тухай 100 гаруй настай нутгийн хүн аавд минь хэлж нутаглуулсан газрыг нь зааж өгсөн гэдэг. Үүнээс гадна улсын начин Ч.Баасанхүү гуай дурсахдаа миний багад даншигийн цолтой Шар хэмээх хүн байсан хэмээн ярьсан бий. Аав ээж аль алиныхаа талаас би бөхийн удамтай.Манай сум хуучнаар Сайн хан аймгийн Эрдэнэ бандида хутагтын буюу Ламын гэгээний хошуу. Хангай говь хослосон сайхан нутаг. Манай сумаас улсын арслан П.Аюуш төрөн гарсан. Арсланг анх дагуулж явж барилдуулж байсан хүн нь манай ээжийн хамаатан аймгийн заан  Хүүсээлээ гэж бөх хүн байсан тухай нэг номонд нь бий. Ээжийн талаас аймгийн цолтой ах дүү болон сумын цолтой хүмүүс ч олон байдаг. Аав  минь улсын сайн малчин. аймгийн алдарт уяач хүн бий.  Аавын талынхан том биерхүү хүмүүс байдаг.
 
-Хүүхэд байхдаа барилдахаас гадна ямар хичээлд дуртай хүүхэд байв?
 
-Бүх л хичээлдээ сайн байсан. Даам шатрын тэмцээнд амжилттай оролцож түрүүлчихдэг, монгол хэл, геометрийн хичээлүүдэд дуртай байсан. Монгол хэлний хичээлийн үг өгүүлбэр зүйн  эхийн задлалыг их хийнэ.  Одоо ч би уран зохиолын ном уншдаг. Барилдаж эхлээгүй байхдаа уул уурхайн инженер болно гэж боддог байлаа. Бидний үед бөхийн секц дугуйлан ховор байв. Тэгтэл авга ах Ганболд маань намайг анх барилдахыг зөвлөж Б.Бат-Эрдэнэ аваргатай уулзуулсан Д.Цэрэнпунцаг гарьд хүүхэд  сонгон авч байгаа тухай сонсоод  түүнд хандсан. Анх жүдо бөхийн талаар ямар ч ойлголтгүй хүүхэд байлаа. Харин нэг жил хичээллэсний дараа амжилт үзүүлж хөдөөний хүүхэд хотынхоос илүү бяртай байдгаас юм уу дараа жилээс нь медаль хүртсэн.
Анх "Залуучуудын улсын аварга”-д түрүүлж дараа нь "Өсвөрийн улсын аварга”-аар мөн "МЖ” гээд том тэмцээнээс хоёулангаас нь мөнгөн медаль хүртээд их баярлаж байлаа. Үүнээс хойш жүдо бөхөөр дагнаж 2011 оноос үндэсний бөхөөр барилдах болсон.
-Үүнийхээ дараа жил нь аймгийн арслан цолыг хүртсэн билүү?
 
-2005 онд Говьсүмбэр аймагт болсон үндэсний бөхийн "Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д мөнгөн медаль хүртэж байлаа.Түүний дараа  зун нь аймгийнхаа наадамд очоод начин болсон. Үүнээс хойш гурван наадамд дөрвийн даваанд унасан бол 2010 онд аймгийн харцага 2012 онд аймгийн арслан болсон. Аймаг цэргийн цолтнуудын барилдаанд ноднин анх түрүүлсэн. Өнгөрсөн зун нутгийнхаа даншигт үзүүрлэсэн. Улсын наадамд  2013 оноос хойш зодоглоод яг долоон жил болж байна.
 
- Аймгийн цолтой бөх улсын цолтой бөхчүүдийг давж түрүүлэх, аль эсвэл их шөвөгт үлдэх зэрэгт тухайн бөхийг цаашдаа барилдахдаа " сэтгэл сууна” гэж ярьдаг юм билээ.  Энэ хэр үнэн юм бэ?
 
-Залуу бөхчүүд улсын цолтой бөхчүүдийг надаас илүү учир би давахгүй гэх юм уу, аль эсвэл их хүндэлж хайрладаг учраас ч юм уу, нэг үгээр хэлбэл  тархиндаа буруу "сигнал” суулгачихдаг. Түүндээ баригдаад өөрийнхөө барилдааныг гаргаж чаддаггүй асуудал байдаг. Ахмад бөхчүүд ч энэ талаар зөвлөхийг сонсож байлаа. Өөрийгөө үргэлж бусдаас илүү гэж итгүүлж бай гэж. Надад ч анх Бөхийн өргөөнд том цолтой бөхчүүдтэй барилдаж байхад эмээх асуудал гарч байлаа. Харин барилдаад улсын цолтой бөхчүүдийг даваад ирэхээр сэтгэл зүй ч өөр болоод ирдэг л дээ. 
 
-Таны барилдааныг харж байхад шуурхай, их дайчин юм санагддаг. Нэг үгээр хэлбэл зоригтой хурц барилдаануудыг та хийдэг. Энэ тухай ярьвал...?
 
- Би анх барилдаж эхлэхдээ үндэсний бөхөөр биш, их спортоор эхэлсэн учраас ч тэр юм уу, дандаа цагтай барилдаан хийгээд сурчихсан болохоор цаад бөхөөсөө түрүүлж мэх хийгээд унах тохиолдол гараад байдаг.  Тухайлбал, цаад бөх маань шуудагнаас бариад мөргөчихсөн байлаа гэхэд би урдаас нь яарч хөмрөө тохоо зэргийг хийгээд л уначихдаг ч юм уу, хэт яараад алдаа гаргадаг үе бишгүй бий. Ер нь хөдөлгөөн хийхгүй удаж чаддаггүй. Дараа нь бодохдоо золгооноос  үзэх байж, жаахан барьж байхгүй дээ гэх зэргээр тунгаадаг . Энэ талаар аймгийн арслан П.Өсөхбаатар  найз "Чихэнд шүгэл сонсогдох шиг санагдаад яараад мэх хийчихдэг” гэж хэлж байсан. 
 
 
-Таны хувьд сэтгэл дундуур үлдсэн барилдаан байдаг уу?
 
-Байлгүй яахав.Тэнд бид бүгд л ижилхэн зорилготой барилдаж байгаа хэдий ч  бидний ар талд ар гэрийнхэн, хань ижил бүгд л давахад минь давж, унахад минь хамт унаж байгаа шүү дээ. Амжилтын төлөө л барилдаж байгаа .Хоёр бөх чин шударгаар барилдаад давж байгаа бол өөр хэрэг. Харин бусдын буруу дүгнэлтээс болж унасанд тооцогдох харамсалтай л байдаг.  Ялангуяа хөлийн цэцүүдийн хувьд алдаатай шийдвэрүүд их гаргадаг. Миний хувьд ийм барилдаан гэх юм бол анх улсын наадамд барилддаг жил буюу 2013 оны наадам.  Би хувьдаа сэтгэл зүйн хувьд ч би сайн байсан. Нэг үгээр хэлбэл огт нервтэхгүй барилдсан. Тэгтэл Гурвын даваанд улсын начин Д.Батбаяр начин намайг амласан байв. Эхлээд миний талаар барьц сонгоод би араар нь мордоод давчихав. Тэгтэл засуул нь чиний "тохой хүрсэн” гэж ахиад барилд гэсэн. Яг үнэндээ ямар ч хоёр бөх ойрхон унасан ч хэн нь давснаа мэдэж л байдаг. Энэ барилдааны хувьд маргах асуудал огт байгаагүй. Тэгсэн ч ахиж барилдуулаад хоёр удаа барьц сонгуулж байгаад би давсан. Энэ хооронд маш их цуцсан. Дараагийн даваанд Х.Мөнхбаатар арслан намайг амлалаа. Арслантай 10-15 минут болоод л өөрийх нь дархан мэх "багалдаг барьцанд” нь орж тумбарайдуулаад унасан. "Гарьд магнай” кино дээр " харах юмтай, хариад ярих юмтай наадам боллоо” гэж хэлдэг шүү дээ. Давсан ч унасан ч тэр түүх шүү дээ.
 
-Одоо танаас дурсамжтай барилдааныг тань сонирхож байна.
 
-Анхны юм болгон дурсамж үлдээдэг шүү дээ.  Сумынхаа наадамд морио уяад өөрөөсөө хоёр дүү хүүхдээр унуулж уралдаад морь минь түрүүлж, өөрөө барилдаж гурав давчихаад ирж байлаа. Харин дараагийн наадам бол өсвөрийн барилдаанд байр эзэлдэг жил хүүхдийн барилдаанд барилдах гээд очтол эрүүл мэндийн дэвтэргүй гээд хасаж орхив.Хасагдчихаад сууж байгаад насанд хүрэгчдийн барилдааны аманд гарчихлаа. Тэр жил одоогийн улсын начин  Баянжаргал ах тухайн үед аймгийн начин цолтой  тун сайн байгаа тухай наадамчид ярьж байлаа. Тэгтэл би нэгийн даваанд түүний аманд очив. Барилдах гээд  өртөл Баянаа ах намайг  сэнжигдээд л хүчтэй  сэгсрээд л хонгодох гээд хөөхөөр нь толгойг нь уургалаад л давхар ачаад давчихав. Хоёрын даваанд бас нэг аймгийн цолтой настайвтар бөхийг даваад гурвын даваанд хүрсэн. Үүний дараах дурсамжтай наадам бол  аймгийн арслан болдог  жилийн минь наадам. Тэр жил нутагтаа бэлтгэлээ хийчихсэн огт нервтэхгүй барилдсан. Тавын даваанд би гурван хүнээс ам авсан. Сумын заан Мөнхбаяр гээд залууг амлалаа. Нөгөө залуу маань нэлээн бяртай. Би түүнд өмнө нь хоёр ч уначихсан байлаа. Барилдах гээд өртөл надад амлуулсандаа цаад залуу маань шатаад нүдэнд нь нулимс цийлэгнээд л намайг хөөв. Эхний удаа хөөхөөр нь зугтааж гарчихаад, яаж тайвшруулах вэ гэж бодож байгаад л анхаарлын татахаар нэг үг хэлэв. Тэгтэл миний үгэнд хууртаад сулраад ирэв. Тэгэхээр нь суугаад хутгачихсан.  "Ам мэх” гэж тэр. Ард нөгөө бөх маань уйлаад үлдсэн. Эдгээр барилдаанууд минь сэтгэлээс гардаггүй сайхан дурсамжтай санагддаг даа.
 
-Таны бодлоор залуу бөхчүүд юун дээр илүү анхаарах ёстой санагддаг вэ?
- Миний  бодлоор бүгд л сайн, бэлтгэл сургуулилт жигд адилхан байна. Харин ганц зүйлийг хэлмээр санагддаг. Залуу бөхчүүд ямар ч цолонд хүрсэн бай чамайг энэ спортод хөл тавихад тухайн хүн түрүүлээд тамирчин болчихсон байсан л бол чи түүнийг үргэлж хүндэтгэх хэрэгтэй. Жүдогоор хичээллэсэн хүүхдүүд үүнийг маш сайн ойлгосон байдаг. Ямар ч өндөр цолонд хүрсэн бай өөрөөсөө ахмад хүнийг үргэлж хүндэтгэдэг.
Манай нутгийн ах аймгийн арслан Л.Жанцандорж надад нэг дурсамж ярьсан. Манай нутагт сайн бөх хэрнээ ааш зан тааруутай залуу байж. Түүнийг аймгийн наадамд  ирэхэд нь Жанцаа ах гурван наадамд дараалан амлаж аваад сумын цолтой нь үлдээсэн байна. Үүний учрыг асуувал ах надад "Тиймэрхүү авир муутай хүмүүсийг дарж байх хэрэгтэй. Тэднээс болж бөхийн нэр хүнд сэвтдэг” юм гэж  хэлж байлаа.
 
 
А.Доржханд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.